Яруу найрагчид гэдэг...

Twitter Print
2019 оны 05-р сар 20-нд 17:08 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн хаврын тэргүүн сарын сүүлчээр буюу гуравдугаар сарын 21-нд Дэлхийн яруу найргийн өдөр тохиодог билээ. Чухамдаа тэр өдөр Монголын яруу найрагчид даян дэлхийн сэтгэл нэгт, басхүү онгод авъяас нь ч ойлгомжтой яруу найрагчидтай сэтгэл зүрхээрээ нэгдэж, дуу хоолойгоо өргөдөг санагддаг. Тийм ч болохоор энэ жилийн дэлхийн яруу найргийн өдөрт зориулж, басхүү энэ цагийн Монголын яруу найргийг тодорхойлолцож яваа найз нөхөддөө зориулан нэгэн жаахан тэмдэглэл бичиж байснаа дуусгалгүй орхичихсон байсан. Харин өнөөдөр яруу найрагч нөхөдтэйгөө авхуулсан нэгэн зургаа олж хараад тэрхүү нийтлэлээ дуусгаж суугаа маань энэ юм.

Тэгээд ч ойрын үед олон сайхан зохиолч, яруу найрагчидтай ойр ойрхон уулзалдаж, зарим нэгнээс нь шинэхэн зохиол, шүлэг найргийнх нь талаар тодруулж, зарим нэгнийх нь гэгээн сайхан дүр төрхийн тухай дурсамж хөврүүлж, сэтгэлээ сэргээж, басхүү багахан шиг харуусал гуниг хөшилдсөн билээ. Угтаа бол өнгөрсөн 2018 оны хаврын эхэн сарын дундуур энэ цагийн Монголын яруу найргийг тодорхойлолцож явсан, бараг л толгой хавьд нь дүүхэлзэж байсан, МУСГЗ Арлааны Эрдэн-Очир агсантай уулзаж, бас ч болоогүй чин сэтгэлийн халуун дулаан яриаг нь хуваалцаж, тасхийтэл инээмсэглэн хиргүй тунгалаг сэтгэлээ дэлгэж суусныг нь дурсан санах гунигтайхан өдөр болоод өнгөрсөн нь энэ сарын 14 байлаа.

Энэ бүхнийг эргэцүүлэн бодоход “Монголын тэнгэрт өссөн бүргэд Будант газар ясаа тавьдаггүй” хэмээн омог бардам шүлэглэдэг яруу найрагчид гэдэг ямархан хувь зохиол, заяа төөрөгтэй хүмүүс байдаг нь хэдэн зуунаар хүн төрөлхтний сонирхлыг татаж, хууч ярианых нь сэдэв болсоор ирсэн түүх нь өөрийн эрхгүй өнөөдөр намайг соронздон татаж байгаа нь энэ болов уу.Тэнгэрийг эзэгнэн дураараа элэн халих бүргэд лугаа адил яруу найрагчид гэдэг зөн билиг, садран урсах бэлэн цэцэн үгс шигээ дандаа шулуун дардан замаар, эргэж харалгүй урагшаа л зүтгээд байгаагүйг хүн төрөлхтний сод найрагчид хийгээд Монголын манлай найрагчдын туулж өнгөрүүлсэн амьдралын үнэн хийгээд гуниг харуусал дагуулсан гашуун түүхээс нь ч харж болно. 

Саяхан энэ цагийн Монголын яруу найрагчдын тоонд өөрийн авъяас билгээр “Хаалга тогшилгүй” орж ирсэн “Апи-Мон” хэмээх хатгуурт зөгийн сувилалын захирал, анагаах ухааны доктор Ж.Ганчимэг бүсгүйтэй уулзахад “Би Солонгост олон жил амьдраад Монголдоо эргэн ирж зөгийн сувилалын эмнэлгээ нээгээд зургаан жил өнгөрч байна. Энэ хооронд хүний биед нэн ашигтай, биологийн 70 орчим идэвхитэй  бодисыг өөртөө агуулдаг хатгуур зөгийн эмчилгээнээс гадна яруу найргаа орхилгүй шимтэж “Тэнгэрийн шившлэг”, “Гүн” хэмээх хоёр ч номоо гаргасан. Одоо гурав дахь номоо бэлдээд явж байгаа. Мөн түүнчлэн 2018 оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын гуравдугаар байранд орсон “Бурхан ээж” шигээ олон дуутай болохыг зорьж явна” гэсэн билээ.  



