Охидын бэлэг эрхтэн яагаад үрэвсэж улайдаг вэ?

Twitter Print
2019 оны 05-р сар 16-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Охидын гадна болон дотно эрхтэний салст бүрхүүл бэлгийн бойжилт эхлэхээс өмнө маш нимгэн учир ихэд эмзэг, хамгаалах чадваргүй байдаг. Иймд гадны элдэв нөлөөнд амархан цочирч үрэвсдэг. Ээж нар ихэнхдээ бяцхан охиных нь бэлэг эрхтнээс ялгадас гарч, улайх, загатнах, хорсох шинж тэмдгүүд илэрч эхлэнгүүт олон дахин угааж арчилгаа сувилгаагаа эрчимжүүлдэг. Гэвч харамсалтай нь энэ нь тэдэнд хүссэн үр дүнг авчирч чаддаггүй.

Төрсний дараа охидын үтрээний бичил орчинг эхийн үтрээний бичил биетнүүд бүрэлдүүлнэ. Иймд залуу эхчүүд маань ялангуяа эмэгтэйчүүдийн талаас эрүүл байх нь маш чухал. Хэрвээ эх жирэмсний төгсгөлд үтрээний дисбактериоз буюу нянгийн тэнцвэргүйдэл, шээс бэлгийн замын халдвартай байсан бол охид нь мөөгөнцөр болон бусад нянгаар халдварлах бөгөөд эмчлэхэд нилээн төвөгтэй, цаг хугацаа их шаарддаг.

Охины тань бэлэг эрхтний орчмын арьс салст улайх, идээрхэг ялгадас гарах, хорсох, загатнах шинж илрэх, мөн бэлэг эрхтнийх нь хөгжил зөв бус мэт санагдвал та мэргэжлийн эмчид хүүхдээ заавал үзүүлэх шаардлагатай.

Шалтгааны хувьд баастай живхийг солхигүй удах, бөгсийг хойноос урагш арчих, саван, шампунь, ванны хөөс, өнгө үнэртэй ариун цэврийн цаас хэрэглэх, цагаан хорхой, синтетик материалтай дотуур өмд зэрэг байж болно. Бага насны охидын хувьд дотуур нь өмд нь бариу байх, бохир гараараа бэлэг эрхтэнээ оролдох нь шалтгаан болдог. Мариа ихтэй, тарган, экземтай бол бэлэг эрхтэн үрэвсэж улайх нь элбэг. Бага насны охидод мөөгөнцрийн шалтгаантай бэлэг эрхтэний үрэвсэл ихээхэн ховор.

Охидын насны тодорхой үеүдэд харилцан адилгүй эмгэг өөрчлөлтүүд тохиолддог. Тухайлбал, нэг сартайгаас 3 хүртэлх насны охидод синехи буюу бэлгийн бага уруул нийлэх (шээсний сүвийн дээхнүүр хоорондоо нийлсэн байдлаар харагддаг) шинж элбэг тохиолддог. Үүнийг залуу ээж нар анзаарахгүй буюу мэдэхгүй байх нь олонтаа. Энэ үед шээхэд бэрхшээлтэй болох ба халдвар авах магадлал эрс нэмэгддэг байна. Синехи нь төрөх үед халдвар авснаас, мөн ээжүүд хүүхдээ олон дахин угааж хэт арчилснаас үүдэлтэй үүсдэг.

Image result for baby girl's hygiene washing

Охидын бэлэг эрхтнийг угаах нь нэг талаас чухал боловч нөгөө талаас маш аюултай үйлдэл юм. Ихэнх ээж нар угаалгыг яаж зөв хийх, ямар зорилгоор хийж буйгаа тэр бүр мэддэггүй. Савангаар байнга угааж болохгүй. Яагаад гэвэл хүүхдийн үтрээний хэвийн бичил биетнийг устгаж хамгаалах чадварыг нь сулруулснаар өвчин үүсгэгч нян үржих нөхцлийг бүрдүүлнэ, салст бүрхэвчийг хуурайшуулснаар хамгаалах давхаргыг гэмтээнэ.

