Сөрөг хүчин АН-ын тэмцэл ширүүсэх нь ээ...

Twitter Print
2019 оны 05-р сар 22-нд 15:19 цагт
Мэдээний зураг,

Дөнгөж саяхан төрийн ордны хоёр давхарын “Г” танхимд Монгол Улсын энэ цагийн улстөр, эдийн засгийн сөрөг хүчин АН-ын дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар Монгол улсад өнөөдрийн байдлаар үүсээд байгаа улстөр, эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан сөрөг хүчнийхээ байр суурийг нэлээн ширүүхэн илэрхийллээ.

Тэдний зүгээс хийсэн энэхүү ширүүхэн эсэргүүцлийн мэдэгдэл нь МАН-ын эрх мэдлийг гартаа атгасан 2016 оноос өнөөдийг хүртэлх Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал болон ард иргэдийнхээ амьдралд дүн шинжилгээ хийсэн тоо баримтаар эхэлсэн юм. Тэдний энд дурдсан Монголын эдийн засгийн өнөөдрийг илэрхийлэх хэдэн тоо баримтуудын дотор “Үнэхээр хангалтгүй байна шүү” хэмээн санаа алдахуйц ноцтой тоонууд  дурдагдаж байсныг хэлэх ёстой. Тэгээд ч тэдний зүгээс Монголын өнөөдрийн нийгэм эдийн засаг, ард иргэдийн амьдралд тулгамдаж байгаа олон ноцтой асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар даруйхан огцрохыг шаардаж, энэ тэмцэлд ард иргэдийг уриалан ирэх нэг сарын хугацаанд жагсаал цуглаан зохион байгуулахаа  УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ. Мөн хүний эрх болон нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаар мэдэгдэл гаргасныг танилцуулсан юм.

Мэдэгдэл хийхээсээ өмнө УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Өнөөдрийн эрх баригч МАН-ынхан сөрөг хүчин буюу бидний тавьсан аливаа шаардлага, асуулгуудад туйлын хойрго, хайнга хандаж, үл тоомсорлосоор өнөөдрийн хүрсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ажилдаа туйлын хойрго, ямар ч тооцоо баримжаагүй ажилласан болж байгаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах шаардлага тавиад багагүй хугацаа өнгөрсөн ч эрх баригчид огт хэлэлцэхгүй байна. Ер нь бол Монголбанкны хариуцдаг банк, санхүүгийн үзүүлэлт туйлын хангалтгүй байгаа.. Өнгөрөн гурван жилд үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш 30 хувиар суларч, инфляци хоёр оронтой тоонд хүрсэн. Монголбанкны ханш тогтоохоор авсан арга хэмжээ байгаа огтхон ч онолгүй өнөөдөртэй золгосон. 2018 онд 1.4 тэрбум, 2019 онд 600 сая ам.долларын интервенц хийсэн ч ханшийн хэлбэлзэлийг бууруулж чадаагүй. Хоёр тэрбум ам.доллар гэдэг нь  2016-2018 онд олборлосон алтны орлоготой тэнцэх валют. Өөрөөр хэлбэл гурван жилийн алтны орлогыг салхинд хийсгэсэн хэрэг юм. Ийм бодлогогүй, завхарсан алхмаа өмөөрөх шалтгаан байхгүй. Тийм ч учраас ийм хариуцлагага, сахилгагүй Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан гэдэг этгээд даруйхан огцрох шаардлагатай” гэсэн юм.

Тэрээр цааш нь “Мах, өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөр биш цагаар өсч байна. Үнийн өсөлтийг хязгаарлах төрийн бодлого огтхон ч байхгүй байна. Тиймээс УИХ, Засгийн газартай хариуцлага тооцох шаардлагатай. Үүнээс гадна иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдал алдагдаж байна. Сүрьеэ, БЗХӨ сонсохоос ч дотор арзайлгам хэмжээгээр тархаж байна. Энэ бол нийгэмд том аюулын харанга дэлдсэн асуудал. Гэтэл эрх мэдэлтнүүд бие биен рүүгээ бурууг чихэж, өөрөө зайлуулж байна. Энэ асуудлаар АН-аас холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж, Эрүүл мэндийн сайдаас эхлээд огцруулах асуудлыг тавих болно. Өнөөдөр Монголын ард түмэн өдрөөс өдөрт ядуурч, амьдралын ямар ч баталгаагүй болж байгаа тул манай нам энэ сарын 30-нд бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, энэ тэмцлээ бүтэн сарын хугацаанд үргэлжлүүлэх болно.

