Улиангар, улингар аль ч биш ээ!

Twitter Print
2019 оны 06-р сар 15-нд 12:26 цагт
Мэдээний зураг,

Улиангар, улингар аль ч биш ээ, УНГАРИЛ. "Улиангар" гэвэл голын шугуй, чийглэг газраар ургадаг, цайвгар саарал дурстай улиасны төрлийн өөр нэг мод болчихно.

Улиаснаас улиангар хийсэх гэж тийм зүйл огт байхгүй. Хамар ам эрвэгнүүлээд байдаг зөөлхөн хөвөнлөг зүйлийг нь "УНГАРИЛ" гэдэг. Уул нь улиасны үр далавчлан тарж буй үзэгдэл гэж мэргэжилтнүүд хэлж байна. 

"УНГАРИЛ" гэдэг нь язгуур монгол үг. Хонины ноосыг "унгас" (ungγasu) гэдэгтэй нэг гаралтай, "унгарил" (ungγaril) гэдэг нь ноосноос ч зөөлхөн, биед хүрэх нь үл мэдэгдэм зүйлийг хэлдэг. Сударт Бурханы үе гишүүг унгарил мэт зөөлөн гэж зүйрлэдэг.

УЛИНГАР гэж юу вэ?

“Унгарил” гэдэг үгийг зарим нөхөд маань андуурч бичсэнээс үүдээд, “УЛИНГАР” гэдэг үгийн утгыг ярих нь зүйтэй боллоо. Монгол хэлний нэрээс нэр үүсгэдэг “-нгар, нгор, нгэр, нгөр” дагавраар олон шинэ үг үүсгэдэг гэдгийг тодруулъя. Жишээ нь, 1. зусар, бялдууч 2. хашир догь гэсэн утгатай “доль, доли” гэдэг үгэнд “-нгор” дагавар залгаад “долингор” буюу “хал дол үзсэн, хашир, догь болсон” гэсэн утга бүхий үг үүснэ.

Мөн “гял, гялан” гэдэг тэмдэг үгэнд “-нгар” дагавар залгаад “гялалзсан, гялтганасан” гэсэн утгатай “гялангар” гэдэг үг үүсдэг. Монгол бөөгийн онгод нүдний шилтэй хүнийг “гялангар нүдтэй хүн” гэж нэрлэж байсан нь сонирхолтой.

Яг ийм бүтцээр нь чоно, нохойн улимтгай төрхийг заасан “улин” гэдэг үгэн дээр “-нгар” дагавар залгаад “УЛИНГАР” буюу чоно нохойг дооршаасан болон эерүүлэн цээрлэсэн [“улимар” гэсэн шиг] утгатай үг үүсдэг. Энэ бүтцээр “гөл-нгөр-гөлөнгөр” гэвэл хэр баргийн сайн муу юмыг хүлээн авах мэдрэмж алдарсан сэтгэлийн гутагийг хэлж болно.

Бас “УЛИНГАР” гэдэг үг нь өвс ногоо сахлаг ургадаг боргио зөөлөн хөрстэй газрыг хэлдэг хоёрдогч утгатай байна. Монгол хэл маань яндашгүй баян билээ.

Доктор С.Дулам

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.