Д.Жаргалсайхан: Монголын улстөрийг эрс шинэчлэх цаг нь болчихсон...

Twitter Print
2019 оны 05-р сар 20-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн тав дахь өдрийн үдээс хойш “Цөм” сургалтын төвийн философи, сэтгэл зүйн багш Я.Батсүрэн гэнэтхэн утасдаж “Сэтгүүлчээ хоёулаа Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Д.Жаргалсайхантай хамт Багануур дүүрэг орж тэндэхийн ард иргэдтэй хийх уулзалтанд нь оролцоод ирье” гэсний дагу Улаанбаатараас зүүн тийш 140-өөдхөн км газар юу байхав гээд гараад давхисан юм.

Ингээд 17:30-ийн үед Багануурт очиж дүүргийн Тамгын газрын хурлын танхимд орвол ард иргэд хэдийнэ суудлаа эзэлж, уулзалтын гол эзэд болох УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Жавхлан нарыг хүлээцгээж байв. Чөлөөг ашиглан олонд “Тролейбусны Д.Жаргалсайхан” нэрээрээ танигдсан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, УИХ-ын гурван гишүүний шинээр байгуулаад байгаа Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл буюу Шинэ намын идэвхтэй гишүүнтэй хийсэн ярилцлагаа эрхэм уншигч танд сонирхуулж байна.

-Би таныг Ховд аймгийн Булган суманд төрсөн, Торгууд ястан гэдгийг нэгэн телевизийн ярилцлагаас чинь сонсож байсан санагдана. Ингэхэд таны бага нас Ховдын Булган сумандаа яажшуухан өнгөрч, өнөөдрийнхөө мэргэжил, боловсролыг хэрхэн олж авсан бол?

-Миний хувьд Ховд аймгийн Булган сумандаа 1965 онд эхээс мэндэлсэн хүн. Бид чинь ах дүү 10-уулаа, манай аавыг Даньдай гэдэг сүрхий хүн байсан даа. Харин одоо бол  эхнэр таван хүүхдийнхээ хамт амьдардаг. Миний бага нас бусдын л адил Булган сумандаа  өнгөрсөн. 1973- 1983 онд  сумынхаа 10 жилийн дунд сургууль, дараа нь 1983-1988 онд Чехословак улсын Жилина хотын Тээвэр Харилцааны Дээд Сургуулийг Нийтийн тээврийн хэрэгслийн засвар ашиглалтын инженерээр, 1996 онд Англи улсад удирдлагын менежментийн курсийг тус тус төгссөн дөө. Харин ажил хөдөлмөрийнхөө гарааг 1988 оноос Цахилгаан Тээвэр компанид график маршрутын техникч, график маршрутын инженер, төв диспетчер, засварын мастер, засварын депогийн дарга, засвар ашиглалт хариуцсан дэд захирал, ерөнхий инженер, Ерөнхий захирлаар дэвшин ажиллаж ирсэн.

-Та өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөс гадна бас нэлээн олон сонгуульт ажилтай дуулддаг. Өнөөдөр УИХ-ын гурван гишүүний санаачилан байгуулсан Шударга Иргэдийн Нэгдсэн эвсэл намын тэргүүлэх гишүүдийн нэг болжээ. Өнгөрсөн хугацаанд та ямар ямар ажлууд амжуулав даа?

-Хүний амьдрал, нэн ялангуяа идэвхтэй залуу нас богинохон болохоор энүүхэн бага хугацаанд бүтээлтэй амьдарч, их ажил амжуулах хэрэгтэй санагддаг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын зөвлөх инженер, Монголын Төмөрлөг, Машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны ерөнхийлөгч, Монголын зохион бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, Аж үйлдвэржилийг дэмжих ард түмний хөдөлгөөний тэргүүн зэрэг сонгуульт ажлаас гадна “JEA-800” троллейбус, “JEA-800M” электробус, “JEA-800F” дуобус, “JEA-800D” монбусны угсралт үйлдвэрлэлийн технологийг боловсруулсан зэрэг ажлуудыг амжууллаа. Мөн манай үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд Монголдоо анхны цахилгаан машин, Монбусуудыг үйлдвэрлэж эхлээд байна.

