Ипотекийн зээлд 300 тэрбум төгрөг зарцуулж, 5000 айл шинэ сууцтай болно гэнэ...

Twitter Print
2019 оны 05-р сар 15-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Ипотекийн зээлд 300 гаруй тэрбум төгрөг зарцуулж, үр дүнд нь 5000 айл шинэ сайхан орон сууцтай болно гэж байна. Гэхдээ энэ том айлдвар миний биш Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амнаас унасан билээ. Харин одоо тэр талаар бус болоод өнгөрсөн болон ирээдүйд буюу тун удахгүй Монголчуудад үр дүнгээ өгч эхлэх гэж байгаа зарим арга хэмжээний талаар сонирхуулъя гэж бодлоо. 

Өнөөдрөөс 12 хоногийн өмнө буюу энэ сарын 1-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар нэлээн хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дотроос нэлээн чухал нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүр өөрийнхөө анхааралд авч, эхнээс нь шийдвэрлэж эхэлсэн ажил нь шинээр баригдах орон сууцны хорооллууд нь бүгд сургууль, цэцэрлэгтэй байх стандартыг мөрдөж, зөвшөөрөл олгож байхыг үүрэгдсэн нь юм.

Ер нь бол Засгийн газрын хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийн хамгийн гол хөдөлгөгч хүч нь аль нэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд нь өөрсдийн харъяаны ажилтан албан хаагчид, оюутан болон багш суралцагчдын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Өөрийн санхүүжилтээр цэцэрлэг, сургууль байгуулах санаачлагыг нь дэмжиж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, аймаг, нийслэлийн  Засаг дарга нарт даалгасан нь тун чухал шийдвэр гэж ойлгож болох юм. Түүнээс гадна салбар бүлэг нэмэх, зуны цэцэрлэг ажиллуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээнүүд авч ажиллахыг ч мөн үүрэгдсэн билээ.  

Тэгвэл өөрийн гэсэн орон сууцтай болох горьдлого тээж яваа иргэдэд дуулгах гайгүй сайн мэдээ байгаа нь өнгөрсөн 2018 онд Ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Засгийн газраас банкуудад олгох Орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг ганцхан хувь болгон бууруулж, банкууд өөрийн эх үүсвэрээс 8 хувийн хүүтэй Ипотекийн зээлийг Засгийн газрын олгож буй эх үүсвэрээс багагүй хэмжээгээр санхүүжүүлэх шийдвэр гаргасан билээ. Энэ хүрээнд 2019 онд Монголбанкнаас 200-220 тэрбум, Засгийн газар болон банкуудын өөрийн эх үүсвэрээс тус бүр 115 тэрбум төгрөгийг Ипотекийн 8 хувийн зээлд олгосноор 2019 онд нийтдээ 430 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор болоод байгаа. Улмаар 2019 онд шинээр олгох ипотекийн зээлийн хэмжээ 2018 онтой харьцуулахад 120 тэрбум төгрөг буюу 40 орчим хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа нь Улаанбаатарын харанхуйлсан хар утааг багасгах, өөрийн гэсэн орон сууцгүй иргэдийн тодорхой хэсэг нь орон сууцтай болж, амьдрал нь арай гайгүй сайжрах итгэл төрүүлж эхлээд байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын дээрх шийдвэрийн хүрээнд 2019 оны эхний дөрвөн  сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 63.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 885 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 25.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 431 иргэнд, Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс 25.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 323 иргэнд тус тус олгосноор нийт 114 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,639 иргэнд олгож, санхүүжилтийн хэмжээ нь ч өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин өссөн байгаа нь бас ч гэж чамлалтгүй үзүүлэлт билээ.