Залуу насандаа яруу найрагчийн ээдрээтэй амьдралыг туулж, бичсэн шүлэг нь хорионд орж, хэвлэн нийтлүүлэх эрхгүй шахуу явсан  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсан “Тэр нэгэн бүсгүйд” хэмээх шүлэгтээ “Найрагчийн гэргий болж Нажидаа эдлээгүйд чинь баяр хүргэе” хэмээн бичсэн байдаг нь зүгээр нэг тохиолдлын хэрэг бус. Зохиолч, яруу найрагчид гэдэг гудиггүй эмзэгхэн сэтгэлтэй, нэг жаахан муугаар яривал аминдаа арчаа муутай хүмүүс санагддаг. Гэгээн совинтой, гэнэн яруу сэтгэлд нь хар хорын хумсын толионы чинээ ч зай завсаргүй тэднийг ойлгоход сар жилийн хугацаа хэрэгтэй. Гаднаас нь өнгөцхөн харвал эрчүүд нь цөлх гүндүүхэн ч уянгалагч сэтгэл нь үргэлжийн мөнхөд 20 наст шиг л дүрэлзэж явдаг. Хэнэгггүйхэн царайлагч тэдний ихэнх нь хээ шаагүй гадаад үзэмжийг бүрдүүлэвч дурлаж ханадаггүй зүрх нь мөнхийн болзоонд яарч, эмзэгхэн залуугийнхаараа л уянгалж явдаг бус уу. 

Яруу найрагчид заримдаа хачин адармаатай авирлаж өөрөөсөө бусдыг “өчүүхэн амьтад” хэмээн, агуу их “би”-гийн өвчинд нэрвэгдэнэ. 40 градусын нажид цэнгэл цээжийг нь гашуу оргиулсаар замхрах үед өчигдөр, уржигдрынхаа өндөрлөгөөс үнэн амьдралд буцан ирж эмзэглэл, гэмшлийн гашуун тойрогт орь ганцаар уйтгарлан суух нь олонтаа. Уянга эгшгийн зохиролтой зүрхнийхээ хэмнэл бүрээр ертөнцөд ганцхан хувь найраг дуугаа үлдээгч тэдний хувь тавилан, ерөөл учрал ердөө л ганцхан хувь байх. Билиг авьяас, учрал тохиол дутуу заяасан хэсэг бүлэг хүмүүсийн үзэж дуулах нь байтугай, хойд насных нь зүүдэнд ч орж ирэхгүй гайхаж алмайрмаар гэгээн дурсгалт, намтар баян амьдралыг нэгэн насандаа туулаад өнгөрнө. Зарим нэг нь ёстой л огторгуйн саран алмайрч хээр хонотол нь шүлэглэн дуулж явсан цэл залуу насандаа харвасан од шиг нүд гялбам хурцхан гялалзаад бөхөж алга болно. Тэдний уйлж, дуулж, ууж, идэж явсан он жилүүд үлдэгсдэд үлгэрийн юм шиг л санагдана.


Он жилүүд улиран одохын хэрээр тэдний хэн явсан, хэрхэн уянгалсан нь намуухнаар замхран одовч ямархан нэгэн дуурьсал нь заавал ч үгүй он жилүүдийн шаргал түүхийг нэвтлэн хүмүүний зүрхийг догдлуулан эгшиглэж л байдаг. Дурлал, дарс хоёргүйгээр хорвоог туулж тэвчээгүй тэдний буун дуу шиг насандаа цахилаад өнгөрсөн хувь заяа нь учир битүүлэг бүхнээр дүүрэн ч ухаарал гэмшил нэвт шингээстэй байдгаараа хүмүүн заяа ногдсон болгонд сургаал хэлж, гэрээслэл болон мөнхөд үргэлжилнэм. 

Залуухан, омголон тэдний тухай 

Монголын яруу найрагчдын элдэвтэй, эмгэнэлтэй түүх шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, С.Буяннэмэх хоёроос эхлэлтэй. Хоёулаа тухайн үедээ гайхагдсан боловсролтой, толгой сэхээтнүүд байсан ч их хэлмэгдүүлэлтийн 1937 онд нэг нь 31, нөгөөх нь 35-хан насандаа төрийн хар машины эргүүлэгт өртөж харамсалтайгаар хорвоогоос буцсан байдаг. Хэдийгээр алдарт “Миний нутаг”-ийн эзэн Д.Нацагдорж нь С.Буяннэмэх шиг төрийн цаазаар хорвоогоос буцаагүй ч нэгэн цагт МАХН-ын II, III их хуралд төлөөлөгчөөр оролцож намын III их хурлаас МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн орлогч даргаар сонгогдож байсан бүх л албан тушаалаасаа халагдаж, Орос эхнэр нь нутаг буцсан гуниглалт үедээ бор дарсанд мансуурч, хорвоогийн хатуу өдрүүдийг нулимс, архи хоёрт живүүлсээр 1937 оны наадмын өмнөхөн шургааган хашаа налж хорвоогоос буцсан гунигт түүх бий. Тэр хоёрын эмгэнэлт түүх арай өөр байдлаар саяхныг болтол үргэлжилсэн нь жигтэй.

