Гутлын алдартай брендүүд Д.Трампыг Хятадтай хийж буй худалдааны “дайн”-аа зогсоохыг шаардлаа

Twitter Print
2019 оны 05-р сар 22-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Гутал үйлдвэрлэгч дэлхийн томоохон брендүүд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас Хятадтай хийж буй худалдааны “дайн”-аа зогсоохыг шаарджээ. Тэдгээр компаниудын үзэж байгаагаар хоёр улс хоорондын худалдааны “дайн” хамгийн түрүүнд хэрэглэгчдэд ноцтой нөлөө үзүүлэх аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад хаягласан захидалд Найки, Адидас, Кларкс, Доктор Мартенс, Конверс зэрэг гутал үйлдвэрлэгч 170 компани импортын татварыг 25 хувиар нэмэх Ерөнхийлөгчийн шийдвэр нь дунд давхаргын иргэдэд хамгийн ихээр нөлөөлнө хэмээн бичсэн байна.

Түүнчлэн өндөр татвар тогтоосон явдал нь зарим компаниудын цаашдын үйл ажиллагаанд заналхийлж буйг ч онцолж, “Энэ худалдааны дайныг дуусгах цаг нь болсон.” хэмээн шаардсан байна.

Ерөнхийлөгч Д. Трампын зүгээс 200 тэрбум ам. долларын үнэ бүхий Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд 10-25 хувийн татвар ноогдуулсан билээ. Үүний хариуд Хятадын тал 60 тэрбум ам. долларын үнэ бүхий Америкийн импортын бараа бүтээгдэхүүний татварыг ирэх сарын 1-нээс эхлэн нэмэхээ мэдэгдсэн юм.

Ерөнхийлөгч Доналд Трампад хаягласан захидалдаа компаниуд Америкийн зүгээс гутланд дунджаар 11. 3 хувийн татвар ноогдуулдаг ч энэ тоо 67.5 хувь хүртэл өсөх ч тохиолдол байдаг болохыг онцолжээ.

Related image
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд компаниуд үйлдвэрлэлээ АНУ-д явуулсанаар зардлаа бууруулж болно хэмээн мэдэгдсэн юм. Харин гутал үйлдвэрлэгч компаниуд үүний хариуд, “Гутлын үйлдвэрлэл нь маш их хөрөнгө мөнгө ордог, олон жилийн турш боловсруулсан төлөвлөгөөний үр дүнд үйл ажиллагаагаа явуулдаг салбар учраас компаниуд зүгээр л үйлдвэрээ нүүлгэснээр асуудал шийдэгдчихгүй юм.” хэмээн захидалдаа бичжээ.

АНУ, Хятадын эрх баригчид ирэх сард Япон улсад зохион байгуулагдах “Их-20”-ийн чуулга уулзалтын үеэр худалдааны асуудлаар дахин хэлэлцээрийн ширээний ард суухаар төлөвлөж байгаа аж.


Эх сурвалж: https://www.bbc.com/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.