Төв цэвэрлэх байгууламжийн барилгын явц, өнөөдрийн байдал...

Twitter Print
2019 оны 05-р сар 14-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Монголын 3.2 сая хүн амын бараг тал нь Улаанбаатар нийслэлдээ чихцэлдэж, тухайн жилийнхээ 10-р сараас дараа жилийнх нь дөрөвдүгээр сарын дунд хүртэл амьсгал боогдож, нүд харанхуйлсан түнэр харанхуй нүүрсний утаа, амьсгал боогдуулсан агаарын гамшигт бохирдлын дунд амьдарцгааж байгаа билээ. Ялангуяа Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Гэр хорооллын иргэд нь жилийн яг тэн хагасыг дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас онцгойлон анхааруулсан агаарын аймшигт бохирдол дунд, тэр дундаа Сонгинохайрхан дүүргийн Орбит, Толгойт, Баянхошуу хавийн айл өрхүүд, нийт ард иргэд хүний амьсгалын зам, арьс, салст бүрхэвчүүдийг нилд нь хордуулагч гамшигт үнэрийн дор хорвоогийн хоног өдрүүдийг өнгөрүүлж байгаа.

Улаанбаатарын баруун талаас эхлэлтэй Төв цэвэрлэх байгууламжийн энэхүү гамшигт үнэр, асар их хортой  агаарын бохирдлыг 2021 он гэхэд ядаж л 60 хувь бууруулах гол зорилго тавин Орбит дахь цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил яг өнөөдрийн байдлаар нэлээн эрчимтэй урагшилж байгаа юм байна.

Төв цэвэрлэх байгууламжийн тухай дурдахаас өмнө Улаанбаатарын гамшигт агаарын бохирдлын зарим нэг аймшигтай баримтаас танилцуулах нь зүйтэй болов уу.

Улаанбаатар хотын агаарын бохирдол жил бүрийн 10 дугаар сараас ихсэж, 12 болон нэгдүгээр саруудад хамгийн өндөр байдгийг бид бүхэн сайн мэднэ. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч "РМ2.5" тоосонцрын хэмжээ сүүлийн 8 жилийн дунджаар жил бүрийн нэгдүгээр сард хамгийн өндөр байжээ. Энэ үзүүлэлт Монгол Улсын хүлээн зөвшөөрөх стандарт хэмжээнээс 12 дахин их, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс 25 дахин их байдаг нь ч тодорхой болчихсон. Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламж Монгол Улсын хүлээн зөвшөөрөх стандарт хэмжээнээс 2018 онд 339 өдөр давж, сүүлийн 8 жил тоосонцрын агууламж давсан өдрийн тоо тасралтгүй өссөн байдаг.

Айл өрх бүрийн түүхий нүүрсний хэрэглээ, тээврийн хэрэгслийн өсөлт, хог хаягдал зэрэг нь агаарыг бохирдуулагч хамгийн гол хүчин зүйл болдог. Эдгээрийн гол эх үүсвэр нь хүн амын хэтэрхий өсөлтийг дагаж Улаанбаатар хотод төвлөрөл ихээр бий болсонтой шууд холбоотой. Агаарын бохирдол нь хүний биеийн амьсгалын тогтолцоо, зүрх судас, мэдрэл, нөхөн үржихүйн тогтолцооны зэрэг бүхий л эрхтэн тогтолцоо ялангуяа жирэмсэн эхийн ураг, 5 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас маш тодорхой  харагддаг юм билээ.

Тухайлбал Улаанбаатарчуудын амьсгалын тогтолцооны өвчлөл агаарын бохирдол ихтэй 10 дугаар сараас дараа оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд бохирдол багатай бусад сараас 2-3 дахин их, үүний дотор 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл бусад насны хүн амын өвчлөлөөс 15.6-30.2 дахин их байдаг аж. Улаанбаатар хотод 2018 оны байдлаар хатгалгаа өвчнөөр нас барсан 5 хүн тутмын нэг нь 5 хүртэлх насны хүүхэд байжээ. Улаанбаатар хотод хүүхдийн хатгалгаа өвчнийг бууруулах зорилгоор 2016, 2017 онуудад зорилтот бүлгийн, 2018 оноос бүх дүүргийн 0-2 хүртэлх насны хүүхдэд хатгалгааны эсрэг вакцин хийж. Гэвч хатгалгаа өвчлөлийн түвшин буурахгүй байгаа нь агаарын бохирдол болон бусад хүчин зүйлтэй холбоотой гэдэг.

