Нийслэлийн 30 гаруй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцална

Twitter Print
2019 оны 05-р сар 21-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн хэмжээнд 600 гаруй төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. НМХГ-аас 2019 онд сургуулийн өмнөх боловсролын 109 байгууллагад шалгалт хийжээ. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийхэд нийтлэг хэд хэдэн зөрчлүүд илэрчээ. Шалгалтад хамрагдсан 32 цэцэрлэг сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй байсан бөгөөд цэцэрлэгүүдийн 28 нь мэргэжлийн эрхлэгчгүй, 58 нь мэргэжлийн багшгүй, төрийн бус өмчийн 36 цэцэрлэг буюу 50 хувь нь цэцэрлэгийн байргүй, 92 нь гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбайгүй зэрэг зөрчил дутагдал илэрчээ.

Хяналт шалгалтаар илэрсэн нийт 1799 зөрчлийн 614 буюу 34 хувийг сургалтын орчинтой холбоотой зөрчил эзэлж байгаа нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчин хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй байна гэж дүгнэхэд хүрчээ.

Улмаар шаардлага хангахгүй байгаа 30 гаруй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлээд байгаа гэв.

Төрийн өмчийн 105 цэцэрлэгийг шалгахад 15 хувь нь барилга байгууллага хуучирч, сантехник шугам хоолой элэгдэлд орсон ч засвар үйлчилгээ хангалтгүй хийгдэж байгаа нь цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн байгааг НМХГ-ын байцаагчид хэллээ.

Шалгалтад хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1.2-2.5 дахин хүүхэд хүлээн авч анги бүлгийн нягтрал ихэссэн гэв. Үүнтэй холбоотойгоор ариун цэвэр, эрүүл ахуйн норм 1.5-2 дахин их байгаа нь бага насны хүүхдүүдийн дунд халдварт өвчин тархах, багш ажилчдын хөдөлмөрийн чадвар алдахад нөлөөлж байна гэж үзжээ.

Улсын цэцэрлэгийн ачаалал 40-60 орчим их байдаг учраас амьсгалын замын, бохир гараад дамжих халдварт өвчнүүд хүүхдийн нягтаршил ихэссэнтэй холбоотой гэж мэргэжлийн байгууллагууд үздэг. Иймд төрийн байгууллагууд хүүхдийн нягтаршлыг багасгахын тул онцгой анхаарал хандуулан ажиллаж эхэлжээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.