Сэлбэ голын эрэг дагуу газрыг тохижуулна

Twitter Print
2019 оны 05-р сар 20-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан холбогдох албаныхантай хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай танилцан,  иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.  

Энэ үеэр иргэд “Автомашингүй өдөр”-ийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ядаж сардаа нэг удаа ийм арга хэмжээ зохион байгуулдаг байх саналаа хотын Захирагчид уламжилж байв.

“Автомашингүй өдрөөр иргэд гэр бүлээрээ, хамт олноороо марафонд гүйж, гудамж талбайгаар чөлөөтэй алхаж, хүүхдүүд эрх дураараа тоглон гүйлдэж байгааг харахад баяртай байна. Улаанбаатарчууд  нэг өдрийг ч гэсэн түгжрэлгүй, бухимдалгүй өнгөрүүлж байна. 

Цаашид “Автомашингүй өдөр”-ийг зөвхөн жилд нэг удаа биш зуны улиралд сар бүр зохион байгуулдаг болгох асуудлыг судалж үзээд,  шийдвэрлэх болно” хэмээн хотын Захирагч хэллээ.

Нийслэлийн Засаг дарга юуны түрүүнд Сэлбэ голын эрэг дагуу алхаж, тэр хавийн сул шороон хөрс бүхий газрыг ямар төлөвлөлтийн шийдэлтэйгээр тохижуулах нь зүйтэй гэдэг зураг төслийг даруй гаргаж, танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Related image

Мөн замын хөдөлгөөн тусгаарлах зориулалтаар автозамын голд байрлуулсан хуванцар хашлагууд хагарч бутран, хотын гудамж талбайг өнгө үзэмжгүй харагдуулах болсон тул бүгдийг нь буулгахыг даалгасан.

Түүнчлэн Чойжин ламын сүм музейн орчмыг иж бүрэн тохижуулах  ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран, шуурхай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хэлсэн юм. 

Мөн Жамьянгүний гудамжинд “Монгол глобал” компанийн барьж байгаа барилгын хашаа нь явган хүний зам руу түрж орсон тул хашааг хойш нь татаж,  стандартад нийцүүлэх, явган хүний болон дугуйн замыг чөлөөлөх үүргийг холбогдох албаныханд, орон сууцны хорооллууд дундах явган хүний зорчих нөхцөлийг хаасан хайс, хашлага, хашааг буулгахыг анхаарууллаа.

Жич: Есөн жилийн тэртээ Сүхбаатар дүүргийн удирдлагууд санаачлан Улаанбаатар хотын дундуур урсдаг Сэлбэ голын урсацыг сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ төслийн хүрээнд усан сан байгуулж, ойр орчимд нь ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бий болгох байв. Улмаар 100 айлын гүүрнээс урагш АНУ-ын ЭСЯ-ны урд талын гүүр хүртэл тохижилтын ажил хийсэн. Гэхдээ төслийн хэрэгжилт төсөөлсөн хэмжээнд хүрээгүйг хэсэгхэн зурвас газрыг хальт тохижуулсан болоод нөгөө хэсгийг нь зөнд нь орхисон дүр зурагтай олон оныг үдсэн.

2017 онд зураг төслөөр Сэлбэ голын МУБИС орчмын хэсэгт гүүр барих, Арслантай гүүрнээс урагш Натур төвийн урд талын гүүр хүртэлх хэсэгт тохижилтын ажил хийхээр төлөвлөөд байсан. 

Хотын өнгө үзэмжийг сайжруулах байтугай гундааж байсан Сэлбэ голыг сэргээж тохижуулах ажлыг хийвэл голын эргээр иргэд зугаалж, агаар салхинд гарах зэргээр амрах нөхцөл бүрдэх юм.

Э.Гүнтөмөр

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (150.129.142.30) 2019-05-20 22:46
      • 0
      • 0

      dund goliin enh taivni guurnees narnii guur hurtel tohijuulmaar bna.

      Хариулах