Төрийн соёрхолт Дорнын их яруу найрагч О.Дашбалбар омголон залуу нас, гэгээн хайр, уянгат найргийн мөнхийн шүлэгч болж Монгол түмний сэтгэлд үлдсэн нэгэн. Наран мандах нутгийн хүү эр хүний ид насандаа бүтээлийн баринтагаа хумьсан ч тод сонин амьдрал нь өнөөдөр ч шинэхэн хэвээрээ. Учран хайрлалцаж явсан сайхан бүсгүйчүүдийнх нь тухай дуусдаггүй урт яриа түүний нэрийг улам ч тодотгох шиг болдог. “Цамцаа дэрвүүлсэн жаахан хүү би Цагаан унага аа хөлөглөн одох юм Эмзэг сэтгэл хичнээн сэргэвч Эргээд бид хэзээ ч хүүхэд болохгүй Бага насны алтан өдрүүд Байн байн зүүдэнд ирэх юм”... О.Дашбалбарын шүлэг ийн үргэлжилнэ. Тэгснээ гэнэтхэн тэсэрч “Бөөрөнхий энэ хорвоогийн бөөрөн дээр нь амьдарна Бөөн цагаан үүл шиг нүүж яваад дуусна Манатай энэ орчлонгийн магнай дээр нь амьдарна Мартахын аргагүй Анимаагаа хайрлаж яваад дуусна”... хэмээнэ. Тийм дээ. Омголон тэр найрагч олон сайхан Анимаагаа хайрласаар яваад 41-хэн насандаа буцаж ирдэггүй мөнхийн аяндаа мордсон. Гэхдээ одот тэнгэртээ одоо ч гэсэн хайрласаар л яваа ч юм бил үү. 

“Гэртээ чи минь гэгээ 
Наддаа чи минь нар”... 


Энэ бол нэрт соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж агсан гэргийдээ зориулж гэрийнхээ ханан дээр нүүрсээр бичиж үлдээсэн шүлэг. Хүний амьдрал урьдаас тааж мэдэхийн аргагүй учир битүүлэг байдагтаа л утга уянгатай, өрнөл, тайлалтай байдаг санж. 
М.Цэдэндорж орсон гарсан, уусан идсэн найз нөхдөдөө “Битгий түрүүлгээ харж унтаж бай” хэмээн захидаг байж. Харин хатуу хорвоогийн даажинт тоглоом тэр л захиасаар өөрийг нь бурхны орон руу авч одсон түүхтэй. Халамцуу найрагч түрүүлгээ харж унтаад өдөн дэрэндээ амьсгал нь бүтсэн байсныг олсон гэдэг. Тэгэвч тэр өөрийгөө “Амьд мөртлөө үхсэн юм шиг хүн байх юм Үхсэн хатсан байтлаа амьд юм шиг хүн ч байх юм”... хэмээн найраг шүлгээрээ мөнхөлсөн билээ.

Төрийн хошой соёрхолт Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт нэрт яруу найрагч, эмч Т.Очирхүү Алтай нутагтаа амиараа холбоотой нэгэн байв. “Хүмүүсээ надад урам хайрла, Хүсэл сэтгэл бадраах бүлээн дулаан сэтгэл ээ хайрла” хэмээн дуун алдсан найрагч маань Төмөр замын байрандаа эхнэртэйгээ хоёул намуухан тайван амьдардаг байж. Хаа ч явсан хайртай гэргийгээсээ хагацаж салдаггүй найрагчийн эмгэнэлт төгсгөл өр өвдмөөр харамсалтай. Унтраалгүй унтсан зурагт нь дэлбэрч бурхны харьяат болсон ч “Ширхэг ганц чулуу нь ч сэтгэлийн угт уяатай Сэрүүн Алтай нутагтаа би хүлэг морин шиг аргамжаатай Аргамжааны тэр л чулууг тойрон идэшлэх хүлэг шиг Аяа эх орон чамдаа би тоосны үзүүрээс эргээстэй”... хэмээсэн гэгээн найраг шүлгээрээ өнөөдөр ч оршсоор л байнам.

