Б.Наранчанга: Дэлхий даяар “Ногоон технологи” руу гүнзгий орохоос өөр сонголт байхгүй болсон...

Twitter Print
2019 оны 05-р сар 21-нд 13:06 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр дэлхий нийтийг цаг агаарын өөрчлөлт, цөлжилт, Хойд мөсөн далай  хайлж дуусч байгаа болон ХХI зууны хэт их үйлдвэржилтээс үүдэлтэй уур амьсгалын бохирдолт нь хүмүүсийн эрүүл мэндийг байнга доройтуулж байгаа зэрэг олон асуудлууд түгшүүлсээр байгаа. Хүн төрөлхтөн хэтэрхий их хөгжил дэвшлийнхээ балгаар өдөр тутамд аюул заналхийлэлтэй тулгарсаар байгаа одоо цагт Европ, Ази, Австрали, Америк гээд тив болгонд Ногоон хөгжил юу юунаас илүүтэй анхаарлын төвд орж ирээд байгаа юм.

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа “Ногоон хөгжил”-ийг Монгол Улс ч тойрч гарах аргагүй. Тийм ч учраас “Монголын Барилгын салбарын Ногоон хөгжил” сэдвээр Монголын Барилгын Үндэсний Ассоциацын Улстөрийн зөвлөлийн гишүүн, “Номин Констракш Девелолмент” группын Төсөл хариуцсан, захирал Б.Наранчангатай уулзаж ярилцлаа.

-Сүүлийн 5-8-хан жилийн дотор дэлхий даяар “Ногоон барилга байгууламж” гэсэн томоохон чиглэл, төсөл хөтөлбөрүүд нь эн тэргүүний зорилт болж, ер нь ч тэр тал руу Европ тив тэр аяараа орж явчихсан бол сүүлийн үед Ази тив ч тийшээ хошуурах болоод байгаа. Харин энэ чиглэл, урсгалын альхан талд нь өнөөдрийн Монгол Улсын барилгын салбар яваа бол?   

-“Ногоон барилга байгууламж”-ийн чиглэл, салбар нь зөвхөн Монгол гэлтгүй Европ тэр аяараа, одоо бол дэлхий нийтээрээ хошуурч байгаа чиг хандлага болчихлоо. Ер нь бол “Ногоон барилга байгууламж”-ын талбарт 7 чиг хандлага тэргүүлээд эхэлсэн байгаа. Үүн дотроосоо хамгийн голлох буюу тэргүүлж яваа хандлага нь мэдээж “Хүн амьдрахад хамгийн таатай Ногоон барилга”-ын чиглэл хандлага болчихсон. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр нэгдүгээрт барилгын салбарт Ажиллах хүчний ихээхэн хомсдол үүсчихээд байгаа шүү дээ. Ийм ч болохоор Ажиллах хүчний зардал нь ихээхэн өсчихсөн. Мөн Барилгын материалын үнэ нь тогтмол өсөлттэй л яваад байгаа. Энэ бүхэн нь биднийг “Ногоон барилгын салбар” руу өөрийн эрхгүй л татаж, хүч боломжоо ч төвлөрүүлэх нэгэн түлхэц болж байна.

Ер нь “Ногоон барилга”-ыг чанартай, даацтай барьж, нэвтрүүлж эхэлснээр бидний хувьд чадварлаг, цөөхөн бүтээмжтэй ажилчдын хүчээр “Ногоон барилгын салбар”-ыг илүү хурдан, чанарын өндөр түвшинд, мөн дахин боловсруулсан материалаар барьж байгуулан барилгынхаа өөрийнх нь өртгийг бууруулах, зах зээл дээр өрсөлдөөнтэй, тэргүүлэгч байгууллага хэвээрээ үлдэх хамгийн гол давуу тал, боломжийг ч олгож байгаа юм. “Ногоон барилга байгууламж” маань тухайн байгаль орчиндоо ямар ч сөрөг нөлөөгүй, тухайн барилгад ашиглагдсан материалууд нь “Ногоон” учир Агаарын чанар, энерги, усны хэмнэлтүүд гээд бүх л шаардлагыг “Ногоон барилга”-ууд маань шингээсэн, агуулсан байдаг тул энэхүү “Ногоон барилга байгууламж, Ногоон хөгжил”-ийг бид бүхэн даацтай, далайцтай нэвтрүүлээд явчихвал Монголын Барилгын салбар дэлхий нийтийн жишигт хүрсэн “Ногоон барилгын салбар” болж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг ч дэс дараалан хэрэгжүүлээд явах боломжтой болох юм. Харин яг өнөөдрийн байдлаар энэ талд хувийн Барилгын компаниуд л нэлээн далайцтай, түрүүлээд алхаж байгааг цохон тэмдэглэхийг хүсч байна даа.

