Я.Батсүрэн: Хүн бүрийн ёс зүй дотор тухайн хүний ерөнхий төлөвшил, хүн чанар, энэрэнгүй сэтгэл багтдаг л даа...

Twitter Print
2019 оны 05-р сар 16-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатарынхаа гудамжаар алхаж явахдаа энд тэндгүй сүндэрлэх, тоо нь хэтэрхий олдчихсон Их дээд сургуулийн эргэн тойронд тамхи зууж, утаа баагиулсан залуусыг харж харамсч явдаг аа. Тэдгээр залуусын дунд цэцэг цэврүү шиг жаахан охид хэнэг ч үгүй  зогсохтой олон удаа таарч, ихээхэн гайхаж, бүр дотроо цухалдаж явдагсан. Ялангуяа автобусны буудлын дэргэд хэд гурваараа тамхи татаж, гар утсаараа оролдож, том том юм ярьж зогсох Монголын үр хойч, залуу үеийн маань боловсрол хүмүүжил, ёс суртахуун яагаад ингэтлээ доройтоод байгаагийн учрыг ойлгодоггүй.

Хэдхэн хоногийн өмнө гэрийн зүг явахаар 13-р хорооллын “Торгоны зам” үйлчилгээний төвийн урдах автобусны буудал дээр зогсож байтал тамхи баагиулж зогссон хоёр гурван бандид ёс суртахууных нь доройтол, ахмад үеэ хүндлэх ёс журмын талаар дорвитойхон зэмлэл, сургааль хэлж зогсох нэгэнтэй таарсан билээ. Багш бололтой тэр хүнтэй уулзаж, ярилцлага хийнэ дээ гэж дотроо төлөвлөсөн юм. Харин өчигдөр өнөөх эрхэмтэй мөнөөх л автобусныхаа буудал дээр таарч энэхүү ярилцлагыг хийлээ. Таалан болгооно уу.

-Монголын хойч үе, хүүхэд залуучуудын ёс зүй, хүмүүжил, ерөнхий төлөвшилийн түвшин өнөөдөр нэлээн тааруухан тал руугаа хурдтай өнхөрч байх шиг санагдаад байдаг болсон. Ер нь ч Монголын төрийн эрхийг барьж суугаа улстөрчид, төрийн албанд ажиллаж байгаа нөхдүүдийн ёс зүй ч тун дорой байгааг бид өдөр болгон л харж суудаг болчихлоо. Та Монголын нийгмийн энэ их доройтол, дампуурлыг юу гэж харж, дүгнэлт хийж явдаг бол?

-Та маш цагаа олсон, гэхдээ Монголын нийгмийн сэтгэл зүйг ерөнхийд нь ихээхэн балмагтуулж, ахмад үеийнхнийг түгшүүлж, маргаашдаа итгэх итгэлгүй болгож байгаа хамгийн эмзэг асуудлыг хөндлөө. Яг өнөөдөр ёс зүй, ерөнхий төлөвшил, хүний наад захын боловсрол, хүмүүжил маш муутай залуу хойч үе түрэн гарч ирлээ. Бидний соц нийгмийн үед бүгдээрээ шахуу олж авсан хүнийг хүндлэх, ухамсар соёлтой, даруухан зан төлөв өнөөдрийн Монголын залуу хойч үеийнхний бараг дийлэнх хувьд нь огт байхгүй болон төлөвшиж байна.

Би Монголын үр хойч, залуу үеийнхний ёс зүй, хүмүүжил төлөвшил, ерөнхий эрдмийн мэдлэгийг нь дээшлүүлэх үндсэн зорилготой “Цөм” сургалтын төвөө байгуулаад 15 жил болж байна. Баянзүрх дүүргийн 13-р хорооллын автобусны буудлын өмнөх байшинд байрладаг манай сургалтын төвийн гол зорилго нь Монголын хүүхэд залуу үеийнхэнд ерөнхий эрдмийн мэдлэгийн хоцрогдол, ёс зүйн хүмүүжил, зан төлөвийнх нь доройтлыг багасгах, арилгах гээд өнөөдөр Монголын нийгэмд тулгамдсан, хамгийн чухал хичээлүүдийн хажуугаар гадаад хэлний сургалт явуулж байна.