Өнгөрсөн хугацаанд миний хийж амжуулсан болон шинэ бүтээлээр бүртгүүлж, технологийн талаас нь шийдвэрлэсэн асуудлууд гэвэл “JEA-800” троллейбус, “JEA-800M” электробус, “JEA-800F” дуобус, “JEA-800D” монбусны угсралт үйлдвэрлэлийн технологи, Өндөр болон нам хүчдэлийн хэлхээний ачааллын тооцоолол, “JEA-800” троллейбус угсрах MN:5773:2007 стандарт зэрэг болно.

Мөн “JEA-800” маркын троллейбус, дуобус, монбус угсрах үйлдвэрийн байрны стандарт, “JEA-800” загварын троллейбус, дуобус, монбус “J-800” загварын автобусны угсралт үйлдвэрлэлийн технологи боловсруулах зэрэг ажлуудыг хийж дээ.

-Таны хувьд мэргэжил нэгт нөхдийн хамт Монголдоо анхны тролейбусыг угсарч, үйлвэрлэсэн нь одоогоос бараг л 15 жилийн өмнө шиг санагддаг. Тухайн үед техник технологи, мэргэжилтэй ажилчид гээд багагүй бэрхшээл саадыг туулсан нь тодорхой?

-Олон саад бэрхшээлийг туулж, бас ч гэж багагүй хэл ам, хардлага сэрдлэгэнд хавчуулагдсаар 2006 онд анхныхаа “JEA-800” торлейбусыг угсарч, үйлдвэрлэн гаргаж байлаа шүү дээ. Түүнээс хойш шинэ бүтээлдээ ашиглагдах ёстой сэлбэг материал болон хөрөнгө санхүүгийн багагүй бэрхшээл туулж, жинхэнэ мэдлэг мэргэжилтэй, гар сэтгэл нийлсэн инженер техникчдээр ч зарим үед дутагдсаар байсан ч тролейбусаа угсрах, үйлдвэрлэх ажлаа тасалдуулалгүй явсаар 100 орчимыг угсарч, үйлдвэрлэн гаргасан нь өнөөдөр ч Улаанбаатарын баруун зах Таван шараас зүүн зах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хүртэл явж л байна. Ер нь бол Улаанбаатарын гол төв зам болсон эдгээр шугамаас гадна хүн ам болон худалдаа, үйлчилгээ ихээхэн төвлөрсөн 3-4-р хорооллын чиглэлд ч манай үйлдвэрийн тролейбус байнгын үйлчилгээгээ үзүүлсээр л явна.

Анх хэрхэн “JEA-800” тролейбусыг угсран гаргаж байсан талаар жаахан түүх сөхвөл тухайн үеийн ЗХУ-д үйлдвэрлэсэн “ЗиУ-683” маркын троллейбусны өндөр болон нам хүчдэлийн хэлхээний электро механик удирдлагатай хоцрогдсон системийг транзисторын удирдлагын систем рүү бүрэн шилжүүлж,  троллейбусны хий системд ашигт үйлийн коефцент өндөртэй бага оврын тоног төхөөрөмжүүд суурилуулах замаар өнөөдрийн ОХУ-аас авдаг өндөр үнэтэй олон нэр төрлийн сэлбэгийн зардлыг хэмнэж чадсан юм.

Ингээд манай хамт олон 2006 оноос эхлэн троллейбусны техник ашиглалт аюулгүй ажиллагаа болон зорчигчдийн тав тух аюулгүй байдлыг хангах, техник технологийн шинэчлэлт хийхийн зэрэгцээ хэдийгээр санхүүгийн хүнд нөхцөлд  байсан ч “Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой”-г угтаж Монгол Улсын “MN55773:2007” стандартын шаардлага хангасан “JEA-800” маркийн транзисторны удирдлагатай анхны троллейбусыг Монгол Улсдаа угсран үйлдвэрлэж чадсан нь ард иргэдийн болон төр засгийн байгууллагуудын халуун дэмжлэгийг хүлээсэн юм.