Тэгээд ч өнөөдөр ядарч туйлдсан Монголын ард түмнийг өмөөрөх, хамгаалах улстөрийн хүчин АН-аас өөр байхгүй. Ийм ч учраас АН үүргээ биелүүлж, улстөрийн тэмцлийн ширүүхэн үйл ажиллагаанд удахгүй шилжих болно” гэв.

С.Эрдэннийн тоочсоноор бол Төв банкны шинээр гаргасан үнэт цаас нь өнөөдөр гүйлгээнд байгаа нийт мөнгөний дөрөвний нэг буюу 7 их наяд төгрөгт хүрсэн гэнэ. Ингээд тэдгээр Үнэт цааснууддаа 11 хувийн хүү буюу 500 гаруй тэрбум төгрөгийг Арилцааны банкуудад  жилийнх нь дүнгээр төлж байгаа гэнэ.

Монголын банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2016 оны гуравдугаар сарын эцсээр 968 тэрбум төгрөг байсан бол 2019 оны өнгөрсөн гуравдугаар сарын дүнгээр 9 их наяд төгрөг болж, 1.0 их наяд төгрөгөөр өссөн гэв. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж байгааг ч дурдсан. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн статистикийг нэгтгээд харвал нийт зээлийн 20 орчим хувьнь  муу зээл болсон гэнэ. Энэ хоёр үзүүлэлтийн аль нэг нь 10 хувиас дээш гарвал санхүүгийн систем хямарч байна гэж дэлхий нийтэд тооцдог гэнэ. Учир нь банкны зээлдэгч бүрийн нуруун дээр ирэх ачаалал 20 хувиар нэмэгдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны урагшгүй бодлогын “горыг” жирийн зээлдэгч нар үүрч, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна гэсэн.  

Үүнийхээ дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Тухайлбал “УИХ дахь АН-ын Бүлгийн дарга асан Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан  нь үнэн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “За тэр тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд хэдийнэ тархаад байгаа. Ер нь бол Д.Эрдэнэбат гишүүнийг өчигдөр АТГ-аас дуудаж уулзсан байна лээ. Одоогоор хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан процесс хараахан эхлээгүй байгаа” хэмээн хариулсан юм.  

АН-ын дарга С.Эрдэнийн энэхүү мэдэгдэлийн хамгийн ноцтой, ширүүхэн нь “Өнөөдөр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэлээн хэдэн сайд нь авлига, УИХ-ын 50 гишүүн нь жижиг дунд болон концессын гэрээнд холбогдсон байгаа. Тэгээд ч өнөөдрийн УИХ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь битгий хэл, үйл ажиллагаа явуулах ёс зүй, эрх зүйн чадамжгүй болсон талаарх АН-ын байр суурь хэвээрээ байгаа. Өнөөгийн Засгийн газарт олон түмэн итгэл өгсөн, маш их ч дэмжсэн. Харамсалтай нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар авлигачдыг, нийгмийн шударга бусын үрийг тарьж байгаа хүмүүсийг ивээлдээ авдаг, хамгаалдаг босчихсон. Жинхэнэ утгаараа шударга бус үйлийн эсрэг явдаг авлигачдын Засгийн газар болж. Иймээс ч сөрөг хүчин АН-ын зүгээс  У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох ёстой гэж улстөрийн ширүүн тэмцлээ удахгүй эхлүүлж, ард иргэдээ уриалан дуудах болно” гэсэн үгс нь байсан юм. Ямартай ч Монголын улстөр, эдийн засгийг ээлжлэн гартаа атгацгаадаг улстөрийн гол хоёр хүчний нэг, өнөөдрийн сөрөг хүчин болох АН-ынхан тун удахгүй буюу энэ сарын 30-наас бүх нийтийг уриалан дуудаж, энэ жилийнхээ тэмцлийг эхлүүлэх нь тодорхой болов. Харин тэрхүү ширүүхэн тэмцэл нь хэзээ дуусч, ямар үр дүн үзүүлэх нь одоогоор тодорхойгүй үлдлээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.