-Тэгвэл энэ чухал “Ногоон барилга”-ын салбарт түрүүлээд алхаж байгаа хувийн хэвшлийн барилгын компаниудыг Монгол Улсын Засгийн газар, эрх баригч хүчний зүгээс аль хэр дэмжиж байгаа бол. Яг энэ талаар төрийн нэгдсэн бодлого зохицуулалт ямархуу байдалтай хэрэгжиж байгаа вэ?

-За энэ талаар бол яг одоохондоо албан ёсны хууль, журам гэх зүйл гараагүй байгаа л даа. Харин Европ болон бусад орны жишиг ямархуу байдаг вэ гэвэл “Ногоон барилгын үнэлгээ” гэж тусгай стандартаар жишиг үнэ тогтоочихсон байх жишээтэй. Юу гэвэл тухайн “Ногоон барилга”-ын үнэлгээнээс хамаараад ногоон технологи ашигласан, эсвэл ногоон технологиор үйлдвэрлэсэн материалыг ямар ч татваргүй оруулж ирдэг, тэгээд ч “Ногоон барилга”-ын материал ашигладаг компаниуд нь өөрийн үнэ өртгөө бууруулах боломжтой болоод явчихдаг. Тэгэхээр тэрхүү үнэлгээг нь бид албан ёсоор хийж, Засгийн газрын зүгээс ч хууль дүрмэндээ оруулчихвал бидний хувьд их том дэмжлэг болох нь тодорхой л доо. 

Нөгөө талаас “Ногоон барилга”-ын технологи маань энгийн технологитой харьцуулахад 20-30 хувийн үнэтэй байдаг юм. Энэ нь ялангуяа материалын талд нэлээн үнэтэй тусдаг л даа. Тэгэхлээр бидний хувьд усны хэмнэлттэй тоноглол болох угаалтуур, холигч, шүршүүрийг авч ашиглана гэвэл энгийн зах зээл дээрх нь 20-30 хувийн үнэтэй тусдаг. Тийм болохоор л яг энэ тал дээр төрийн дэмжлэг, хууль эрхзүйн орчин, татварын нөхцөлөөр ихээхэн дэмжлэг шаардлагатай байгааг нуугаад яах вэ. Ингэж байж л Барилгын хувийн хэвшлийн компаниуд “Ногоон барилга”-ын технологийг түлхүү ашиглах, ногоон материалыг “Ногоон барилга байгууламж”-ууддаа эн тэргүүнд нэвтрүүлж, байгаль орчиндоо ээлтэй, хүн амьдрахад хамгийн таатай орчныг бүрдүүлэх боломжтой болно л доо.

-Өнөөдөр Монголын барилгын салбарт буюу зах зээл дээр танай “NCD” группээс өөр “Ногоон барилга”, “Ногоон технологи”-ийг түлхүү хэрэглэж, нэвтрүүлж байгаа Барилгын компаниуд байгаа болов уу. Хэдэн жилийн өмнө “Хас” банкны зүгээс “Ногоон технологи” нэвтрүүлж байгаа газруудад Хөнгөлөлттэй зээл олгоно гэж яригдаж байсан. Тэр асуудал ер нь хэрэгжсэн болов уу?       

-Дэлхийн банк болон Азийн Хөгжлийн банкны зүгээс “Ногоон технологи”-ийг дэмжиж, “Ногоон барилга” барьж байгаа компаниудад мэдээж хөнгөлөлттэй зээлийг олгоод л явж байгаа. Гэхдээ тэр шалгуурууд нь нэлээн өндөр байгаа л даа. “Бид бүхэн Ногоон технологийн дагуу бараа материал ашиглаад Ногоон барилга барина” гэвэл санхүүгийн талд нэлээн өндөр өртөгтэй болоод явчихаж байгаа юм. Тэр нь эргээд бидний зүгээс Монголын Барилгын салбарын зах зээл дээр өрсөлдөх бүх л боломжийг бууруулж байгаа болохоор бүх компаниуд нэгэн зэрэг яваад орчихно гэхэд үнэхээр хүндрэлтэй. Гэхдээ манай “NCD” группээс гадна “Ногоон барилга байгууламж” томоохон төсөл хэрэгжүүлж байгаа, “Ногоон барилга”-ын технологи ашиглаж байгаа компаниуд нэлээн олон байгаа юм. Ганцхан Орон сууц барьдаг ч биш барилгын материал үйлдвэрлэдэг компаниуд ч “Ногоон технологи”-ийг аль хэдийнэ нэвтрүүлээд эхэлчихсэн байгаагийн дотор “Чулуун хөвөн, хавтан” үйлдвэрлэгч Л.Ариунболд захиралтай “Монгол базальт” компанийг дурдах ёстой. Тэр ч байтугай “Ногоон технологи” ашигласан, ашиглалтаа бүрэн аваад явж байгаа барилгууд ч Монгол Улсын хэмжээнд аль хэдийнэ баригдаад эхэлчихсэн байгааг дурдах шаардлагатай гэж бодож байна.