Нийгмийн ухааны багш Я.Батсүрэн би сүүлийн 10-аад жил хүүхдүүдийн нийгмийн ухааны төлөвшил, боловсролыг гүнзгийрүүлэхээс гадна хамгийн гол нь ёс зүйн хүмүүжил төлөвшил, хувь хүнийх нь зан чанар, үзэл бодлынх нь талаар нэлээн судалгаа хийж, хичээлийнхээ үндсэн агуулгыг нь ч тийш чиглүүлэн ажиллаж ирлээ. БСШУСЯ-наас энэ 2019 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Ёс зүйн боловсрол, түүний төлөвшил” сэдвээр телевизийн ярилцлага нэлээн хэдийг хийж, Монголын хүүхэд залуу үеийнхний анхаарлыг тэр зүг рүү бага ч болтугай хандуулахын тулд хэр чадлаараа л ажиллаж байна.

Image may contain: 3 people, people sitting

Манай сургалтын төвөөс зохион байгуулж, жил бүр 400-800 хүүхэд залуучуудыг хамарсан сургалт, семинарыг Төрийн ордон болон Багшийн хөгжлийн ордонд хийж ирлээ. Манай тэрхүү сургалтын гол зорилго нь Монголын хойч үе, хүүхэд залуучууд маань ёс зүйн ерөнхий хүмүүжил, мэргэжлийн зөв чиг баримжаагаа хэрхэн олж авч болох талаар  болон одоо Монголын нийгэмд ихээхэн алдагдаад байгаа хүнлэг ёс журам, нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрлан хүндлэхийн цаад мөн чанарын талаар уламжлал болгон явуулдаг юм.

-Ялалтын баяраар танай “Цөм”сургалтын төвөөс Багшийн хөгжлийн ордонд ОХУ-ын Плехановын нэрэмжит Эдийн засгийн ухааны Их сургуультай хамтран нэгэн сургалт, ярилцлага зохион байгуулсан гэсэн байхаа. Тэр сургалт, ярилцлагыг хүүхэд залуучууд аль хэр сонирхсон бол. Ер нь дэлхийн хоёрдугаар дайны түүхэн ялалт байтугай, удахгүй 80 жилийнх нь ой тохиох Халх голын ялалтын талаар ямар ч мэдлэггүй, тэр талаар огтхон ч сонирхдоггүй  Монголын залуу үе өсч байна л даа?

-Та жаахан хатуу ч гэсэн дандаа л чин үнэнийг хэллээ. Бидний зохион байгуулсан Ялалтын баярын өдөрт зориулсан тэрхүү нэг ёсны сургалт, нөгөө бодлын Монголын хүүхэд, залуу үеийг ахмад үеийнхнийхээ туулаад ирсэн бахархалт он жилүүд, тэдний эх оронч, зориг баатарлаг үзлээр бага ч болтугай хүмүүжүүлэх гэсэн сургалт, ярилцлаганд хүүхэд, залуучууд нэлээн чамлалттай ирсэн л дээ. Уг нь бол Дэлхийн хоёрдугаар дайнд Оросын ард түмэн бараг л 30 гаруй сая хөвгүүд, охидынхоо амь насаар түүхэн ялалт байгуулсан тэр гавъяа нь манай монголчуудад ч ач буянаа хайрласан агуу их ялалт байсан юм шүү дээ.

ЗХУ-ын дөрвөн удаагийн болон БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын командалсан Оросын цэрэг арми, МАА-ын цэргүүдийн хамтарсан хүч Халх голд Японы түрэмгийлэгчдийг бут цохиж, эх нутгаасаа хөөн гаргасан түүхэн ялалтын 80 жилийн ой удахгүй ирэх есдүгээр сарын дундуур болох гэж байна. Энэ түүхэн ялалтын 80 жилийн ойн баярт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирж оролцоно гэж байгаа. Тэр чухал мэдээллүүдийг нэгтгэн базсан, хажуугаар нь хүүхэд залуучуудын нэлээдгүй хэсэг нь ихээхэн сонирхдог ОХУ-ын Их дээд сургуулиудад суралцахад ямар хөнгөлөлт, урамшуулал эдлүүлдэг, тэдгээрийг манай хүүхэд залуучуудад улам бүр нээлттэй болгон ойртуулахын тулд хамгийн сүүлийн үед ямар дэвшилтэд арга механизм хэрэгжүүлж байгаа талаар Монгол Улс дахь Плехановын нэрэмжит Их сургуулийн эрдэмтэн багш нар тавьсан илтгэлдээ маш тодорхой өгүүлцгээсэн л дээ.

