Охин, хадам дүүтэйгээ худалдан авах гэрээ байгуулсан цэцэрлэгийн эрхлэгч С.Алтанчимэгийг ажлаас нь халжээ

Twitter Print
2019 оны 05-р сар 21-нд 19:13 цагт
Мэдээний зураг,

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Дархан-Уул аймгийн боловсролын салбар дахь худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэл, үр дүн болон авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаад илэрсэн зөрчлүүдийг арилгах, буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлсэн билээ.

Уг албан бичгийн дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат захирамж гаргаж нэр бүхий албан тушаалтнуудыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлагыг тооцсон байна.

Тухайлбал, өөрийн хамаарал бүхий этгээд болох охин, хадам дүү нартай худалдан авах гэрээ байгуулсан Дархан сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Алтанчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлүүлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, бусдад давуу байдал олгосон 9 дүгээр сургуулийн захирал Т.Орхонтуяагийн албан тушаалын цалин хөлсийг 3 сарын хугацаатай 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Түүнчлэн 10 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Ж.Эрдэнэсанааг ажлаас халж, 9 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Ц.Отгонцагааны үндсэн цалинг бууруулахаар шийдвэрлэжээ.

Хамаарал бүхий этгээдийн эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан “Од” цогцолбор сургуулийн захирал Д.Уртнасан, Дархан сумын “Жигүүр” цогцолбор сургуулийн захирал Б.Давааням, 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Гэрэлт-Од нарын албан тушаалын цалинг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан тухайгаа Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Авлигатай тэмцэх газарт албан бичгээр мэдэгдэв.

Цаашид Дархан-Уул аймгийн хэмжээнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн нийтлэг үүргийг болон нийтийн албанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгааг Авлигатай тэмцэх газар анхааруулж байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.