Танд кредит карт яагаад хэрэгтэй вэ?

Twitter Print
2019 оны 05-р сар 20-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

Гадны орнуудад кредит картыг хэрэглээд дасал болсон байдаг бол харин Монголчууд бидний хэрэглээнд кредит карт нэвтрээд 3 орчим жил л болж байгаа тул бидний дунд кредит картын хэрэглээний талаарх мэдлэг харьцангуй дутмаг байдаг билээ.

Тиймээс кредит картын А-Я буюу хамгийн наад захын мэдээллийг энгийнээр тайлбарлахаар энэхүү нийтлэлийг танд хүргэж байна.

Бидний хэрэглэж заншсан өөрийн дансанд урьдчилан байршуулсан мөнгөө зарцуулах зориулалт бүхий карт нь дебит карт юм. Харин кредит карт нь та өөрийн бус, банкны мөнгийг зээлэн зарцуулж сарын төгсгөлд эргэн төлөх нөхцөл бүхий карт юм. Гар утсаар бол дебит карт нь урьдчилсан төлбөрт дугаар, кредит карт нь дараа төлбөрт дугаартай адил юм.

Та кредит карт захиалах хүсэлт гаргаснаар банк таны орлого, зээлийн түүх зэргийг харгалзан үзэж, таны кредит карт авах боломжтой эсэхийг судлан тогтоосны үндсэн дээр таны сард зээлж болох мөнгөн дүнг тооцоолон тодорхой лимит бүхий кредит картыг танд олгоно. Жишээлбэл Glamour кредит картын хувьд та сарын цалингаасаа татвар, зээлээ төлөөд гар дээрээ 1,500,000 төгрөгийн цалин авдаг бол Glamour кредит картын хамгийн доод зээлжих эрх буюу 1,000,000 төгрөгийн эрхтэй картыг авах боломжтой болно. Танд банкнаас тогтоож өгсөн лимитийн хүрээнд та картаараа худалдан авалт хийх болон бэлэн мөнгө авах эрхтэй.

Кредит картын зохисгүй хэрэглээнээс үүсэх эрсдэл их байдаг ч, зөв зохистой хэрэглэвэл сул талаасаа ч их давуу талтай бөгөөд энэ нь цэвэр таны өөрийн санхүүгийн сахилга батаас шалтгаална.

Ингээд танд кредит картын давуу тал болон эрсдэлүүдийг илэн далангүй танилцуулъя.

ДАВУУ ТАЛ №1

Мөнгөгүй гэх мэдрэмж ор тас алга болно.

Хүн бүрд л яаралтай мөнгөний хэрэгцээ гарч, хэн нэгнээс мөнгө зээлэх шаардлага нэг бус удаа тохиолддог. Гэнэтийн эрсдэл учрах, алдаж боломгүй боломж олдох, цалин буух болоогүй байхад мөнгө дуусах гэх мэтчилэн ямар нэг хэрэгцээ үүсэхэд та хэн нэгнээс гуйх шаардлагагүйгээр асуудлаа өөрөө шийдвэрлэх бардам, бие даасан мэдрэмжийг танд төрүүлнэ.

Үүнээс үүдэж болох эрсдэл:

Мөнгөгүй гэх мэдрэмж ор тас алга болсноор хэмжээ хязгааргүй зарцуулалт хийж эргэн төлж чадахааргүй байдалд орох.

Ямар ч үед картаа зуруулаад худалдан авалт хийх боломж бүрдсэнээр та үргэлж мөнгөтэй юм шиг санагдаж, өөрийн эргэн төлж чадахаас хэтрүүлэн үрэх магадлалтай. Тиймээс хэрэв та кредит карттай болсон бол хэр хэмжээний мөнгө эргэн төлж чадахаа бодитоор тооцоолон, түүнээсээ бүү хэтрүүлэн зарцуулаарай.

ДАВУУ ТАЛ №2

Хүүгүй мөнгө зээлэх боломж.

ХААН Банкны кредит картуудын нөхцөл нь та тухайн сарын 5-аас дараа сарын 4-ний хооронд ашигласан мөнгөө дараа сарын 27-ны дотор эргэн төлөх нөхцөлтэй байдаг. Жишээлбэл та 3-р сарын 5-аас 4-р сарын 4-ний хооронд зарцуулсан дүнгээ 4-р сарын 27-ны дотор төлөх ёстой гэсэн үг юм. Харин хүүгийн хувьд төлбөрөө хугацаандаа бүрэн төлсөн тохиолдолд худалдан авалтын гүйлгээнд хүүгүй, хугацаанаасаа хэтрүүлэн эсвэл дутуу төлсөн тохиолдолд хүү нь сарын 2%. Хэрэв та картаасаа бэлэн мөнгө авсан бол хүү нь сарын 2.5% байдаг. Тэгэхээр ерөнхийдөө хэрэв та кредит картаасаа бэлэн мөнгө авахгүйгээр байнга худалдан авалт хийгээд, тэрийгээ хугацаандаа төлөөд л байвал банкнаас ямар ч хүүгүйгээр мөнгө зээлж байгаа гэсэн үг болно. Яаралтай хэрэгцээ шаардлага гараад бэлэн мөнгө авлаа ч хүү нь 2.5% буюу бусад төрлүүдийн зээлтэй харьцуулахад хүү нь харьцангуй бага юм.