Удалгүй бидний зүгээс 2007 онд “JEA-800М” загварын электробусыг угсран үйлдвэрлэж үйлчилгээнд гаргаснаар манай  хамт олон цахилгаан тээврийн хэрэгслийг Монголдоо угсран үйлдвэрлэх техник технологийн мэдлэг, чадвартай болсон гэдгээ харуулсан л даа. Тэгээд ч Цахилгаан тээвэр буюу манай  хамт олны уйгагүй хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн ур чадвараар бий болсон “JEA-800” загварын троллейбус, “JEA-800M” загварын электробуснууд нь НИТХ болон Улаанбаатар хотын Засаг дарга нарын дэмжлэгийг хүлээснээр 2008 оноос анхны хөрөнгө оруулалтууд  хийгдэж эхэлсэн.

Энд нэг зүйлийг эргэн дурсахад ОХУ-ын Москва хотын “Мосгортранс” үйлдвэрийн газар болон Улаанбаатар хотын хоорондын гэрээний дагуу Москва хотын Троллейбусны заводаас нийлүүлэгдсэн 12 ширхэг троллейбусны каркасан дээр троллейбусны цахилгаан болон механик эд анги, тоноглол, агрегат, кузовын дотор салоны угсралтын ажлуудыг амжилттай гүйцэтгэн 2008, 2009 онд ашиглалтанд оруулсан. Мөн Нийслэлийн төсвөөс 2008, 2009 онд нийт 1,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд энэхүү мөнгөөр 12 ширхэг UBMOS загварын троллейбусыг ОХУ-ын Москва хотын Троллейбусны Заводтай хамтран угсран үйлдвэрлэж үйлчилгээнд гаргасан зэрэг нь тухайн үедээ томоохон бүтээн байгуулалтын ажлууд болж чадсан юм.

-Таны удирдсан “Цахилгаан тээвэр” компани Монголдоо анхны Цахилгаан машин угсран гаргасан нь олны талархал, басхүү багагүй гайхлыг төрүүлсэн шүү?

-Тэрхүү бүтээн байгуулалтын ажил маань бас л эхнээсээ багагүй бэрхшээл туулж, ихээхэн хэл амтай бүтээгдэж байлаа. Тэр талаар бас л жаахан түүх сөхвөл хамгийн анх 2010 онд нийтийн тээврийн цахилгаан машины тав дахь загвараа гарган авч тэжээлийн 3 эх үүсвэртэй “JEA-800D” загварын “Монбус 1”, “JEA-800” маркийн троллейбус 4 ширхэгийг үйлдвэрлэж Улаанбаатарчуудынхаа үйлчилгээнд гаргаж байлаа. Тэгээд ч удалгүй Японы суудлын автомашин дээр технологийн шинэ шийдэл гаргаж, агаар орчин бохирдуулдаггүй цахилгаан машин болгох туршилтыг амжилттай хийж гүйцэтгэж байв.

Гэхдээ тухайн үед маш их бэрхшээл зовлон, хардлага сэрдлэг биднийг цаг тутамд дагалдаж, сэтгэл санаа болон үйлдвэрлэлийн хувьд ч тун их хавчин боогдуулж байсныг дурдахгүй бол болохгүй санагдаж байна. 2014 онд Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээний шинэчлэл, бүтээн байгуулалтын ажилд зориулан төрөөс 20 тэрбум төгрөгийн тендер зарлагдахад манай Цахилгаан тээвэр компани бүх үзүүлэлтээрээ тэрхүү тендерт ялах боломжтой, тодорхой үүрэг зорилготой, дорвитой бүтээлүүдтэй байсан ч биднийг цаг ямагт доош нь дарж, дээгүүрээ хувааж иддэг, хулгайлан завшдаг том бүлэглэлүүд олон байсан. Тэдгээр бүлэг хулгайч, дээрэмчид Улаанбаатарын нийтийн тээвэрт зориулагдах ёстой, жинхэнэ үйлдвэрлэгчид, эзэддээ очих ёстой хөрөнгө мөнгөнөөс ганцхан улиралд л гэхэд бараг 4 тэрбум төгрөг бүлэглэн хулгайлдаг байсан нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тодорхой болж байсан юм шүү.