Image may contain: one or more people and indoor

-Улаанбаатарын энэ олон яам тамгын газруудын  дэргэдүүр өнгөрч явахад жигтэйхэн олон тамхи татсан, гар утсаараа оролдсон “хурган дарга” нар болон төрийн албан хаагч нэртэй нөхдүүд л бужигналдаад байдаг. Гэтэл тэднээс үлгэр дууриалал авч, яг л тэдний замаар замналаар өсч байгаа залуу үеийнхэн маань ядаж л автобусанд ахмад настанд сандал тавиад өгч мэдэхгүй, энд тэндгүй л тамхи татсан, нийлж дарвисан байдлаар өсцгөөж байгаа. Энэ талаар сэтгэл зовж явдаг багшийн хувьд юу хэлэх вэ?

-Өнөөдөр Монголын төрийн алба бол үнэхээр сэтгэл эмзэглэмээр болчихсон, за тэгээд цагдаа, хууль, шүүх, төрийн албаны бараг бүх шатанд авлига хээл хахууль дээд зэргээр цэцэглэн хөгжчихсөн, энд тэндгүй л баахан луйварчид шавааралдсан мөн ч хачин жигтэй цаг үед бид бүхэн амьдарч байна. Ажил мэргэжилдээ ч тааруу байгаад зогсохгүй нь ёс зүй, ерөнхий зан суртахуун, төлөвшил, хүн чанар зэрэг нь ихээхэн доройтжээ. Монгол Улсын төрийн бүх л албан газарт Ёс зүйн хороо байдаг, байх ч шаардлагатай л даа. Тэр байтугай өнөөдөр Монголын нийгмийг хамгийн их булингартуулж, авлига хээл хахууль, албан тушаал, эрх мэдлийн гэмт хэрэг, үйлдлүүдийг хамгийн ихээр үйлддэг болчихсон УИХ-ын дэргэд Ёс зүйн дэд хороо гэж уг нь байдаг ухаантай. Өнөөдрийн ийм их хачирхалтай, хүнлэг ёс журам, ах захаа хүндлэх, хайрлан энэрэх сэтгэл улам бүр холдож хөндийрсөөр л байгаа Монголын нийгэмд өсөн торниж байгаа хүүхэд залуу үеийнхээ ёс зүйн боловсролыг бүр багаас нь, тухайлбал цэцэрлэгээс нь олгож эхлэх шаардлагатай болжээ. 

Тэгээд дунд сургуулийн хичээлийн програмд ёс зүйн боловсрол, хүнлэг ёсны төлөвшил суулгах талын цагийг заавал ч үгүй оруулж өгөх цаг хугацаа нэгэнт болчихжээ. Тэгээд ч энэ талаар огтхон ч олигтой анхаарч бодолцолгүй, хий дэмий л ардчилал, зах зээлийн талаар худлаа үнэн цэцэрхсээр 30 жилийг өнгөрүүлчихээд эргээд харахад Монголын нийгэм үнэхээр хөөрхийлөлтэй “Буруу замаар будаа тээсэн” нь тодорхой байгаа юм.

Байдал нэгэнт ийм хөөрхийлөлтэй болчихсон, хүүхэд залуу үеийнхэн маань  ёс зүйн боловсрол тун муутай, ухамсар хүмүүжилгүй өсөн торниж байгаад Монголын төр засаг, ялангуяа Ерөнхийлөгчийн зүгээс онцгой анхаарал хандуулж, нийгэм даяараа ёс зүйн зөв төлөвшил, хүмүүжилтэй болгох сургалт хүмүүжлийн цогц болдлого баримтлах шаардлагатай болчихлоо.

-Өнөөдөр эх орон маань ардчилал, зах зээлийн нийгэм гэгчтэй нүүр тулан уулзсанаас хойш удахгүй 30 жилтэйгээ золгох гэж байна. Монголчууд бид сэтгэлгээний хувьд нэлээн өөрчлөлттэй болцгоож, ёс зүй, хүнлэг чанар, бие биенээ хайрлан энэрэх талаар хуучин социалист нийгмийн үеэс асар их ялгаатай болчихсон. Сэтгэлгээг нь жаахан ч гэсэн өөрчлөх, хүнлэг ёсыг төлөвшүүлэх талаар “Цөм” сургалтын төв яг ямар үйл ажиллагаа, сургалт явуулж байгаа бол?  

-Муу хэлүүлээд байдаг өнөөх социалист нийгэмд ёс зүйн хувьд маш их давуу талтай хоёр ч учир шалтгаан, бодит тогтолцоо байсан гэж би боддог юм. Нэгдүгээрт маш сайхан хөдөлмөрч, чин үнэнч зүтгэлтэй шинж чанар нийгэм даяараа байсан юм. Хоёрдугаарт, нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрладаг, яаж ийгээд тус дэм болдог хүн чанар жинхэнэ ёсоороо бүрэлдэн тогтсон, нийгэм тэр аяараа тэр талаар боловсорсон, чин сэтгэлээсээ хандаж чаддаг байсан л даа. Энэ хоёрхон агуу шинж чанар өнөөдөр Монголын нийгмээс өдөр тутамд алсран холдож байгааг сэтгэл шимширч, зүрх хөндүүрлэн харж, мэдэрч явдаг даа. 