Сэтгэлдээ галтай тэдний зууханд дүрэлзэх гал өнөөдөр ч бадамлан асаж байх шиг бодогдоно. Алтан нарны дор хүмүүн заяа ногдсоных утга учиртай амьдраад дуусахад удаан, богины ялгаа үгүй санагдана. Зохиолч, найрагчид гэдэг жирийн хүмүүс яавч биш ээ. Тэднийг амьдад нь хайрлаж агуу ихийг нь мэдрүүлж байгууштай. 
Өнгөрсөн нийгмийн 1980-1990-ээд онд Монголын яруу найрагт Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга хэмээх хоёр сайхан эр хүн, хосгүй хоёр найрагч залуу байж байгаад цэл залуугаараа бурхны харьяат болсон ч өнөөдөр ч үе тэнгийнхэн найз нөхдөдөө амьд мэт дурсагдан хайрлагдсаар байдаг нь яруу найрагчийн тэнгэрлэг их хувь заяа биз ээ. Энэ хоёр яруу найрагч тухайн үедээ ямархуу чансаатай найрагчид байж найз нөхдөөрөө хүрээлүүлж, нийгэм даяар хүндлэгдэж байсны тодорхой баримтууд нь 1990-ээд оныхон буюу Монголын мөнгөн үеийн олон яруу найрагчдын амнаас унадаг байсан “Болд-Эрдэнэ бид хоёр жаахан суугаад, Болд-Эрдэнэ манайд ирээд, Болд-Эрдэнэтэйгээ цуг явж байгаад, Уянга нөгөө алдарт янцгаадаг инээдээрээ инээгээд би дагаж янцгаагаад, Уянга бид хэд уугаад, Уянгыг Цоодол ахынд хүргэж өгөөд” хэмээсэн домог мэт яриа хөөрөөнүүд юм. 

Ж.Болд-Эрдэнэ 33-хан наслахдаа 

“Чинагш юм бүхэн улирч одно
Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно” 

хэмээн дуун алдсанаа “Есенин богинохон насалсан, Есенин ингэж бичиж байсан, Есенин нэг л удаа жинхэнээсээ дурласан, Есенин хүртэл ингэж амьдарсан, Гагцхүү тэр намайг тайтгаруулж, уйтгарлуулж чаддаг учир би түүнийг бусдаас илүү хайрладаг” гэж ярьдаг байсан бол өнөөх л янцгаах мэт инээдээрээ урлаг соёлын ертөнцөд зард гарсан Ш.Уянга нь Москвад хоёр ч их сургуулийг онц төгссөн гэдгийг нь мэдээд багшаар авах гэж байсан МУИС-ийн захирал "Архи уудаг уу?" гэж хамгийн сүүлд асуухад нь гэнэ алдаж "Байгаа юм уу" гэж хэлээд хөөгдөж гарч байсан онигооны эзэн явсан түүхтэй. 


Тэр хоёрыг урлаг соёлын салбарынхан хаа явсан газар нь бүчин авч, болж л өгвөл халаасан дахиа шавхан огтхон ч эргэлзэж тээнгэлзгэлгүйгээр дайлж цайлаад явуулдаг байсан нь маргашгүй үнэн билээ. Өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөх Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн ганц хүү Дөрвөн-Уулын аав Ш.Уянга найрагч бас л эмгэнэлтэй байдлаар хорвоогоос буцсан. Тэрээр халамцуухан таксинд суухдаа “Очоод мөнгийг нь өгчихье” гэхэд юм үзээгүй өнөөх жолооч нь одоогийн “ТБД андууд” дэлгүүрийн өмнө машинаасаа түлхэн унагаснаар хүнд гэмтэл авч эмнэлэгт очоод өнгөрсөн байдаг. Харин түүний хэлсэн сүүлчийн үг нь “Тэр жолоочид ямар ч буруу байхгүй шүү” гэсэн эр хүний мөс жудагийг нотолсон зургаахан үг байсан гэдэг. 

