ХӨСҮТ-д сүрьеэгээ эмчлүүлж байсан сурагч нас баржээ

Twitter Print
2019 оны 05-р сар 17-нд 13:24 цагт
Мэдээний зураг,

ХУД-ийн 15-р сургуульд 2015 онд элссэн найман настай хүүхэд ердөө сар хагасын дараагаас сүрьеэ өвчнөөр өвчилж, улмаар уг өвчнөөс үүдэлтэйгээр нас барсан талаар талийгаач хүүхдийн ээж мэдээлэл өгчээ. Тэрбээр “Миний хүүхэд найман настайдаа 2015 оны есдүгээр сард Ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд элсэн орж байсан. Ангийн багш нь шинэхэн төгсөж ирсэн н.Болормаа гэдэг хүн байсан санагдаж байна. Хүүхэд маань 11 дүгээр сарын амралт эхлэхээс өмнө оройдоо халуурч зовиурлаад байх болсон. Эмчид үзүүлэхээр ханиад байна, бронхит байна, астма, ханиадны шинж тэмдэг байна гэж хэлээд цээжний зураг авахуулаад яваад байсан.

Эмч нарт өчнөөн үзүүлээд явж байхад хэн нь ч сүрьеэ, сүрьеэгээр үүсгэгдсэн өвчин гэж хэлээгүй, мэдээгүй. Арваннэгдүгээр сард хичээлийн амралтаар хөдөө явж хэд хоноод ирэхдээ халуураад ирсэн. Аавтай нь хамт Яармагт байдаг нэгдсэн эмнэлэгт үзүүлээд ч болдоггүй. 2015 оны 12 дугаар сарын 05-ны шөнө хүү маань гэв гэнэт нэрээр нь дуудаад байхад мэдэхээ больчихсон. Орыг нь засаад өгье миний хүү босоорой гэхэд шүлсээ гоожуулаад суугаад байсан. Тэгээд эмнэлэгт очоод үзүүлэхэд эмч нь танай хүүхдээс менингококк өвчний шинж тэмдэг илэрсэн байна гэж хэлээд нугаснаас нь ус авч шинжлэхэд сүрьеэгээр үүсгэгдсэн менингококк болох нь тогтоогдсон. Хүү маань маш олон удаа нугаснаас шинжилгээ авахуулж, эмчилгээ хийлгэж, ХӨСҮТ-д хэвтээд овоо гайгүй болсон боловч 2016 оны дөрөвдүгээр сарын 10-даар эмнэлгээс гарсныхаа дараа өнгөрсөн. Миний хүүг ХӨСҮТ-д хэвтэж байхад 15 дугаар сургуулийн дөрвөн хүүхэд мөн эмчлүүлж байсан. Манай хамаатны 15-р сургуульд сурдаг хүүхэд хүртэл уушгины сүрьеэ өвчнөөр тухайн үед өвдөж, хэвтэн эмчлүүлсэн" гэлээ.

ХӨСҮТ-ийн Сүрьеэ өвчний тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандахаас “Өнөөдрийн байдлаар 529 хүүхэд сүрьеэ өвчний халдвар авсан байгаа” гэж мэдээлэл өгсөн.

ХУД-ийн ЕБС-ийн 15-р сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 1710 сурагч, 130 гаруй багш, ажилтан ажиллаж байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд нийт сурагчдынх нь 3О орчим хувь нь амьсгалын замын гоц халдварт сүрьеэ өвчнөөр өвдсөн.

Нийслэлийн 15 дугаар сургуульд сурч байсан сурагч сүрьеэгээр өвчилж, улмаар ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан гэх мэдээллийг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалтын албаны халдвар судлаач эмч Л.Чинзоригоос тодруулахад “Тухайн сурагч манайд хоёр сар эмчлүүлээд биеийн байдал нь сайжирсан тул 2016 оны хоёрдугаар сард эмнэлгээс гарсан юм. Манайд эмчлүүлж байх үедээ долоон настай байсан. Ямар сургуульд сурч байсныг нь хэлэх боломжгүй байна.

Сүрьеэгийн эмчилгээг зургаан сар хийх ёстой. Тиймээс хэдийгээр хүүгийн биеийн байдал сайжирсан ч диспансерын хяналтад шилжсэн юм. Бидэнд байгаа мэдээллээр тухайн сурагч Өвөрхангай аймгийн Богд сум руу шилжсэн юм байна. Тэнд очоод эмчилгээгээ хэрхэн хийлгэснийг мэдэхгүй. Ингээд тухайн сурагч Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд дөрөвдүгээр сарын 12-нд нас барсан юм байна. Б

ид Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй холбогдож, нэмэлт мэдээлэл авахаар ажиллаж байна. Энэ он гарсаар сүрьеэгээр өвчилснөөс үүдэн нас барсан тохиолдол гараагүй. Бүгд эмчилгээгээ хийлгээд явж байгаа” гэсэн тайлбарыг өгчээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.