Хүүхдийг нээлттэй, итгэлтэй, санаачлагатай байхад туслах гэр бүлийн хурал

Twitter Print
2019 оны 05-р сар 14-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Өрх бүл бүхэн долоо хоногтоо 1 удаа гэр бүлийн хурал хийдэг өдөртэй болж хэвшвэл маш олон талын зөв дадал хэвшил, эерэг хөгжлийг хүүхдэд өгдөг.

Гэр бүлийн гишүүд долоо долоо хоногоор ээлжлэн тухайн өдрийн хурлыг удирдана. Ингэснээр хүүхэд аливааг зохион байгуулах арга эвийг суралцдаг.

Гэр бүлээрээ тойрч суугаад (дундаа амттан тавьж болно) ээлжлэн хэлэх зүйлээ хэлж, санал бодлоо ярилцана. Ээлжлэхэд бөмбөг дамжуулах эсвэл савх барьж болно. Энэ нь эмх замбараагүй энд тэндээс ярихгүй бөмбөгтэй хүнд ярих давуу эрх байгааг тодотгоно.

Энэ өдөр бол гэр бүлийн өнгөрсөн 7 хоногийг дүгнэх болон ирэх 7 хоногийг төлөвлөх чухал өдөр тул гишүүд бүгд байх тохиромжтой цагийг сонгоорой. (32 сар++ настай гишүүд бүгд боломжтой)

Хурлаараа:

Санхүүгийн төлөвлөлт. Хэн, хэнд шинэ ном, дэвтэр бусад зүйлс шаардлагатай байгаа, цалин орлого болон байр хоолны мөнгийг хэрхэн зохицуулж байгааг энгийнээр тайлбарлана. Ингэснээр хүүхэд хэзээ хамаагүй дурын зүйл нэхэж шаардахаа больдог.

Хүн бүрийн хийж амжих ажлыг тодорхойлж гэрийн ажлын хуваарилалтыг хийнэ. Мөн өмнөх 7 хоногт хэний хариуцаж авсан хэсгүүд эмх замбараагүй байсныг шүүж биш дүгнэн ярилцана. Ингэснээр хүүхэд үүрэг хариуцлагатай, цагийн зохист хуваарилалттай болно. Хийх зүйл нь хурлаар ярилцаад тодорхой болсон тул "-чи хий, би хийсэн" гэж хүүхдүүдийн дунд бие биетэйгээ барьцах асуудалгүй болдог.

Image result for family meeting

Хэн нэг нь таагүй байдалтай өнгөрсөн болон ирэх 7 хоногт шалгалт гэх мэт онцгой тохиолдлыг харж үзэн түүнд урам дэм өгөх, гэрийн ажлыг нь хуваан авч хариуцах. Ингэснээр хүүхэд бусдын оронд өөрийгөө тавьж үздэг, нийтэч нэгэн болоход тусална.

Шинэ санааны тухай хэлэлцэх эсвэл хүсэл мөрөөдлөө хуваалцах тойрог. Энэ хэсгээс хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж бусдыг сонсож чаддаг болно.

Аав ээж энэ үед сайн сонсож л өгнө. Шүүн тунгааж, заан зөвлөхгүй. Яг л ижилхэн эрх, үүрэг, оролцоотой байхаас гадна хүүхдүүдийн нэг адил ажил хариуцаж авна. Хэлсэн үгэндээ үнэн, хариуцлагатай байснаар хүүхдүүд та бүхнээс үлгэрлэн төлөвшинө.

Хурлын төгсгөлд хурал ахлагч хурлыг дүгнэж үүргүүдийг дахин товчхон танилцуулна. Боломжтой бол хуанли дээр тэмдэглээд нүдэнд ил байрлуулаарай.

Г. Төмөрзаяа

БНСУ-ын Чонбук Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.