Тувагийн нүүрс Монголоор дайрч урагшаа гарах уу...

Twitter Print
2019 оны 05-р сар 14-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

Түүх сөхвөл 1939 оны тавдугаар сарын 11-нээс наймдугаар сарын 31-ний хооронд Халх голын дайн өрнөж Орос-Монголын армийн ялалтаар төгссөн байдаг. Ингээд тэр оныхоо есдүгээр сарын 15-нд Москвад ЗХУ-Японы хооронд дайн зогсоох гэрээ байгуулж, маргааш өдрийнх нь 14:00 цагт Халх голын дайн зогсчээ. Энэ дайнд ЗХУ-Монгол-Японы талаас нийтдээ 33 мянган цэрэг эрс амь үрэгдсэн гэдэг.

Тэрхүү түүхт ялалтын 80 жилийн ой ирэх есдүгээр сарын 16-нд болох бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд албан ёсоор хүрэлцэн ирэх нь тодорхой болоод байгаа. Энэхүү түүхт ялалтын 80 жилийн ойн өмнө ОХУ-аас Халхгол сумын төв Сүмбэрийг шинэчлэн тохижуулахад зориулан 8 сая Евро буюу 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд бүтээн байгуулалтын ажил нь одоо ид өрнөж байгаа билээ.

Хамгийн гол нь ОХУ-ын Ерөнхийлөгч, энэ цагийн дэлхийн улстөр, эдийн засгийн бодлогын толгойд яваа В.Путины Монгол Улсад хийх энэхүү түүхэн айлчлалын үеэр нэгэн чухал яриа хэлцлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийж, удахгүй хэрэгжүүлэх нь тодорхой болоод байгааг улстөрийн хүрээнд ярьж эхлээд байна. Тэрхүү түүхэн чухал яриа тохиролцоо нь манай Тавантолгойн ордоос ч том, асар их коксжих нүүрсний нөөцтэй Тувагийн “Элегест” ордын нүүрсийг Монголын нутгаар Төмөр замаар тээвэрлэх, ингэхийн тулд Тува-Монголыг холбосон Төмөр замын томоохон бүтээн байгуулалтыг яаралтай хийх талаарх тохиролцоо гэнэ.

Тэгээд ч В.Путиний дараа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр тодорч магадгүй хэмээн яригдаж байгаа ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд, маршал С.Шойгугийн төрсөн нутаг Тувагийн асар их коксжих нүүрсийг БНХАУ-д гаргахын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин томоохон шийдвэр гаргаад байгаагаа   ганцхан жилийн өмнө “Тувагийн ирээдүйтэй, асар их нөөцтэй “Элегест” нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж Хятад руу экспортлоно” хэмээн илэрхийлсэн  байдаг.

Ер нь бол коксжих нүүрсний асар их нөөцтэй буюу манай Тавантолгойн ордтой өрсөлдөхүйц Элегестийн ордын лицензийг өнөөдөртөө  “Тувагийн эрчим хүчний аж үйлдвэрийн корпораци” эзэмшиж байгаа юм билээ.  

Тувагийн ирээдүйгээр тодроод байгаа тэрхүү ордын талаар тодруулвал Улуг-Хемийн сав газар нь 20 тэрбум тонн, түүн дотроо 14.5 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй асар том орд газар гэдэг нь тодорхой болчихсон юм билээ. “Элегест”-ийн буюу монголоор Элстийн сав газарт өнөөдрийн байдлаар 14 гүний уурхай, 5 ил уурхай, 15 баяжуулах фабрик барьж эхлээд байгаагаа ч В.Путин өнгөрсөн жилийн эцсээр мэдэгдсэн байдаг.   

Асуудал нь нэгэнт тодорхой болсон тул нэгдүгээрт, Кызыл-Улаангом-Ховд-Булган-Өрөмч; хоёрдугаарт, Кызыл-Мөрөн-Эрдэнэт гэсэн маршрутаар төмөр зам тавих асуудлыг ОХУ-ын зүгээс нарийвчлан судалж байгаа юм билээ. Тэгээд ч Өрөмч хүртэл барих төмөр замын санхүү-эдийн засгийн үндэслэлийг ОХУ- ын ШУА-ийн Сибирийн салбарын харъяа Тувагийн байгалийн нөөцийг иж бүрэн ашиглах хүрээ-лэн боловсруулаад байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин бүр 2014 онд Шанхайд болсон уулзалтынхаа үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпинд санал болгосон байдаг. Уг замын урт нь 1810 км, үүнээс Кызылээс хилээ хүртэл 310 км, улсынх нь хилээс манай Улаангом хүртэл 130 км, Улаангомоос Ховд хүртэл 240 км, Ховдоос Булган хүртэл 430 км, Булганаас Өрөмч хүртэл 700 км байх тооцоо хийсэн гэж байгаа. Ер нь бол манай Монголын нутгаар өнгөрөх урт нь 800 км гэсэн тооцоог ч хийсэн гэдэг.  Тэр төмөр замаараа жилдээ 28 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадлыг ч тооцоолоод байгаа юм билээ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Монгол Улсын Засгийн газар  Эрдэнэтээс Овоот буюу Могойн голын нүүрсний орд хүртэлх 545 км төмөр замыг концессын нөхцөлөөр барих эрхийг өнгөрсөн жил нэгэн компанид олгосон билээ. Гэхдээ Могойн голын уурхайгаас цааш Арцсуурь буюу улсын хил хүртэл 225 км гэдэг. Хэрвээ тэрхүү 225 км төмөр замыг барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж чадвал Кызыл-Мөрөн-Эрдэнэт гэсэн төмөр зам баригдах магадлал өндөрсөөд л явчихна.  

Эцэст нь дүгнэхэд ирэх есдүгээр сард Халх голын ялалтын 80 жилийн ойн баярт ороцохоор хүрэлцэн ирэх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Тувагийн асар их коксжих нүүрсийг Монголоор дайруулан БНХАУ-д гаргах зорилгоо биелүүлэхийн тулд төмөр замынхаа асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцаж, тохиролцоонд хүрч чадвал хойд хөрш транзит тээврээс ашиг олох, манай уул уурхайн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг экспортлох боломж нэмэгдэхээс гадна зам дагуух бүс нутаг эдийн засгийн эргэлтэд өөрийн эрхгүй татагдан орох, их хэмжээний ажлын байр бий болох зэрэг олон эерэг нөлөө үзүүлэх нь тодорхой болно. Гэхдээ “Сайныг дагасан муу тал” ч гарах л байх.

Тэгээд ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зүгээс Монгол орны баруун хэсэгт транзит тээврийн төмөр зам барих санал тавих юм бол хэрхэх тухай шийдвэрээ манай төр, засгийн зүгээс яаралтай гаргах шаардлагатай болно. Гэхдээ бүх зүйл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын харилцан тохиролцооноос шалтгаалах нь тодорхой болж байгаа юм.

Харин ОХУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр нэр нь яригдаж эхэлсэн өнөөдрийн БХЯ-ных нь сайд С.Шойгугийн төрсөн нутаг Тувагийн коксжих нүүрсний асар их нөөцтэй “Элегест”-ийн ордоос эхлэх төмөр замын их бүтээн байгуулалтын ажил Монголын нутгаар дайрах уу, үгүй гэдэг нь зөвхөн цаг хугацааны л асуудал гэдэг нь удахгүй тодорхойлогдох болов уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.