Гэтэл биднийг болохоор алхам тутамд гүтгэж, огт ажил хийлгэдэггүй “Улсын үйлдвэрийн газруудыг ажиллуулж болохгүй, тэд дандаа ашиггүй ажилладаг. Энэ Цахилгаан тээвэр гэдэг улсын үйлдвэрийн газрыг хувьд шилжүүлэх ёстой, түүнийг бушуухан хаа” гээд л дайраад байдаг байсан. Намайг ч зүгээр байлгахгүй мөн ч олон удаа хардаж сэрдэж, огт хий хоосноор дайрч гүтгэж байсан юм. Гэхдээ би тэдгээр бүлэг дээрэмчид шиг алхам тутамд хулгай хийж, улсын мөнгөөр туйлж яваагүй. Өнгөрсөн хугацаанд "Хамт олноо яавал ажилтай, орлоготой байлгах вэ, яавал Улаанбаатарын нийтийн тээврийг хөл дээр нь бат найдвартай зогсоож болох бол" гэж байнга бодож, хөдөлмөрлөж зүтгэсээр л өнөөдрийг хүрсэн дээ. 

Өнөөдөр улсын төсвийн тэр их мөнгийг ямар этгээдүүд бүлэглэн хулгайлж, цаг тутамдаа завшиж байсан нь эхнээсээ маш тодорхой болсон. Гэтэл биднийг болохоор “Улсын өмчийн компанийн байранд дур мэдэн  зориулалтын бус үйл ажиллагаа явууллаа, тролебус хэмээх огт хэрэггүй, цахилгаан их зарцуулдаг зүйл угсарч, үйлдвэрлэж байна” гээд л дайрцгаагаад байсан. Яг үнэн хэрэгтээ дээрх тендерийн 20 тэрбум төгрөгөөр гараа угаацгаасан этгээдүүдийн хийсэн Гэмт хэргүүд нь эхнээсээ илэрч, зарим нэг нь тэр шорондоо орцгоосон л доо. Зарим нь ч бурханы шийтгэл хүлээсэн л байгаа. 

-Танай цахилгаан автобуснууд угсрагдаж, үйлдвэрлэл нь хэвийн явж байгаа юу. Яагаад жаахан чимээгүй болчихсон бэ?

-Өнөөх хардлага сэрдлэг, хөрөнгө мөнгөний гачаал зовлон л дагалдаж багагүй зовоосон шүү. Гэхдээ өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “Үндэсний үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлцгээе” гэсэн маш зоригтой сайхан уриалга, дэмжлэгийн үр дүнд бидний цөөхөн Үндэсний үйлдвэрлэгчид болох “Монгол машин байгууламж” болон “Монгол машин индустриал” ХХК-иудын хамтран үйлдвэрлэсэн “МОН-30” загварын цахилгаан автобуснууд өнгөрсөн оны 10-р сараас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлснийг манай иргэд санаж л байгаа. Багагүй хардлага сэрдлэгийг даван туулж бид бүхний хамтран үйлдвэрлэсэн Цахилгаан автобуснууд маань 34 хүний суудалтай, ашигт зай талбай ихтэй учраас зогсоогоор 100-150 хүний багтаамжтай юм. Мөн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, нэг цэнэглэлтээр 200 км зам туулах хүчин чадалтай, жилдээ ердөө л зургаан сая төгрөгийн цахилгаан зарцуулна. За тэгээд Монгол орны халуун, хүйтэн эрс тэс цаг уурын орчин нөхцөлд тохирсон, тэнхлэг доошоо учир зорчигчид бууж суухад намхан, дулаан тохилог гээд маш олон давуу талуудтай л даа.  Товчхондоо бидний үйлдвэрлэсэн тэдгээр цахилгаан автобуснууд маань жилд 48 сая квт цахилгаан хэмнэж, тэр хэмжээгээр Улаанбаатарын агаар, орчны бохирдлыг бууруулах ихээхэн давуу талтай нь онцлог юм.

