Эверестийн оргилд 24 дэх удаагаа гарч рекорд тогтоожээ

Twitter Print
2019 оны 05-р сар 22-нд 14:47 цагт
Мэдээний зураг,

Балбын шерпа буюу хөтөч Ками Рита долоо хоногийн дотор хоёр ч удаа Эверестийн оргилд гарч, Хималайн нурууны ноён оргилд нийт 24 удаа гарсанаар дэлхийн рекорд тогтоожээ.

The Himalayan Times сонинд бичсэнээр Ками Рита Балбын талаас Эверестийн оргил руу энэ сарын 15 болон 21-нд тус тус гарсан байна.

49 настай Ками Рита уулын хөтөчийн ажлаасаа хөндийрөх бодолгүй байгаа ба Эверестийн оргилд дахин гарах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. Тэрээр Эверестийн оргилд 23 дахь удаагаа гарахынхаа өмнө БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа, “Миний бие эрүүл саруул байна. Би 60 хүртлээ ч гарч чадна. Хүчилтөрөгч байхад ямар ч асуудалгүй.” гэжээ.

Ками Рита Эверестэд анх 1994 онд гарч байсан ба түүнээс хойш Хималайн ноён оргил руу аялал зохион байгуулдаг олон улсын компаниудад уулын хөтөчөөр ажиллаж ирсэн байна. Гадаадын уулчдын дийлэнх нь Эверест рүү туршлагатай уулын хөтөч шерпа нарын тусламжтайгаар авирдаг бөгөөд шерпа нар уулын замыг бэлдэж, уулчдын олсыг татаж, хүнс болон хүчилтөрөгч зэргийг зөөдөг үүрэгтэй аж. Ками Ритагийн хэлж байгаагаар шерпа нар Эверестийн оргил хүртэл олс татаж, уулчдын оргилд гарах бүх боломжийг бүрдүүлдэг гэнэ.

Mount Everest

Эверестийн оргил 8,848 м буюу 29,029 фийт өндөрт оршдог

Тэрээр, “Гадаадынхан ярилцлага өгөхдөө Эверест рүү гарахад амархан байлаа эсвэл маш их зүрх зориг шаардагдлаа гэдэг. Гэтэл тэд шерпа нар үүнд нь ямар их хувь нэмэр оруулсаныг дурддаггүй. Уул болгонд өөрийн гэсэн савдаг байдаг. Бидний үүрэг бол савдгийг аз жаргалтай байлгах. Эверестэд гарах өдрөөсөө хэдэн сарын өмнөөс л би уулын савдгаас аврал эрж, түүнд мөргөдөг. Учир нь би түүний биен дээр хөлөө тавих гэж байгаа шүү дээ.” хэмээн ярьжээ. 

Эверестийн оргилд хамгийн олон удаа гарсан хүмүүсийн жагсаалтыг тэргүүлэгч Ками Ритагийн ард тус оргилд 21 удаа гарсан 3 ч уулчин бичигдэж байна. Тэгвэл тэдгээрийн 2 нь уулын спортоо орхисон бол 39 настай шерпа Нгима Нуру Эверестийн оргилд Хятадын талаас 22 дахь удаагаа гарах бэлтгэлээ базааж байгаа гэнэ.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.