"Оюутолгой"-г харж байж Монголд хөрөнгө оруулах эсэхээ шийднэ...

Twitter Print
2019 оны 05-р сар 18-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

"Оюутолгой"-г Австралид уулзсан гурван монгол хүн тутмын нэг нь, харин гаднын хоёр нь асууж, сураглаж байх жишээтэй. Ер нь манай улсад гоё нэртэй мега төслүүд хэрэгжих эсэхийг, Монголд хөрөнгө оруулалт цаашид шинээр болон нэмж хийхээ гаднын хөрөнгө оруулагчид "Оюутолгой" төслөөр л хэмжиж, баримжаалж байгаа нь эндээс андашгүй мэдрэгдэнэ.

Гаднынхан "Оюутолгой"-г л ингээд гацвал Монголд баяртай гэж хэлэхэд бэлэн явна. Энэ төслийн хувь заяа хаашаа, яаж эргэхээс Монголын маргааш, төгрөгийн ханш, ажлын байр, таны үр хүүхдийн ирээдүй, шууд хөрөнгө оруулалт шалтгаалах ийм хариуцлагатай үе хэдийнэ иржээ. Дараа дараагийн том төслүүд хэрэгжих үгүйг "Оюутолгой" бас шийдэхээр байна.

Зөвхөн Монгол гэсэн гарцгүй хувилбар хөрөнгө оруулагчдад байхгүй. Тэдний өмнө сонголт нээлттэй бөгөөд өргөн байна. Харин гол дурлах шалтгаан нь дэргэд буй өмнөд хөршийн цоорхой шанага шиг зах зээл. Бусдаар Монголд бизнес явуулна, хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нуль эрсдэл болсныг зарим нь тоглоом шоглоом болгон хэлж байх юм.

Хариуцлагагүй улстөрчдийн балаг, тэдний зөвхөн өөрсдийгөө бодсон, өнөөдрөө харсан, би л 20 онд ялж байвал ард түмний амьдрал, энэ улсын ирээдүй хамаагүй гэх харалган байдал нь эх орноосоо монголчууд дайжих шалтгаан болж байгаа. Хэн ч эх орондоо ажиллаж, амьдрахыг бодно, хүснэ. Гэтэл боломжийг нь улстөрчид үгүй хийж, ганцхан өөртэй, өөрийн бизнест ашигтайгаар шийдэж ирсэн нь өнөөдрийг улам илүү дордуулсан.

Монголд татвар төлж, ажлын байр олноор бий болгож, залуусын эх орондоо сайхан амьдрах тэр боломж, баталгаа болж буй хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдын итгэл дээр улстөрчид тоглолт хийгээд байвал хөгжил ухарна, төгрөгийн ханш унана, хүмүүс ажилгүй болно, зээлийн чанар муудна, улсаараа дампуурна. Үүний зовлонг ард түмэн л яс махаараа үүрнэ, мэдэрнэ. Харин нөгөө "цэцэн" түшээд тэр үед далайн эрэг бараадсан байна. Австрали гэхэд бусдын мөнгөөр л хөгжиж, хөгжлийн замдаа орсон.

"Оюутолгой"-д алдаа, оноо аль аль нь бий. Гэхдээ үүнийг залруулж болно. Бүх зүйл 100 хувь төгс гэж үү... Төслийн дөнгөж хоёр дахь шатны бүтээн байгуулалт явж байна. Харин сонгууль ойртох үед л энэ төслийг ярьж дөвчигнөх нэр бүхий хэдэн гишүүдийн үйлдэл үнэндээ ч таалагдахгүй байна. "Оюутолгой" хуучрахгүй сэдэв гэвэл тийм. 2020 оны сонгуулиа одооноос гишүүд бодож сэрэх бус Монголоо бодох цаг иржээ.

Батбаярын Баяртогтох

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.