-Та бүхний үйлдвэрлэж буй цахилгаан автобуснууд Улаанбаатарын харанхуйлсан их утааг багасгах, цахилгаан хэмнэх гээд олон давуу талтай нь ойлгомжтой. Хойшид үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулж, үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх талд ямар анхаарал хандуулж байгаа бол?

-Бид бүхний давын өмнө шийдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байгаа томоохон ажлууд юм л даа. Бидний хамтарсан “Монгол машин байгууламж” болон “Монгол машин индустриал” ХХК-иуд цаашид жилдээ 300-500 цахилгаан автобус үйлдвэрлэн гаргах зорилттой байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгч нараас 500 автобус авах төсвийг тусгасан байсан. Тийм ч болохоор бид томоохон зорилт тавьж, дээрх тооны автобус үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн барилгаа өнгөрсөн зун ашиглалтанд оруулсан л даа. Ингээд яриад байвал маш олон зүйл яримаар л байна. Гэхдээ бидний Багануурын иргэдтэй хийх уулзалт эхлэх болж байх шиг байна. Эцэст нь нэг зүйл хэлэхэд бид бүхний анхлан Монголдоо үйлдвэрлэсэн цахилгаан троллейбус үйлчилгээнд гараад 20 гаруй  жил, мөн анхны цахилгаан автобус “Монбус” нь 10 жил, “Эко-3” хөдөлгүүртэй “Экобус” цахилгаан автобус тав дахь жилдээ явж байгаа шүү. Нэг ёсондоо монголчууд бид бүхэн эх орондоо автомашин, автобус үйлдвэрлээд дээрх хугацааг өнгөрүүлсэн байна шүү.

-Өнөөдөр Багануурын иргэдтэй уулзах уулзалтанд та нэлээн зорилго тавьж, УИХ-ын 3 гишүүний шинээр байгуулсан Шударга Иргэдний Нэгдсэн эвсэл намын тэргүүлэгч гишүүний хувиар оролцож байгаа юм байна. Та бүхний хойшдын эхний зорилго юу байх бол?

-Монголын нийгэмд бугшаад байгаа, ард түмний амьдралыг улам бүр доош нь оруулж, баян ядуугийн ялгааг тэнгэрт гаргаж байгаа өнөөдрийн энэ авлигалд автагдсан нийгмийн байгууламжийг таягдан хаяж, жинхэнэ шударга нийгмийг байгуулах их тэмцэлд ард түмнээ манлайлан оролцох болно. Өнөөдрийн эрх баригчид бүлэглэн хулгайлдаг, ард түмний баялгийг 30-аадхан гэр бүлүүд нийлэн эзэмшдэг, дээрэмддэг өнөөдрийн байдлаа 2020 онд ч хэвээр нь авч үлдэхийн тулд  “Итгэлийн зээл” нэртэй 20 хүртлэх сая төгрөгийн зээл гэгчийг тунхаглан ярьж эхэлсэн байгаа. Тэрхүү 20 хүртлэх сая төгрөгийн зээл гэгч нь ард түмнийг дахин мунхруулж, сэргэж босохгүй болтол нь хууран мэхлэх бэлтгэлээ хангаж байгаагийн яруу тодорхой нотолгоо мөн юм. Бид бүхэн ард түмнээ энэ их хууран мэхлэлт, дахин хөл доороо хийх гэсэн тэрхүү булхай луйвраас нь жаахан ч гэсэн сэрэмжлүүлж, хамтдаа тэмцэхээр өнөөдөр Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, ярилцахаар ирцгээсэн. Бид жил гаруйхан хугацааны дараа болох 2020 оны УИХ-ын сонгуульд МАНАН бүлэглэлийг тас цохин ялалт байгуулж, эх орондоо жинхэнэ шударга, ард түмнийхээ төлөө бүх сэтгэл зүрхээрээ ажиллаж, тэмцдэг нийгмийн цоо шинэ байгууламжтай болохын төлөө эцсээ хүртэл тэмцэх цаг болсон. Тэгээд ч бид өнгөрсөн хугацаанд Монгол орныхоо 20 аймгаар явж ард түмэнтэйгээ уулзахад биднийг ёстой л халуун дотноор дэмжиж, “Хамтран тэмцэх цаг нь болсон” гэдгээ дээрх 20 аймгийн уулзсан иргэн болгон сэтгэл зүрхээрээ илэрхийлж байна лээ.

