Хөгжлийн банкинд хамгийн их өртэй компаниудыг зарлалаа...

Twitter Print
2019 оны 05-р сар 22-нд 16:38 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Төрийн ордны Г, В танхимууд ээлж дараалсан ширүүхэн мэдэгдлүүдэд даруулж байх чинь вэ. Өмнөхөн нь “Г” танхимд сөрөг хүчин АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын эсрэг хийх тэмцлийнхээ талаар ширүүн мэдээлэл хийсэн бол сая “В” танхимд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ аж ахуйн нэгж компаниудаас Хөгжлийн банкинд хамгийн их өр зээлтэй байгааг нь зарлаж бас нэгэн дуулиан дэгдээсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ сайд “Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банканд шалгалт хийх шийдвэр гаргасан. Тэгвэл Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийгдэж тайлан бэлэн болсон. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн банкны удирдлагуудаас нь тайлбар авсан. Шалгалтын дүн нэлээн их хэмжээтэй байгаа учир хэвлэлийнхэнд ойлгомжтой байдлаар 30 болгон эмхэтгэсэн байгаа” гэснээр мэдээллээ эхлүүлсэн. Түүний мэдэгдсэнээр бол Чингис, Самурай, Евро бондын эх үүсвэр нь  нийтдээ 4.38 их наяд төгрөг байснаас 60 хувь нь улсын төсөвт орсон гэнэ. Хамгийн гол нь Хөгжлийн банкны чиг үүрэг бол дэд бүтцийн том төслүүдийг л санхүүжүүлэх  концепцтэй аж. Гэтэл Хөгжлийн банкны удирдлагууд дур мэдэн зарим жижиг төсөлд зээл өгчихсөн гэнэ.

Мөн тус банкны Гүйцэтгэх захирал нь их хэмжээний эрх мэдэл өөртөө төвлөрүүлж, багагүй алдаа гаргасан нь тогтоогджээ. Эдгээрээс нь дурдвал Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр үнэлээд авчихаж. Тийм ч учраас түүнийг нь хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзжээ. Мөн түүнчлэн Монгол Улсад тодорхой эдийн засгийн ач холбогдолгүй, буцаж төлөгдөх эсэх нь тодорхойгүй төслүүд рүү бондын хөрөнгийг оруулсан  явдлыг нь ч шалгах болж байгаа юм байна.

Л.Оюун-Эрдэнэ сайдын мэдэгдсэнээр бол Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүлж, хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа юм байна.

Цаашид 20 тэрбумаас доош зээлийг Хөгжлийн банк гаргахгүй байх ёстой гэж үзэж байгаагаа ч дурдлаа. Хамгийн гол нь тус банкны одоогийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой гэж үзжээ. Гүйцэтгэх удирдлага нь өөрөө өргөдлөө өгч, өөрчлөгдсөн  гэлээ. Тэгээд ч банкны удирдах боловсон хүчний чадавх муу байна гэж үзсэн учир Г.Амартүвшин захиралд шилжилтийн үед ажиллаж өгөөч гэж хүсэлт тавьсан гэнэ. Харин Хөгжлийн банкны шилжилтийн үеийг нь Засгийн газар ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл гэж тооцож байгаа юм байна. Тэгээд ч хойшдоо гадны менежментээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Л.Оюун-Эрдэнэ сайд мэдэгдлээ. 

Хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнэ сайд Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй компаниудын толгойд "Хөтөл" ХХК 161.5 тэрбум төгрөг, "Мон лаа" ХХК 5.6 тэрбум төгрөг, "Төрийн Орон Сууцны Корпораци" ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг, "МАХ Цемент" ХХК 166.5 тэрбум төгрөг, "Кью Эс Си" ХХК 187.6 тэрбум төгрөг, "Бэрэн" групп 102.4 тэрбум төгрөг, "Эрэл" ХХК 99.5 тэрбум төгрөгийн зээлээр тус, тус жагсаж байгааг дурдсан нь дээрх компаниудтай Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар хойшид нэлээн чангахан тэмцэхийг битүүхэн сануулсан хэрэг болов уу.

Тэгээд ч тухайн компаниуд нь Хөгжлийн банкыг дампууруулах шахсан дээрх их хэмжээний зээлийн үлдэгдлээ даруйхан нэг тийш нь болгохгүй бол саяхан дампуурсан “Капитал” банкны “Үлгэр давтагдах” аюултай болж байгааг л сануулсан хэрэг гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд онцлох шиг боллоо доо...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.