Хамгийн харамсалтай нь жирэмсэн эх бүрийн эрүүл мэндэд агаарын бохирдол хамгийн сөргөөр нөлөөлж, төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлэх гол шалтгаан болдог аж. Тухайлбал  1000 амьд төрөлтөд ногдох төрөлхийн гажигтай төрсөн хүүхэд сүүлийн 5 жилд 5-6 дугаар сард өндөр, өөрөөр хэлбэл энэ хугацаанд төрсөн эхчүүдийн жирэмсэлсэн хугацаа 7, 8 дугаар сар, ураг эрчимтэй хөгжих үе нь 10 дугаар сараас эхэлж байгаа нь агаарын бохирдол нэмэгдэх хугацаатай давхцдаг ажээ. Улаанбаатар хотын 1000 амьд төрөлтөд ногдох өсөлтгүй жирэмслэлт агаарын бохирдол хамгийн өндөр байдаг нэгээс гуравдугаар сард их байдаг юм байна. Зүрх судасны тогтолцооны өвчлөл Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол хамгийн өндөр саруудын дараагийн сард өндөр байдаг ажээ.   

Гамшигт учир байдал нэгэнт ийм л тодорхой тул Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хараа хяналт, шууд удирдлагын дор Монгол Улсын Үндэсний томоохон бүтээн байгуулалтууд болох Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах Нефть боловсруулах үйлдвэрийн Дэд бүтэц, Зүүн баян-Тавантолгой чиглэлийн шинэ төмөр зам, Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудал, тэнд баригдах 50-100 хүнтэй шинэ хотын төсөл, Улаанбаатар хотын Орбитод баригдаж байгаа Төв Цэвэрлэх байгууламж, Улаанбаатар-Хонхор-Налайх чиглэл болон Улаанбаатар-Дархан-Уул аймгийн чиглэлийн дөрвөн эгнээ авто зам, Улаанбаатар-Увс, Баян-Өлгий, Говь-Алтай чиглэлийн авто зам, Улаанбаатар хотыг нийтэд нь Орон сууцжуулах том төслүүд гээд Монголчууд өөрсдийн хүн хүчээр, хөрөнгө мөнгөнийх нь тодорхой хэсгийг ч өөрсдөө шийвэрлэн хэрэгжүүлж байгаа шинэ том Бүтээн байгуулалтын ажлууд олон байгаа.

Төв Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил уг нь 2018 оны наймдугаар сарын төгсгөлөөр нээлтээ хийсэн байдаг. Тухайн үед Улаанбаатар хотын Захирагч байсан С.Батболд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн нээлтийн ажиллагаанд оролцохдоо “Орчин үеийн шинэ дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр буюу одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжаас хоёр дахин илүү бохир цэвэршүүлэх хүчин чадалтай. Лагийг боловсруулан гаргаж авсан метан хийгээр байгууламжийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах болно. Мөн цэвэршүүлсэн усыг үйлдвэрлэлд нэвтрүүлж ДЦС-3, ДЦС-4-ийн хөргүүрт ашиглан зүүн бүсийн усны хэрэгцээнд нэвтрүүлэх тооцоотой байгаа” хэмээж байсан.

Гэхдээ Улаанбаатар хотын өмнөх Захирагч С.Батболд 2019 оны хавар болж, газар гэсэхийг үзэлгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотын Захирагчийн албанаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр халагдсан байдаг. Харин өнгөрсөн гуравдугаар сарын эхээр ажил нь нэгэнт эхэлсэн Төв Цэвэрлэх байгууламжийн хувьд БНХАУ-ын Засгийн газраас нэг тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгсний хувьд БНХАУ-ын талаас гурван компанийг сонгон шалгаруулсан. Уг компаниудад БНХАУ-ын “Экзим” банк үнэлгээ хийсэн бөгөөд үүний дараа манай талд мэдэгдэл хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалт явуулсан билээ. Мэдээж шалгарсан компани манай улсаас 4-5 туслан гүйцэтгэгч компанийг шалгаруулж авсан байгаа.  Монгол Улсын зүгээс тендер зарлахдаа 2020 он гэхэд цэвэрлэх байгууламжийг хүлээлгэж өгнө гэсэн нөхцөл тавьж байгааг Төв Цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэж байсан. 

Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр  сарын 12-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжийн Дугуй резервуарын барилга болон Аэротанкийн бетон хийцийн шинэчлэлийн ажлын явцтай танилцсан. Энэ ажлыг “Эс энд Эй трейд”, “Набсан” компанийн түншлэлүүд гүйцэтгэж байгаа ба төслийн барилгын явц нь 68 хувьтай явагдаж байсан ба төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулахаар ажлаа нарийвчлан тооцсон гэсэн. Ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа ч улам эрчимжүүлж ажиллахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх барилгын ажлыг гүйцэтгэж байгаа дээрх түншлэлийн компаниудад сануулж байсан.          

Харин шинэ цэвэрлэх байгууламжийн нийт хүчин чадлыг хэр хэмжээнд нь тодорхойлвол энэ байгууламж нь хоногт 250 мянган ам дөрвөлжин бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай байхаар тусгагдсан байдаг. Лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган, цэвэрлэх байгууламжийн өөрийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэлтэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байгаа ба цэвэрлэсэн усаа үйлдвэрийн технологийн хэрэгцээнд дахин ашиглахаар төлөвлөсөн байна лээ.

Одоогийн байдлаар төв цэвэрлэх байгууламж нь 143 ажилтантай хоногт дунджаар 160-200 мянган ам дөрвөлжин бохир усыг хүлээн авч механик биологийн цэвэрлэгээг хийж, хлор болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж Туул гол руу нийлүүлж байгаа юм билээ.

Өнгөрсөн сарын эхээр ажлаа эхлүүлсэн Төв Цэвэрлэх байгууламжийг урьд нь Бээжингийн Төв Цэвэрлэх байгууламжийг барьж байсан нэлээн туршлагатай БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг корпорац” болон “Бээжин констракшн инженеринг групп” гүйцэтгэх бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас олгосон 267 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдах  бөгөөд гурван жилийн дараа ашиглалтад орно гэж байгаа. Харин БНХАУ-ын тэрхүү 267 сая ам долларын  зээл нь 20 жилийн хугацаатай  ба эхний долоон жил хүүгүй, түүнээс хойших хугацаанд жилийн хоёр хувийн хүү төлнө гэж байгаа. 

Дашрамд сонирхуулахад өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын тоо 1.5 саяас илүү гараад явчихсан нь Цэвэрлэх байгууламжийн урьд өмнөх ачаалал хамаагүй нэмэгдэж, хоногтоо 200 000 шоо метр ус хүлээж авч буй билээ. Харин шинэ цэвэрлэх байгууламж баригдсанаар хоногт 260 000 шоо метр ус хүлээн авч цэвэрлэх тооцоо хийгдсэн байгаа.

Ийнхүү анх 500 мянган хүнтэй байхаар төлөвлөгдөж, 1964 онд баригдсан Улаанбаатарын Цэвэрлэх байгууламжийг 1978 он, 2003-2004, 2007-2009 онуудад гадны  хөнгөлөлттэй зээлээр тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээс өөрөөр бараг "Гар хүрээгүй” байсан гэдэг. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн өнөөдрийн Засгийн газрын үед цоо шинэчлэх төсөл нь амжилттай хэрэгжиж, Улаанбаатарчууд Төв Цэвэрлэх байгууламжийн зүгээс үнэртдэг эвгүй муухай үнэрээс ангижрах болно. Хамгийн гол нь өнөөдрийн Цэвэрлэх байгууламжаас хоёр дахин илүү бохирыг цэвэршүүлж, лагийг нь боловсруулан гаргаж авсан метан хийгээр байгууламжийнхаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангаж, цэвэршүүлсэн бохир усыг нь үйлдвэрлэлд буюу ДЦС-3, ДЦС-4-ийн хөргүүрт ашиглаад зогсохгүй зүүн бүсийн усны хэрэгцээнд ашиглахаар тооцоо судалгааг нь бүрэн хийж дуусгаад байгаа юм билээ.  

Энэ бүхний эцэст дүгнэлт хийвэл Улаанбаатарчуудын хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын аймшигт бохирдлыг багагүй бууруулах Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил өнөөдрийн хувьд гайгүй дорвитой урагшилж, бид бүхэн 2021 оны эцсээр өнөөдрийн гамшигт үнэрийн ямар ч гэсэн 50 хувиас ангижрах найдлагатай гэдгээр энэхүү тэмдэглэлээ өндөрлүүлж байна.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.