Бидний давын өмнөх гол зорилго бол өнөөдрийн МАНАН үүсгэн бүлэглэлийн байгуулж, өөрсдийнхөө хулгай дээрмийн бүх ажиллагаа, энэ том дээрмийн бүлэглэлээ хамгаалуулдаг Монголын цагдаа, хууль, шүүх АТГ, ТТГ гээд бүх газарт эрс шинэчлэл хийж, цоо шинэ хууль шүүхийн тогтолцоог  цогцлоон байгуулах болно. Хууль шүүхийн асар том өөрчлөлт, шинэчлэлт хийснийхээ үр дүнд өнөөдөр Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгой гээд асар их баялагтай Монголын ард түмний өмч хөрөнгийг гадаадын дээрэмчидтэй хамтран хулгайлж, дээрэмдэж байгаа МАНАН бүлэглэлийн 200 гаруй хулгайч, авлигач, дээрэмчдийг шударгаар шүүж, ялыг нь эдлүүлэх цаг болсон.

Өнөөдөр С.Зориг агсны амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт гүтгүүлж,  шоронд тарчилж байгаа О.Содномдаржаа, Т.Чимгээ  гэх иргэдийг даруйхан суллуулж, өнөөдөр гэм зэмгүй наранд явж, хэвлэл мэдээллээр олон юм нуршиж байгаа жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг шорон суулгах, хатуу шийтгэх цаг нь болсон. Тэгээд ч бид бүхэн 2020 онд ард түмнийхээ итгэлийг хүлээж, Монголын хууль тогтоох дээд байгууллага УИХ-д ялалт байгуулан олонхи болвол энэ бүх шинэчлэлийг зоригтой эхлүүлж, Монголыг нийгмийг эрүүлжүүлэх болно. Бидэнд ард түмэн маань маш их итгэл хүлээлгэж байгааг өнгөрсөн хугацаанд үнэхээр сайн мэдэрлээ. Тийм ч болохоор бид бүхний Монголын 20 аймгаар тойрч ард түмэнтэйгээ уулзаж ярилцсан болгон биелэлээ олж, удахгүй Монголд шударга ёс, хууль шүүхийн цоо шинэ харилцаа тогтож, манай нийгэм эрүүлжиж, Монгол Улс жинхэнэ хөгжлийнхөө замд орох болно.

-Та бүхний зориглон эхлүүлээд байгаа их тэмцэлд амжилт хүсье. Сая Ж.Батзандан, С.Жавхлан нар ирж байна. Харин Л.Болд гишүүн харагдахгүй байх чинь? 

-Аа өнөөдөр долоо хоногийн ажлын сүүлийн өдөр, баасан гараг болохоор УИХ-ын чуулгантай байгаад манай 3 гишүүн жаахан оройтох шиг боллоо. Л.Болд гишүүн ирж яваа гэсэн. Харин энэ хугацаанд МУСГЗ яруу найрагч Ай.Төмөр-Очир бид хоёр Багануурын иргэдтэй ярилцаж эхлэхээр яарч байна даа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.