Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга С.Эрдэнийг АТГ-т шалгуулахаар өглөө

Twitter Print
2019 оны 05-р сар 16-нд 15:47 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын 240 гаруй тэрбум төгрөгийг Капитал банканд байршуулж эрсдэлд оруулсан Ардчилсан намын дарга С.Эрдэнийг АТГ-д шалгуулахаар өгч байна хэмээн хэвлэлийн хурал хийлээ.

Н.Алтанхуяг “Капитал банкны дампууралтай холбоотой иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихсон. Энэний эзнийг нь олох талаар АТГ-ыг ажиллаач гэж хүсэх байна гээд гурван шалтгаан хэллээ. Нэгдүгээрт, Их хурал дээр гишүүд иргэдийн тэтгэврийн мөнгийг банкуудад хувааж байршуулах нь эрсдэлтэй байна. Өчнөөн мөнгө төгрөг алга болох аюул байна гэж гурван жил ярьсан. Юм хийх болов уу гэж хүлээсэн ч хийсэнгүй. Ард түмний мөнгө төгрөгийг яаж хамгаалах гэхээс илүү хэрхэн ашиг орлого олох вэ гэдэг л чухал юм байна. Удахгүй сонгууль болно. Тэгэхээр ирэх жил үүнийг баахан шоу болгож гаргаж ирнэ. Тэгээд улстөржүүлж байгаад АН-аас нэг сул өрсөлдөгч тавиулж авна. ТэгэхээрАТГ-ын шинэ удирдлага ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллана гэж харж байна.

Хоёрдугаарт, С.Эрдэнэ их худлаа ярих юм. Банкинд байршуулсан асуудлыг би мэдэхгүй гэж ярьж байна билээ. Гэтэл С.Эрдэнэ чинь сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллагыг толгойлдог болсон юм. Тэр зөвлөл нь иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банкуудад байршуулдаг журам баталсан. С.Эрдэнийн гарын үсэгтэй. Тэгээд ямар банкинд байршуулах вэ гэдгээ С.Эрдэнээс асуудаг баримт тодорхой бий. Гэтэл надад хамаагүй гэж байна.

Гуравдугаар, “Шударга бусын хонгил” гэгч зүйлийг би анхлан хөндсөн. Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын тавьсан дарга нар өөрчлөгдлөө. Шинэ хүмүүс томилогдлоо. Би тэр хүмүүсийг танихгүй. Гэхдээ энэ хоёр хүний тавиулууд алга болсонд баяртай байна. Энэ шинэ дарга нарыг ажил хийх болов уу гэж олон нийт хүлээж байгаа. Надад ч бас тийм горьдлого байгаа. Тиймээс ажлаа хийх юм болов уу гэдгийг мэдмээр байна. 244 тэрбум гэдэг маш их мөнгө шүү. Арилжааны банкуудад журмын дагуу байршуулж болно.

Гэтэл уулаасаа тамир тэнхээ муутай, хэзээ ч дампуурч мэдэх банкинд байршуулж, иргэдийн мөнгийг гарзанд гаргасан. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг” гэлээ.

"Намайг Ардчилсан намын байрыг долоон тэрбумаар зараад, ямар ч баримтгүй мөнгийг нь үрсэн гэх шалтгаанаар Ардчилсан намаас хөөсөн. Энэ асуудлаар намайг гүтгэсэн тул цагдаад өгчихсөн. Хэрэг үүсчихсэн явж байгаа. Би ардчилалд хайртай, Ардчилсан намд хайртай. Гэхдээ сонгууль надад хэрэггүй. С.Эрдэнийг дагаж далдганаж тойрог авах уу, эсвэл Монгол Улсаа улс шиг авч явахын төлөө тэмцэх ёстой юм уу” гэлээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.