Өнөөдрийн Ардын уран зохиолч, төрийн соёрхолт нэрт яруу найрагч Ш.Сүрэнжаваас нэгэн сэтгүүлч “Та ид залуудаа Монголын радиогийн томилолт аваад суух онгоцноосоо хоцорсон гэдэг. Гэтэл тэр онгоц нь Отгонтэнгэрийг мөргөж сүйрсэн тухай яриа байдаг. Тэр талаар сонирхуулж болох уу” хэмээн асуухад “Тэр чинь 1963 онд болсон явдал. Монголын радиогоос авсан миний анхны томилолт байсан юм. Онгоцны билет авчихсан, анх удаа онгоцонд суух гэж байгааг хэлэх үү, шувууд л нисдэг тэнгэрт шувуудтай цуг нисвэл мөн ч сайхан онгод орно доо гэж залуугийн дэврүүн хүслээр дэвэлзэхгүй юу. Тэгээд 100 грамм татах санаатай, Нисэхийн хавиар архины эрэлд мордсон юм. Тэр үед одоог бодоход дэлгүүр ховор, архийг тэр болгон газарт зарахгүй. Тэгээд эрсний эцэст МОНЦАМЭ-гийн үнэмлэх үзүүлээд сүржигнэж байж 100 грамм татаад иртэл миний суух ёстой онгоц нисчихсэн байсан. Гэтэл гэнэтийн аюул тохиож өнөөх онгоц маань Отгонтэнгэрийг мөргөн осолдож олон хүн сүйдчихсэн байсан даа хөөрхий. Тэр үеэр намайг мэдэх бүх л хүмүүс гашуудаад, манай хөгшин уйлж унжаад сүйд болж байсан гэдэг.

Олон жилийн өмнөх тэр явдлыг би яруу найрагчийн зөн совин гэж боддог. Тэр л зөн намайг тэр онгоцонд суулгаагүй. Зөн совин, тэнгэр, хийгээд яруу найрагчид ямагт холбоотой явдаг. Хүн ерөөсөө зөн билгийн амьтан. Нэгэн суутны үг бий дээ. “Хүн гэдэг бол эргэлдсэн улаан хуй дундах ганц зул юм” гэсэн нь бий. Эргэлдсэн улаан хуй гэдэг нь дэлхийн соронзон орон юм. Зул нь хүн юм. Харин яруу найрагч үүнийг зөн билгийн гэрлээр илүү нэвтэлж байдгаараа онцлог юм даа. Оросын их яруу найрагч Б.Пастернак “Яруу найрагчдаа та нар үхлийн тухай бүү дуулаач ээ, яагаад гэвэл та нар чинь дэндүү зөнч хүмүүс шүү” гэж хэлсэн нь бий. Дээрх явдлаас үүдээд би “Тэнгэрийн хүү” найраглалаа Москвад бичсэн юм. Үхэл хийгээд зөн совингийн талаар би ийм л зүйл хэлж чадна” гэсэн байдаг. 

Гэтэл Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав азтай тохиолоор, яруу найрагчийн зөн билэг, 100 грамм архины эрлийн ачаар эргэх хорвоод амьд үлдсэнээс хойш 54 жилийн дараа Отгонтэнгэр хайрхны энгэрт 17 уулчин эмгэнэлтэйгээр хорвоогоос буцаж Монгол түмний элгийг харлуулав. Хачирхалтай нь энэхүү осолд өртөж орчлонгоос буцсан 17 уулчныг Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавтай нэр нэгт Н.Сүрэнжав хэмээх ОУХМ туршлагатай уулчин ахалж яваад өөрөө ч харамсалтайгаар амь эрсэдсэн нь олон тохиохгүй л давхцал байлаа. 


Энэ бүхнээс дүгнэвэл яруу найрагчид гэдэг аргагүй л тэнгэрийн харьяат, онгод найргийн эзэд хэрнээ омголон залуу насандаа хэн бүхний туулдаггүй айзам хэмнэл, аялгуу эгшиг, адармаатай бүхэн холилдон сүлэлдсэн гайхалтай намтрын эзэд байдаг ажээ. Тэдний олонхи нь “Анир чимээгүйд улам бүр татагдах боллоо. Цацардаггүй гэгээ, харагддаггүй оддын учирлалыг би сонсож байна. Төрөлх мэдрэхүй минь нүргээн чимээнээс дайжиж, байгаль, уул, ус, бороо намайг булааж, энэхүү орчилдоон дунд гэгээн бодлын ертөнцдөө эзэн хэвээр байнам” хэмээн яруухан дуурьсал үлдээгээд мөнхийн аяндаа мордоцгоосон ч хэн хүний зүрхэнд амьдаас амьд оршсоор л байнам. Тиймээс л аялгуу төгс яруу найраг, түүнийг эгшиглүүлэгч яруу найрагчид гэдэг мөнхийн амьтай, мөнх залуугаараа гэрэлтэн байдаг тэнгэр эрхсийн харьяатууд ажгуу. Учир байдал ийм л илхэн, тэд ч өөрсдөө гэгээн тунгалаг зам мөртэй, сэтгэлийн чинадаас үргэлжлэн эгшиглэх шүлэг найрагтай хүмүүс тул тэднийг би сэтгэлдээ дээдэлнэм... 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.