Туркт Оросын С-400 пуужингийн системийн худалдан авалтаа хүчингүй болгох хугацаа өгчээ

Twitter Print
2019 оны 05-р сар 22-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

Оросын С-400 пуужингийн системийн оронд Америкийн F-35 сөнөөгч онгоцнууд худалдан авах эсэхээ шийдэхэд АНУ-ын зүгээс Турк улсад хоёр долоо хоногийн хугацаа өгчээ.

Америкийн СиЭнБиСи сувагт Америкийн Төрийн департаментийн нэгэн эх сурвалжийн мэдээлсэнээр Анкара Оросын С-400 пуужингийн системийг худалдан авахаар шийдэх нь сөрөг үр дагавар дагуулах аж.

Вашингтоны зүгээс ирэх сарын эхний 7 хоногийн эцэс гэхэд Оросын С-400 пуужингийн системийн худалдан авалтаа цуцлахыг Анкарагаас шаардаж байгаа ба дээрх хугацааг сунгах боломжгүй гэжээ.

СиЭнБиСи сувгийн мэдээлж байгаагаар НАТО-гийн гишүүн орнууд тодорхой стандартын шаардлагад нийцсэн техник технологитой байх ёстой ба Оросын С-400 пуужингийн систем уг стандартад нийцэхгүй байгаа аж.

Анкара Оросын пуужингийн системийг худалдан авсан тохиолдолд НАТО-гийн F-35 хөтөлбөрөөс хасагдаж, захиалсан нэг зуун F-35 сөнөөгч онгоцныхоо төлбөрийг барагдуулахаас гадна АНУ-ын хоригт орж, НАТО-гийн зүгээс шийтгэл хүлээх гэнэ.

Өнгөрсөн баасан гарагт Туркийн Истанбул хотноо Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Оросын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко нарын уулзалт болж өнгөрсөн юм. Валентина Матвиенкогийн мэдэгдсэнээр Туркийн төрийн тэргүүн Режеп Таийп Эрдоган улсад нь ирж буй дарамт шахалтыг үл харгалзан Оросын С-400 пуужингийн системийг худалдан авах гэрээгээ биелүүлэхээ амласан аж.

Турк улс ОХУ-аас пуужингийн С-400 системийг худалдан авах талаар ярилцаж буй талаар анх 2016 оны 11-р сард мэдээлж байсан ба 2017 оны 12-р сард ОХУ-аас Турктай албан ёсоор гэрээ хийсэн болохоо мэдэгдсэн юм. Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акарын мэдэгдсэнээр С-400 пуужингийн системийг энэ оны 10-р сараас байршуулж эхлэх гэнэ. 

Ростех компанийн ерөнхий захирал Сергей Чемезовын мэдээлсэнээр ОХУ Турк улсад нийт 2.5 тэрбум ам. долларын үнэ бүхий пуужингийн систем нийлүүлж байгаа аж. 

Ингэснээр Турк Оросын пуужингийн системийг худалдан авч буй анхны НАТО-гийн гишүүн орон болж байгаа юм

Оросын С-400 “Триумф” хол болон дундын зайн пуужингийн систем нь онгоц, далавчит болон баллистик пуужинг устгах зориулалттай бөгөөд газарт байгаа объектын эсрэг ч ашиглах боломжтой аж. 

Эх сурвалж: https://tass.ru/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.