Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд хоёрыг дахин харахгүй нь ээ...

Twitter Print
2019 оны 05-р сар 17-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн хэдхэн хоногт “Рио Тинтод тагнуулын мэдээлэл дамжуулсан” хэрэг нь сөхөгдөж, ангийн нөхөр Д.Тэрбишдагваас эхлээд МУСГЗ, нэрт сэтгүүлч Г.Жамъян гуайгаас хүртэл “Монголоос урвагч” цолыг хүртэж, эцэст нь УИХ-ын Эдийн засгийн Байнгын хороон даргын суудлаас ховхорсон Д.Дамба-Очир болон тун саяхан  Эрүүгийн хуульд “Хөөн хэлэцэх хугацааг Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчэх хүртэл тоолно” гэсэн өөрчлөлтийг оруулсан гэм буруу нь тогтоогдоод байгаа УИХ-ын Хууль зүйн Байнгын хороон дарга Ш.Раднаасэд нарыг лав л 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр иргэд олж харахгүй нь тодорхой болов.

Учир нь МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөрхөн  хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан УИХ-ын дээрх хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Нэг ёсондоо Д.Дамба-Очир “Монгол Улсын эрх ашгаас урваж Рио Тинтод үйлчилсэн” хэргээрээ, харин Ш.Раднаасэд нь “Гайгүй өсөх ирээдүйтэй залуухан улстөрч гэж магтаад байсан чинь Эрүүгийн хуульд “Хөөн хэлэлцэх хугацааг нь хүчингүй болгох хугацаа”-г наашлуулж дур зоргоороо авирласан" хэргээр эрх баригч намынхаа ах, эгч нарын дургүйг хүргэж ийнхүү томхон шийтгэл хүлээжээ.

Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар гэгч товариш "Манай намын Хяналтын хороо саяхан хуралдаж, сүүлийн үед үүсээд байгаа асуудлуудыг нэлээн нухацтай авч хэлэлцсэн байгаа. Ингээд  эцэст нь МАН-ын Хяналтын хорооноос дур зоргоороо авирлацгаасан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаанд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй  байх эцсийн шийдвэрийг олонхиороо дэмжиж гаргасан нь үнэн" гэсэн билээ.

Тодруулбал, Д.Дамба-Очир гэгч дур зоргоороо авирлагч товариш нь болохоор Монгол Улс 2038 он хүртэл ашиг хүртэх боломжгүй болчихоод байгаа Оюутолгойн уурхайг  шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлээгүй байхад Рио Тинто компанийн удирдлагуудад тарааж өгсөн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болохоор Эрүүгийн хуульд  “Хөөн хэлэлцэх хугацаа”-тай холбоотой асуудлыг бас л дур мэдэн оруулж ирсэн нь ихээхэн маргаан дагуулж байгаа учраас намынх нь Хяналтын хорооноос таван жилийн хугацаанд ямар ч дэмжлэг үзүүлэхгүй гэсэн эцсийн шийдвэр гаргах гол үндэслэл болж, тэрхүү хатуухан шийтгэлийг оногдуулжээ. Ер нь бол өчигдөрхөн эрх баригч МАН-ын Хяналтын хорооны дээрх шийдвэр нь намынхаа удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг ягштал биелүүлсэн хэрэг гэж дүгнэж болох юм. Мэдээж ганцхан жилийн дараа болох УИХ-ын сонгуульд 2016 оных шиг ялалт байгуулахыг өнөөдрийн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх маш их хүсч, одооноос бэлтгэлээ базааж эхэлсэн.  Тэрээр саяхан Хэнтий, Говь-Алтай, Ховд аймгуудад  ажиллаж сонгогч иргэдтэй уулзан, тэдгээр аймгуудад хэрэгжүүлж байгаа шинэ бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж яваад ирсэн билээ.

Ер нь ч тэгээд түүний толгойлдог, эрх баригч МАН дахь хүчирхэг фракцын нэлээн нууцлаг хурал Эрдэнэт хотод өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур болсон гэх бөгөөд тэр хурлаар “МАНАН бүлэглэлийн гишүүдээс ирэх 2020 оны сонгуульд хэнийх нь ч нэрийг дэвшүүлж болохгүй, хэрвээ аль нэг нь нэр дэвших л юм бол газар сайгүй эсэргүүцэл үзүүлж, тэр этгээдүүдийг яагаад ч дахин УИХ-д оруулан ирж болохгүй” гэдэг нэгдмэл дүгнэлт, шийдвэрт санал нэгдэцгээсэн хэмээн “Тусгаар тогтнолын ордон”-оор хэсэгхэн шуугиад өнгөрсөн байсан.

Харин Ерөнхий сайдын толгойлдог тэрхүү бүлэглэлийн эрчимтэй хийж байгаа МАНАН-гийн эсрэг дайралтанд нэлээн ширүүхэн эсэргүүцэл үзүүлэх, хэдийнээсээ мөнгөнд худалдагдаж ирсэн Монголын сонгогчдын саналыг өөрсөд рүүгээ эргүүлэхийн тулд 20 хүртэлх сая төгрөгийн “Итгэлийн зээл” гэгчийг санаачилж хэрэгжүүлэхээр улайрч яваа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй Д.Хаянхярваа, Л.Оюунхорол нарын МАНАН-гийн төлөөллүүд саяхан Бээжинд очиж Хятадаас тэрхүү мөнгийг босгох ажлаа хөөцөлдөж яваад ирсэн байдаг.

МАН-ын Хяналтын хорооноос ийнхүү хатуухан улстөрийн шийдвэр гаргахдаа мэдээж намынхаа удирдлагын зүгээс өгсөн зааварчилгаа, шийдвэрийг харгалзан үзсэнээс гадна 2020 оны УИХ-ын сонгуульд “Хаширч туйлдсан” Монголын сонгогч иргэд ямар нэгэн луйвар, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд нэр холбогдсон этгээдүүдийг яагаад ч сонгохгүй гэдгийг давхар бодолцсон гэдэг нь тодорхой юм. Мөн түүнчлэн МАН-ын Хяналтын хорооны дээрх хурлын үеэр Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарыг “МАН-аас хөөх хэмжээний буруутай үйл ажиллагаанд оролцсон” хэмээн нэлээн сүр дуулиантай  ярилцсан талаар ч эрх баригч намын “Тусгаар тогтнолын ордон” хавиар шуугиж эхэлжээ. Ер нь бол МАН-ын Хяналтын хорооны өчигдөрхөн болсон хурлын зах зухаас сонирхуулахад ийм дүр зураг харагдаж байгаа бөгөөд эрх баригч МАН дотор 2020 оны УИХ-ын сонгууль угтсан нэлээн хүчтэй тэмцэл ийнхүү өрнөж эхэлсэн нь тодорхой болж эхэллээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.