Хөлс тосны булчирхай гүйцэд ажиллаж эхлээгүй байдаг болохоор тэгж байнга угаах ч шаардлагагүй байдаг. Ер нь 1 хүртэлх насанд бэлэг эрхтнийг буцалгаж хөргөсөн усаар, түүнээс дээш насанд урсгал бүлээн усаар угаах л хангалттай байдаг. Харин угаахдаа охидын бөгсийг урдаас хойш арчих, усанд оруулахдаа шүршүүрт толгой, биеийг нь угаах, усанд орсны дараа бэлэг эрхтэнг цэвэр усаар сайтар зайлж саван хөөсийг бүрэн арилгах, дээш нь харуулж бариад крантны бүлээн усаар угаахад л хангалттай. Бөгсийг угаахдаа доош нь харуулж баривал баастай ус бэлэг эрхтэн рүү урсана гэдгийг анхаараарай.

Тэгвэл 3-аас 10 хүртэлх насны охидод гадна бэлэг эрхтэн үтрээний үрэвсэл (вульвовагинит) элбэг тохиолддог. Үүний шалтгаан юу байж болох вэ?

Хүүхдийн дархлаа, бие махбодын эсэргүүцэл сулрах буюу мөн хүүхэд цэцэрлэг буюу сургуульд дасан зохицох шаардлага тулгарахад үүсдэг янз бүрийн стрессүүд нөлөөлдөг. Эдгээр нь гадна бэлэг эрхтний салст дээр өвчин үүсгэгч нянгууд өсөж үржих нөхцөлийг бүрдүүлнэ. Гадна бэлэг эрхтэн, үтрээний үрэвслийн үед бэлэг эрхтэн улайх, хавдах шинж илрэх ба хорсож загатнаснаас хүүхэд тайван бус болж улмаар шээх үед үрэвссэн арьс цочирч зовиур нь улам ихэсдэг. Хүүхдийн нойр нь хямарч уйлаг болно. Эмчлэхэд төвөгтэй, тухайн хүүхэд бүрт тохирсон цогц эмчилгээг ихэнхдээ хэд хэдэн удаа давтан хийх шаардлагатай байдаг тул эцэг эхчүүдээс тодорхой хэмжээгээр тэвчээр шаарддаг. 

Image result for baby girl's hygiene

Түүнээс гадна бэлгийн замаар дамждаг халдвараар үүсгэгдсэн үрэвсэл хамгийн бяцхан охидод ч тохиолдож болно. Жишээ нь, заг хүйтэн, трихомоноз, хламидиоз гм.

Эдгээр халдвар охидод эхийн хэвлийд байх үед ээжээс нь дамжиж ирдэг. Заримдаа хүүхэд ахуйн замаар ч дээрх халдваруудыг авах тохиолдол байдаг тул охидын эрүүл мэнд эцэг эх, хамт амьдардаг ах дүү нарын эрүүл мэндээс мөн хамаарна. Заримдаа хүүхэд цагаан хорхойтох үед дээрхтэй адил шинж тэмдгүүд илэрч болохыг анзаарах хэрэгтэй. Мөн ямар нэг харшилын үед (мөн атопик дерматит) гадна бэлэг эрхтэн нь улайх, загатнах шинжүүд гарч болно. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн үйл ажиллагааны үндэс суурь хүүхэд насанд л бүрэлдэн тогтдог тул эцэг эхчүүд анхааралтай байж шээс бэлгийн замын эрхтнүүдэд ялимгүй ч гэсэн өөрчлөлт гарвал ичиж айх хэрэггүй, ийм байх ёстой юм болов уу ч гэж бодох хэрэггүй шууд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Мэргэжлийн эмч охидын үзлэг хийж шаардлагатай бол бэлгийн замын ялгадаснаас наац бэлдэх (мазок), нян ургуулах, шээс бэлгийн замын халдвар илрүүлэх болон бусад шинжилгээнүүд хийнэ. Үүний дараа эмч шинжилгээний үр дүнгээс хамаарсан эмчилгээ, эрүүл ахуй, арчилгаа сувилгаа, хоолны дэглэмийн талаар зөвлөнө.

Төгсгөлд нь хэлэхэд таны хүүхдийн эрүүл мэнд эцэг эхчүүд та бүгдийн анхаарал халамжаас ихээхэн хамаарах бөгөөд хүүхдээ эрүүл амьдрах хэвшилд сурган, шаардлагатай тохиолдолд эмчид цаг алдалгүй хандаж байхыг зөвлөж байна.

Эрүүл мэнд хуудас

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.