-Аж ахуйн нэгжүүдээс гадна хувь иргэд ч “Ногоон барилга”-ын төлөө сэтгэл шулуудаж, зарим нэг нь бүр “Ногоон технологи” ашиглан өөрсдийн амьдрах орон байраа барьж эхэлсэн дуулдаж байна. Энэ талаар санаа авууштай, дэмжиж дэлгэрүүлүүштэй зүйлүүд нэлээн байгаа болов уу?

-Нээрээ л яг тийм шүү. Одоо олон хүн “Ногоон барилга” гэхээр л гаднаа ногоон тохижилттой, мод цэцэг суулгасан байшин гэдэг ойлголтоосоо татгалзаж эхлээд байгаа л даа. Хуучин бол энэ талаар олон хүн өөр бодолтой байсан нь ойлгомжтой юм. Одоо бол Орон сууц худалдан авч байгаа иргэдийн маань нэлээн хэсэг нь “Ногоон барилга”-ын суурь концевцийг гайгүй сайн ойлгодог болсон байна лээ. Тэр талд юуг голчлон анхаарах шаардлагатай вэ гэвэл уг барилга маань ашиглалтын зардал нь бага байх ёстой, усны хэмнэлттэй, нөхөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг байх ёстой гээд гол хэдэн шаардлагыг хангасан байх учиртай л даа. Бидний зүгээс энэ бүгдээс хоёр юмуу гурван шаардлагыг хангаж, үе шаттай алхам алхмаар дөрөв, тав, зургаан шаардлагыг нь хангаад “Ногоон барилга” руу нэлээн гүнзгий орж болно л доо.

Харин манай Орон сууц худалдан авч байгаа иргэд маань тухайн барилгыг барьж байгаа компаниудад зохих шаардлагуудаа ч тавих эрхтэй юм. Юу гэвэл “Та нар ядаж энэ удаад ийм ийм Ногоон стандартыг хангасан барилга бидэнд хүлээлгэж өгөх ёстой” ч гэдэг юмуу эсвэл Олон улсын сертификатад байдагчлан “Хэчнээн оноог хангасан барилга вэ энэ чинь” гэдэг ч юмуу шаардлагуудаа тавиад явбал тэртэй тэргүй Орон сууц барьж байгаа компаниудын удирдлагын зүгээс ч иргэдийн зүгээс тавьж байгаа дээрх шаардлагуудын дагуу “Ногоон технологи” руу яах аргагүй хүчээр орж л таарна. Яагаад гэвэл өнөөдөр Монголын Барилгын салбарын эрэлт хэрэгцээ маань өөрөө “Ногоон барилга байгууламж” болж эхэлчихсэн тул мэдээж тэрхүү эрэлтийг хангах учиртай үйлдвэрлэгчид маан ч “Ногоон барилга”-ын зах зээл рүү  яах аргагүй хүчээр орохоос өөр арга замгүй болж байгаа юм.

-Одоо жишээлбэл таны ажилладаг “NCD” группын тухайд гэхэд л “Манайд ийм ийм ногоон технологи нэвтэрчихсэн” гэж баримттай өгүүлж чадах уу. Аль эсвэл одоохондоо жаахан боломжгүй байгаа юм болов уу?