Үүнээс үүдэж болох эрсдэл:

Хугацаандаа багтаан төлбөрөө төлөхөө мартах эсвэл төлөх боломжгүй болох.

Өдөр тутмын завгүй амьдралдаа түүртээд зарим нэг чухал зүйлсийг мартах тохиолдол бидэнд заримдаа тохиолддог. Та кредит картын төлбөрөө хугацаандаа төлөхгүй байснаар кредит картын танд олгож буй боломжуудыг алдахын зэрэгцээ илүү их хүү, хугацаа хэтрүүлсний хураамж зэргийг төлөх шаардлагатай болно. Иймээс та төлбөрөө хугацаандаа төлж хэвшээрэй.

ДАВУУ ТАЛ №3

Сайн зээлийн түүх үүсгэх.

Кредит карт нь банкнаас танд олгож буй зээл гэсэн үг учир таны мэдээлэл Монголбанканд зээлтэй хэмээн бүртгэгддэг. Та кредит картын төлбөрөө тогтмол хугацаандаа төлдөг байснаар Монголбанканд танд сайн зээлийн түүх үлдэж улмаар танд дараа дараагийн байрны, бизнесийн гэх мэт том хэмжээний зээл хүсэхэд илүү дөхөм, нээлттэй болж өгнө гэсэн үг.

Үүнээс үүдэж болох эрсдэл:

Эрсдэл нь мэдээж хэрэв та зээлээ хугацаандаа төлөхгүй бол Монголбанканд найдваргүй зээлдэгч гэсэн түүх үлдэж дараа дараагийн зээл хүсэхэд хүндрэлтэй болно гэсэн үг. Үүнээс та төлбөрөө хугацаандаа төлдөг байх нь хэр чухалыг бүр сайн ойлгож байгаа байх.

ДАВУУ ТАЛ №4

Бүрэн төлж чадахааргүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хамгийн бага дүнгээр төлөх боломж.

Танд санхүүгийн томоохон асуудал үүсээд тэрийгээ картаараа шийдээд сарын эцэст бүрэн төлж чадахааргүй нөхцөл байдал үүслээ гэж бодъё л доо. Энэ тохиолдолд банкнаас танд бяцхан өршөөл үзүүлдэг буюу төлж болох доод хэмжээг төлснөөр таныг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Тэгэхээр та хугацаа хэтрүүлсэн хураамж төлөх, Монголбанканд найдваргүй зээлдэгчийн түүх үүсэх зэрэгт санаа зовох шаардлагагүй болно гэсэн үг. ХААН Банкны хувьд төлбөрийн доод хэмжээ нь хамгийн бага буюу төлбөр нэхэмжлэх үеийн ашигласан нийт дүнгийн 10% + хүү, шимтгэл, хураамжийн нийлбэр байдаг.

Үүнээс үүдэж болох эрсдэл:

Хэдий та хамгийн бага дүнгээр төлснөөр хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй ч, бүрэн төлөөгүй тул худалдан авалтын хүү тооцогдох болно. Мөн та сар болгон хамгийн бага дүнгээр төлөөд л байвал таны банканд төлөх өрийн хэмжээ цуглараад нэмэгдээд л байх эрсдэлтэй. Иймээс та төлбөрөө бүрэн төлж чаддаггүй юм аа гэхэд аль болох доод хэмжээнээс илүүг төлөхийг хичээгээрэй.

ДАВУУ ТАЛ №5

Төрөл бүрийн хөнгөлөлт, урамшуулал, буцаан олголт.

Кредит картын бас нэгэн давуу тал нь та картаараа худалдан авалт хийхдээ олон төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой байдаг. ХААН Банкны кредит картуудын хувьд 260 гаруй хамтрагч байгууллагуудаар 3-50% хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой байдгаас гадна тэмдэглэлт баяруудаар урамшуулалт аян, буцаан олголтын урамшуулал зэргийг зохион байгуулж хэрэглэгчдээ урамшуулдаг.

Үүнээс үүдэж болох эрсдэл:

Хөнгөлөлт, урамшуулал авахад эрсдэл гэж бараг байхгүй дээ. Үнэхээр шүүмжилье гэвэл хөнгөлөлт, урамшуулалд нь татагдаад их худалдан авалт хийх л юм даа.

Та хэрэв кредит карт авахаар зэхэж байгаа, эсвэл кредит карттай боловч хэрхэн хэрэглэх учраа нэг л олж өгөхгүй байгаа бол энэ нийтлэл танд хэрэгтэй мэдээллийг тань хүргэсэн гэдэгт найдаж байна. Кредит картыг хариуцлагатайгаар ашиглаж чадвал танд маш олон давуу талыг олгох ба санхүүгийн зохистой хэрэглээнд таныг сургана. Харин төлөвлөгөө, тооцоогүй ашиглавал эрсдэлүүд байгаа гэдгийг та сайтар ухамсарлаарай.

Эх сурвалж: https://www.khanbank.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.