Та түрүүнд “Автобусанд ахмад настанд сандал тавиад өгдөг хүүхэд алга болжээ” гэж яг л үнэнийг сэтгэл хөндүүрлэмээр хэлж байсан. Үнэхээр ч тэдний маргааш ирээдүйнх нь талаар Монголын нийгэм цаг алдалгүй бүх нийтээрээ сургаж хүмүүжүүлэх, төлөвшүүлэх цаг болчихоод байна шүү дээ. Ер нь бол 1990 оны ардчилалаас хойших өнгөрсөн он жилүүдэд хамгийн харамсалтай нь Монгол хүний хүн чанар маш их алдагдаж, эвдэрсэн. Тэрхүү ардчилсан хувьсгалын дараагаас хувийн өмч гээч зүйл Монголын нийгмийг савлуулж, ганхуулсаар гэнэтхэн л сад тавиад орж ирсэн. Хүн болгон хувиа боддог, бусдыг хайрлаж энэрэх сэтгэл, эх орноо чин сэтгэлээрээ бахархан магтдаг, хайрладаг үзэл санаа алгуурхан алга болж эхэлсэн. Өнөөдөр үнэндээ гудамжинд тамхи баагиулж, гар утсаараа оролдож, автобусанд цонх руу л ширтэж бусдыг үл тоомсорлож яваа залуучуудын дотор “Цэрэгт явъя, эх орноо хамгаалъя” гэсэн чин сэтгэлтэй нь хуруу дарам цөөхөн болчихсон.

Английн Ерөнхий сайд асан У.Черчилль аль эрт 1946 онд л “Хүн төрөлхтөнд ардчиллаас өөр хамгийн зөв сонголт, нйигмийн байгууламж байхгүй” гэж хэлчихсэн байдаг ч яг өнөөдөр бол Монголын ардчилал, хүнлэг ёс, ерөнхий суурь мэдлэг боловсрол нь маш буруу тийшээ л яваад байна. Тэгэхээр өнөөдөр Монголын нийгэм, ялангуяа залуу үеийнхээ хүн чанар, суурь хүмүүжлийн талаар халаглаад суух биш иргэн бүр санаа тавих, хамтран тэмцэх цаг болчихоод байна.

Нийгэмд хамгийн чухал бодлого боловсруулах, үр дүнг нь хэлэлцэх, дүгнэх ёстой БСШУСЯ гэхэд л зүгээр нэг дөрвөн жилийн программ, бодлого чиглэл яриад л сууцгааж байдаг. Гэтэл бид нар 40-50 жилийн алс ирээдүйг харж, тооцоолж төлөвлөх шаардлагатай болчихоод байна шүү дээ.  

Яг цаг нь тулж, амьдрал шаардаад ирэхээр ямар ч хүн боловсролтой, боловсролгүй амьдраад л явдаг. Гэтэл ямар ч ёс зүйгүй, төлөвшил хүмүүжилгүй хүн сайн сайхан амьдарна, ирээдүйд энэ нийгмийн дунд хөлөө олоод явна гэдэг бараг л бүтэхгүй зүйл шүү дээ. Ёс зүйтэй, зөв төлөвшилтэй ямар ч хүн энэ нийгмийн дунд хөлөө зөв олоод, амар тайван, сайхан амьдраад л явчихдаг. Гэтэл ямар ч ёс зүйгүй, бүдүүлэг, ухамсар дорой этгээдүүд бол яаж ийгээд л буруудаж, амьдралаас алгуурхан холдож, хөндийрөөд л явчихдаг. Харин ёс суртахуун нь хууль дүрмийг зөрчөөд ирэхээрээ л эрх зүй рүү орж, хуулийн байгууллагын хараанд ороод явчихдаг.

-Уг нь та бид хоёр яг ингээд сайхан ярилцаад байвал ярих тодруулах асуудал мөн ч их байна санж. Ангийн хаалгыг олон хүүхэд онголзуулаад, дараагийн хичээл эхлэх цаг болчихсон бололтой. 

-Хичээлийн маань цаг болчихсон байна. Намайг зорин ирж чин сэтгэлээсээ ярилцлага өрнүүлсэн танд их баярлалаа. Таны яриаг олон хүн, ялангуяа хүүхэд залуус анхааран олноороо уншаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна даа, баярлалаа.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.