-За яг манай “NCD” группын хувьд гэвэл шинээр эхлүүлчихсэн байгаа төслүүд дээрээ нэгдүгээрт энергийн хэмнэлтийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Энэ нь барилгын гаднах пассадын дулаалга, дээврийн дулаалга, суурийн дулаалгуудыг нэлээн өндөр стандартаар, чанартай сайн хийж байгаа. Хамгийн гол нь тэнд ашиглагдаж байгаа хаалга, цонхных нь дуу, дулаан тусгаарлах чадвар нь аль хэдийнэ энергийн хэмнэлттэй барилгад ашиглагддаг түвшинд оччихсон л доо. Дээрээс нь хамгийн гол үзүүлэлт болох усны хэмнэлтэнд онцгой анхаарал хандуулсан. Бид усны хэмнэлтийг хэрхэн зохицуулж байгаа вэ гэвэл жишээлбэл хүн усанд орохдоо нийт хэрэглээний усныхаа 25 хувийг зарцуулдаг л даа. Мөн зөвхөн суултуураар гоожуулж байгаа ус нь нийт хэрэглээний 35 хувь болдог байх жишээтэй. Тэгэхээр Ариун цэврийнхээ өрөөнд л хүмүүс нийт хэрэглээний усныхаа 60-70 хувийг гоожуулчихдаг байгаа юм. Харин ариун цэврийн өрөөний тоноглол нь усны хэмнэлттэй тоноглол байвал усны хэмнэлтийг маш их нэмэгдүүлнэ шүү дээ. Тэгэхлээр яг энэ асуудлыг шийдэхийн тулд сүүлийн үед ашиглаж байгаа холигч, шүршүүрүүд нь усыг 40 хувь хүртэл хэмнэдэг болоод байгаа юм. Харин суултуурууд нь далд почкитойгоо нийлээд 30 хувь хүртэл усыг хэмнэх чадвартай болсон нь ихээхэн дэвшил гэж тооцож байгаа. Ингэхээр энэхүү угаалтуур, суултуур, шүршүүр, холигчийг бид нар том төслүүддээ аль хэдийнэ ашиглаад эхэлчихсэн л дээ. Бүр тодруулвал эдгээрийг 2012 оноос хойш л ашиглаж байгаа. Яг одоо бол эдгээрийн техник үзүүлэлтүүд нь өдрөөс өдөрт л сайжирсаар байгааг дурдахад таатай байна. Дээрээс нь нэмээд хэлэхэд Нөхөн сэргээгдэх эрчим хүчийг, ялангуяа нарны зайн хураагуур төсөлдөө түлхүү хэрэглээд эхэлсэн л дээ. Энэ нь тодорхой хэмжээний эрчим хүчийг бид бүхэн нарны зайгаар хуримтлуудаад төвийн эрчим хүчний системд холбож, ихээхэн ашигтай ажиллах боломжтой болж байгаа юм.

 

-Тухайн Орон сууцыг худалдан авцгаасан оршин суугчдад эдийн засгийн тодорхой хэмнэлттэй, тэр хэрээр ашиг тустай гэдэг нь тодорхой болов уу?

-Мэдээж оршин суугчад тодорхой хэмжээний ашигтай л даа. Яагаад гэвэл тэр хүмүүс тухайн Орон сууцанд амьдраад ирэхээр нэгдүгээрт цахилгааны зарцуулалт нь багасна, хоёрдугаарт усны зарцуулалт багасахаар усных нь төлбөрт ч нөлөөлнө. Тэгээд ч дулааны алдагдал багасах хэрээр СӨХ дээр нь очиж байгаа ачаалал нь багасна.

-Сүүлийн үед Европын Голланд, Швейцарь улсууд “Ногоон барилга, байгууламж” ялангуяа тэр талын Орон сууцны барилгажуулалтын талд тэргүүлж яваа юм билээ. Та бүхэн тэдгээр орнуудын эн тэргүүний туршлага, дэвшилтэд технологиудыг Монголдоо нэвтрүүлэх талд ямар ажлуудыг хэрэгжүүлж байгаа вэ? 

-Ер нь Европын орнууд нь аль хэдийнэ энерги, цахилгаан эрчим хүч, усны үнэ нь тун их үнэтэй болчихсон тул “Ногоон технологи” руу гүнзгийхэн орохоос өөр сонголт үлдээгүй гэж хэлж болно. Харин бидний хувьд Европын болон дэлхийн бусад орнуудаас тэргүүний техник, технологийг нь авч ашиглахаас өөр дэвшилттэй тал байхгүй шүү дээ. Гэхдээ Монгол Улсынхаа цаг агаар, байгалийн онцлог, хүмүүсийнхээ сонирхол, барилга байгууламжуудынхаа зураг төсөлтэй нь уялдуулаад яг хаана нь аль технологийг ямархуу байдлаар ашиглавал хамгийн их үр дүнтэй байх вэ гэдгээ сайн судлах, шийдэх хэрэгтэй л дээ. Тэгээд ч бид тэр талын судалгааг маш сайн хийж боловсруулсаны үндсэн дээр “Ногоон технологи”-ийг тухайн тухайн газар орон, барилгууд дээрээ авч ашиглаж байгаа юм. Ер нь ч тэгээд одоо үед дэлхий нийтрээрээ “Ногоон технологи” руу гүнзгийхэн орохоос өөр сонголт байхгүй болсон л доо.

-За “Ногоон барилга, байгууламж”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа?

-Өгөх ёстой мэдээлэлээ л өгсөн гэж бодож байна. Харин тэр талаар уншигчиддаа танилцуулж байгаа танд ч баярлалаа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.