Цаашид дээрх гурван төрлийн эх үүсвэрээс 2019 оны тав буюу энэ  сард 56 тэрбум төгрөгийг, ирэх сараас эхлэн он дуустал сар бүр 37 тэрбум төгрөгийг олгохоор болсон нь тун ч сайшаалтай тоо баримт юм. Ер нь бол 2018 оны мөн үетэй харьцуулахад 2019 оны дөрөвдүгээр сард иргэдэд олгосон Ипотекийн зээлийн хэмжээ 136 хувиар нэмэгдэж, зээлэгдчийнх нь тоо ч өмнөх оны мөн үеийнхээс 2.3 дахин өссөн байна. Мөн манай иргэдийн сайн мэдэж, амьдрал ахуйдаа ч дарамт болохгүй үргэлжлүүлэх Ипотекийн  8 хувийн хүүтэй зээлийн хугацаа нь дунджаар 18 жил бол, төлөгдөж дуусах хүртэлх хугацаа нь 14.9 жил байгаа юм. Хамгийн сүүлд тодорхой болсон мэдээллээр бол энэ тавдугаар сард Ипотекийн зээлд 56 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бол цаашид сар бүр 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөгдсөн байна лээ.

Бас нэгэн гайгүй мэдээ нь Монгол Улсын мөнгө санхүүгийн бодлогыг голлон хариуцагч Монголбанкны зүгээс орон сууцанд орж чадаагүй байгаа иргэдийн гол найдлага, хүслэн нь болсон Ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй байлгах зорилгоор сар бүр 200 орчим зээлдэгчдэд 16.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаар дамжуулан олгож байгаа бөгөөд 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар нийтдээ 885 зээлдэгчид 64 тэрбум төгрөгийн Орон сууцны зээлийг олгосон байна.  

Харин манай иргэдийн дунд Ипотекийн зээл олголтын талаар буруу ойлголт яваад байдгийг үндсэнд нь байхгүй болгох хэрэгтэй. Учир нь 2018 онд Ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбоотой нэлээд хэдэн эрх зүйн баримт бичгүүд шинээр батлагдсан байдаг. Эдгээр баримт бичгүүдээр Засгийн газраас банкуудад олгох орон сууцны Ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг нэг хувь болгон бууруулж, банкуудын эх үүсвэрийг татан оролцуулах, зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан гэдэг.  

Тэрхүү шийдвэрийн дагуу хөтөлбөрийн эх үүсвэр болон үнэт цаасжуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, Ипотекийн зээлийн схемийг бүрэн шинэчлэх нь нэлээд цаг хугацаа шаардсан ажил боловч Монголбанк богино хугацаанд холбогдох гэрээнүүдэд өөрчлөлт оруулан, эцэслэн бэлэн болгочихсон юм билээ. Монголбанкны зүгээс 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Засгийн газартай Дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулж, Засгийн газраас 2019 оны эхний 4 сард олгох ёстой байсан 35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өнгөрсөн дөрөв дүгээр сарын 9-ний өдөр Монголбанканд шилжүүлсэн байна лээ.

Монголбанк энэ хооронд бүх талуудтай гэрээг эцэслэн байгуулж, Засгийн газрын дээрх санхүүжилт дээр банкуудын өөрийн эх үүсвэрийг хөтөлбөрт нэмж оруулах ажлыг зохион байгуулсан байдаг. Энэ бүхний үр дүнд  70.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өнгөрсөн дөрөв дүгээр сард нэмж Орон сууцны зээлд зориулан олгосон байдаг.  

Хамгийн гол нь энэ 2019 онд орон сууцанд орох мөрөөдлөө биелүүлэх иргэдийн гарт очих Ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ 145 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зээлдэгчийн тоо нь ч 1.5 дахин өсөх тооцоо гарч байгаа нь Монголчуудын нэлээд хэсгийнхний сэтгэлийг амраах, басхүү бага ч гэсэн урам өгөх тоо баримт мөн.

