Хахууль өгч хүүхдээ коллежид оруулсан Холливуудын одыг хорих ялаар шийтгэлээ

Twitter Print
2019 оны 05-р сар 14-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Энэ оны гуравдугаар сард АНУ-д тус улсын нэр хүндтэй их сургууль, коллежид хүүхдээ элсүүлэхийн тулд сургуулийн удирдлага, дасгалжуулагч багш нарт их хэмжээний авлига, хээл хахууль өгсөн хэргээр 50 хүнийг баривчилсан билээ. 

Чинээлэг эцэг эхчүүдээс авлига авч хүүхдийг нь Иел, Жоржтаун, Стэнфордын зэрэг нэр хүндтэй их сургуулиудад элсүүлдэг сангийн тэргүүн Уилльям Сингер өнгөрсөн гуравдугаар сард баривчлагдаж, хуулийнхантай хамтарч ажиллахыг зөвшөөрснөөр хэргүүд илэрч эхэлсэн юм.

Эдгээр 50 хүний дотор “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” телевизийн олон ангит киноны гол дүрээр танигдсан жүжигчин Фелисити Хаффман, жүжигчин Лори Локлин зэрэг олны танил, хөрөнгө чинээлэг 33 гэр бүл багтсан байна. 

Бостон хотын прокурорын газраас хэрэгт холбогдож, буруугаа хүлээсэн 13 хүнд хорих ял ноогдуулах хүсэлт гаргаад байсан юм. 

Гэм буруугаа хүлээсэн 56 настай жүжигчин Фелисити Хаффман том охиноо Америкийн томоохон их сургуульд элсүүлэхийн тулд сайн дурын хандивын байгууллага нэрээр үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдэд 15 мянган ам.доллар төлсөн гэдгээ хүлээсэн. Ингэснээр тус байгууллага охиных нь элсэлтийн шалгалтын дүнг засч, хүссэн их сургуульд нь оруулсан аж. Тэрээр бага охиноо мөн адил арга замаар их сургуульд элсүүлэх талаар ярилцаж байсан нь тогтоогджээ. 

Related image

Өчигдөр буюу 2019 оны 5-р сарын 13-ны Даваа гарагт АНУ-ын Бостон хотын шүүх “Desperate Housewives” киноны од Фелисит Хаффманыг 2017 онд хүүхдээ их сургуульд авлигаар элсүүлсэн хэргийг шүүн хэлэлцээд зохих ял шийтгэл оноожээ. Прокурорууд Хаффманы гэмт үйлдэлд дөрвөн сар шоронд хорих, 20,000 ам.долларын торгууль төлүүлэх шийтгэл оноожээ.

Түүний хоригдох хугацаа есдүгээр сарын 13-нд эхлэхээр болжээ. Өнгөрсөн сард Нэтфликс компани Хаффманы тоглосон “Otherhood” киноны нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Уг нь энэхүү бүтээл дөрөвдүгээр сарын 26-нд Нэтфликсийн сүлжээгээр цацагдаж эхлэх байв.

Гэхдээ Хаффманы авлигад төлсөн мөнгө харьцангуй багад тооцогдож байна. Холливүүдийн өөр нэг жүжигчин Лори Локлин нөхрийн хамт хоёр охиноо Өмнөд Калифорнийн их сургуульд элсүүлэхийн тулд их хэмжээний хахууль өгсөн хэрэгт буруутгагдаж байна. Гэсэн ч жүжигчин Лори Локлин нөхөр Моссимо Жаннуллигийн хамтаар гэм буруугаа хүлээхээс татгалзаж буй юм. “Full House” телевизийн олон ангит киногоороо алдаршсан жүжигчин Лори Локлинг нөхрийнх нь хамтаар хоёр охиноо тус сургуульд оруулахын тулд 500 мянган ам.долларын хахууль өгсөн, тэрчлэн Америкийн томоохон их сургуулиуд авъяаслаг, амжилттай яваа тамирчдыг сургуульдаа элсэлтийн шалгалтгүй элсүүлдэг учраас тэд охидоо тус сургуульд сэлүүрийн спортоор хичээллэж, тэмцээн уралдаанд оролцож байсан нэрээр элсүүлсэн хэрэгт буруутгаж байна. 

Image result for lori loughlin

Холбооны мөрдөх товчооноос илрүүлсэн дээрх томоохон сүлжээ гэмт хэрэгт шалгагдаж, гэм буруугаа хүлээсэн иргэдэд шүүхээс 20 хүртэлх жил хорих ял оноох боломжтой аж. Гэсэн хэдий ч прокурорын газраас гэм буруугаа хүлээж, хууль хяналтын байгууллагатай хамтран ажилласан учраас тэдгээр иргэдийг 6-21 сар хорих ялаар шийтгэх нь хангалттай гэж үзжээ. 

Америкийн Их сургууль, коллежийн элсэлттэй холбоотой авлигын хэргийг Холбооны мөрдөх товчоо шалгаад нэг жил гаруй болж байгаа ба тус авлигын сүлжээнд Иел, Жоржтаун, Стэнфордийн их сургууль, Өмнөд Калифорни болон Калифорнийн их сургууль зэрэг АНУ-ын шилдэг их дээд сургуулиуд холбогдсон байжээ.

Эх сурвалж: https://edition-m.cnn.com/2019/04/09

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.