УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Тост Тосон бумбыг сүйдэлж дуусгах нь ээ...

Twitter Print
2019 оны 05-р сар 15-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

Хувьдаа 31 компанитай УИХ-ын гишүүн өнөөх Б.Чойжилсүрэн гэгч нь Өмнөговь аймгийн хамгийн баруун захын Гурвантэс сумын нутагт оршдог Тост, тосон бумбын нуруунд 43153.96 га талбайг эзэмшдэг “Саус гоби Коал транс” компанийхаа үйл ажиллагаагаар тус сумын байгаль экологи, хүн ардын эсрэг ноцтой дайралт хийж, ихээхэн хохирол учруулж байгаа талаарх нэгэн хэвлэлийн бага хурал саяхан “Монгол ньюс” мэдээллийн төвд боллоо. Тэрхүү Хэвлэлийн бага хурлыг “Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн”-ийг санаачлагчид болох Өмнөговь аймгийн унаган иргэн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Монгол Улсын Ардын жүжигчин, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Монгол Улсын гавъяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр нарын зэрэг хүмүүс удирдан хийлгэсэн юм.

Тост, Тосон бумбын нуруу нь Өмнөговь аймгийн төвөөс баруун зүгт 308 км, Гурвантэс сумын төвөөс баруун тийш 40 км, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог Говийн Алтайн нурууны салбар, Алтайн нурууны зүүн төгсгөл юм.  

Өнөөдөр “ханаж цаддаггүй шуналтан” Б.Чойжилсүрэнгийн компани бараг л эзэгнээд байгаа Тост, Тосон Бумбын нуруунд Монгол орны улаан номонд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамал ургадаг, говь хээрийн бүсэд ховорт тооцогдох баялаг нөөц, шим тэжээл бүхий нутаг төдийгүй дэлхийд ховордож  улаан номонд орсон цоохор ирвэсийн идээшин амьдардаг гол нутаг билээ.

Өнөөдрийн Хэвлэлийн бага хурлаар онцолсон гол асуудал нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэгчийн эзэмшдэг дээрх компаниас гадна Тостын нуруунд уул уурхайн хайгуулын 13, ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгааг дурдсан нь юм. Дээрх олон шуналтнуудын эзэмшилд ашиглалтын нийт 59515.68 га талбай байгаагийн 73 орчим хувь буюу 43153.96 га талбайг нь өнөөх “шуналт” Б.Чойжилсүрэнгийн мэдлийн “Саусгоби коэл транс” ХХК дангаар эзэмшиж байгааг ч дурдсан. Гэхдээ “Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн”-ийнхөн дээрх тоо баримтыг дахин нягталж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл Тостын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ААН-үүдээс хамгийн их, түүний дотор хамгийн том ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэмшиж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коэл транс” ХХК Тостын нурууг үнэхээр сүйтгэж дуусч байгааг ч дурдсан юм.

Ер нь бол УИХ, Засгийн газрын тогтоолоор тусгай хамгаалалтанд авагдсан Тост, Тосон бумбын нуруу орчмыг талхлан сүйтгэж байгаа гол эзэн нь болох Б.Чойжилсүрэнгийн мэдлийн “Саусгоби коэл транс” ХХК нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон нутгийн иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой халдаж байгаа аж. Иймд төр засаг, хууль хяналтын байгууллага, нийт иргэд, хэвлэл мэдээллийнхэнд хандан шаардлага хүргүүлж байгаагаа ч дуулгаснаар өнөөдрийн Хэвлэлийн бага хурал өндөрлөсөн юм.

Үнэндээ ийм л их “цаддаггүй шуналтан” УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэгч нь үнэхээр Монгол хүн мөн болов уу. Мөн бол түүнд Монгол орныг хайрлах, энэрэх өчүүхэн ч болтугай сэтгэл байдаггүй л юм байх даа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (166.137.10.77) 2019-05-16 12:16
      • 0
      • 0

      Hymyys mini Ene hyniig ogtsruulah bolon idsen uusniih n toloo yvdag gazar n yvuulahiin toloo hamtran tentse

      Хариулах