Улаанбаатар марафонд 30 гаруй мянган хүн оролцлоо

Twitter Print
2019 оны 05-р сар 18-нд 18:51 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг нээж, хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт нийслэлчүүд болон марафонд оролцохоор хүрэлцэн ирсэн гадны зочид төлөөлөгчид, тамирчид та бүхэндээ автомашингүй, марафонтой спортлог, идэвхтэй Улаанбаатарын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

"Улаанбаатар марафон” спортын арга хэмжээ нь жилээс жилд, зохион байгуулалтын хувьд өргөжин тэлж, оролцогч тамирчид, сонирхогчдын тоо өсөн нэмэгдсээр байгаа төдийгүй олон улсын болон нийслэлийн иргэд, оршин суугчид, орон нутгийн гүйгчдийн хүсэн хүлээж оролцдог томоохон тэмцээн болж чадсанд баяртай байна” гэв.

image

Мөн тэрбээр “Техник технологийн хөгжлийг дагалдан бид хөдөлгөөний хомсдолд орох нь нэмэгдэж, автомашин, гар утасны хэрэглээг дагалдан алхах, гүйх, бие бялдараа хөгжүүлэх боломж улам бүр хязгаарлагдмал болж байгаа энэ үед нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан иргэд оршин суугчиддаа нэг өдөр ч гэсэн автомашинаа орхиж, алхаж, дугуй унан, гүйлтийн тэмцээнд оролцох боломжийг олгодог болсон.

image

Энэ жил бүтэн, хагас марафонд мэргэжлийн гүйлтийн тамирчид оролцохоос гадна иргэд гүйгчдэд зориулагдсан эрүүл мэндийн гүйлт, гэр бүлийн гүйлт, хүүхдийн насны ангиллыг нэмж оруулсан. Ингээд нийт гүйгчид, мэргэжлийн тамирчдад спортын өндөр амжилт хүсье” хэмээсэн юм.

image

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй хүн оролцлоо.

image

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилгоор энэхүү тэмцээнийг 2014 оноос хойш зохион байгуулж буй юм. “Улаанбаатар марафон-2019” эрүүл мэнд, гэр бүлийн гүйлтийн ангиллыг нэмж оруулснаараа онцлог болов.

image

Тус тэмцээний бүтэн марафоны төрөлд Хөнгөн атлетикийн ОУХМ, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа тав дахь жилдээ түрүүллээ. Тэрбээр “Энэ уралдаанд 2014 оноос хойш дараалан таван удаа түрүүлж байгаадаа баяртай байна. МҮИС-ийнхандаа болон Зэвсэгт хүчний 327 дугаар анги хамт олондоо маш их баярлалаа. Дараагийн тэмцээн ДАШТ хүлээж байгаа. Монголчууддаа өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийж байхыг уриалж байна" гэв.

“Улаанбаатар марафон”-д анх 2014 онд дотоод, гадаадын 16 мянга гаруй хүн оролцож байсан бол өнгөрсөн жил 30 мянга гаруй хүн оролцсон юм. Мөн сүүлийн жилүүдэд олон улсад танигдсан нэртэй тамирчид ирж, оролцож буй нь “Улаанбаатар марафон”-ы нэр хүнд олон улсад өсөж буйг харуулж байна.image

image

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.