Одоогийн байдлаар ашиглалтанд орчихсон 6300 орчим Орон сууц зарагдаагүй буюу эздээ олоогүй байна. Харин шинэ байр худалдан авахаар сонирхож байгаа иргэдийн 80-90 хувь нь 50-60 метр квадрат талбайтай, метр квадратын үнэ нь 1.8 сая ба түүнээс доош үнэтэй л Орон сууцнууд худалдан авах чадвартай байгаа нь өнөөдөр байранд орохоор мөрөөдөж байгаа иргэдийн хөрөнгө мөнгө, боломж нь ямархуу байгаагийн л хамгийн бодитой нотолгоо билээ.  

Гэтэл өнөөдөр Монголын орон сууцны зах зээлд бэлэн байгаа 6300 гаруй айлын Орон сууцнаас 1.500 орчим нь л дээрх шаардлагад нийцэж байгаа нь барилгын компаниудын тавьж байгаа шаардлага ямархуу өндөр түвшинд байгаагийн базаахгүй илрэл мөн. Өөрөөр хэлбэл 70 метр квадрат ба түүнээс дээш хэмжээтэй тансаг зэрэглэлийн орон сууцнууд нь огт борлогдохгүй л байгаа хэрэг юм. Нэгэнт байдал учир ийм байгаа тул орон сууцны хороолол барьж байгаа барилгын компаниуд зах зээлээ сайтар судалж, эцэст нь иргэдийнхээ худалдан авах чадварт нийцсэн орон сууцнууд барих шаардлага тулгарчихаад байгаа юм.

Эцэст нь манай иргэдийн хошуурч байгаа Ипотекийн 8 хувийн хүүтэй зээл нь төр иргэдийнхээ орон сууцны хэрэгцээг хангахад чиглэсэн татаастай л хөтөлбөр юм. Тиймээс иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрийн талаар нэлээн сайн судалсан гэдэг. Иймд Засгийн газар болон Монголбанкнаас гаргадаг зээлийн хүүг бууруулж, хүүгийн зөрүүн дээр арилжааны банкуудын зах зээлийн хүүтэй эх үүсвэрийг татаж оролцуулснаар санхүүжилтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан юм билээ.

Бас нэг гайгүй шиг мэдээлэл нь УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл боловсруулан батлах нь зүйтэй гэсэн шийдвэрт санал нэгдсэн талаар эрх баригч МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хийсэн мэдээлэл байлаа.

Эрх баригч МАН-ын бүлгийн зүгээс нийгмийн итгэлцлийг бий болгох үүднээс 200-300 тэрбум төгрөг төвлөрүүлэн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар шийдвэрлэсэн гэж бөгөөд бөгөөд түүнийгээ арилжааны банкуудаар дамжихгүй байх хатуу зохицуулалт хийх юм гэнэ.

Судалгаагаар улсын хэмжээнд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг бөгөөд “Итгэлийн зээл”-д гурван сая иргэн хамрагдах боломжтой гэж үзсэн нь “Үнэнд аль хэр нийцэх” бол гэдэг нь удахгүй шалгагдах асуудал юм. Д.Тогтохсүрэн даргын онцолсноор бол гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл”-д Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн хамрагдах боломжтой бөгөөд хугацаа хэтэрсэн зээлгүй, өөр зээлдэгчийн батлан даагчаар бүртгэгдээгүй байх шаардлага тавигдах гэнэ.

Түүнчлэн өрхийн аж ахуй болон бичил бизнесийг эрхэлж байсан төсөл хөтөлбөртэй, орлогын тогтвортой эх үүсвэртэй этгээд зээлийн батлан даагчаар орно гэдгийг анхааруулж байна лээ.

Ингээд Улаанбаатарыг “Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой, хүн амьдрахад аюултай хот” гэсэн гунигтай гуншингаас нь салгах хамгийн бодитой механизм нь “бүх нийтээр нь орон сууцжуулах” л билээ. Удахгүй У.Хүрэлсүх Ерөнхий сайдтай энэ Засгийн газар ард иргэддээ Ипотекийн зээлийг хэрхэн үр ашигтай шийдвэрлэн олгож байгаа болон Түрээсийн орон сууцанд аль хэр хэмжээний иргэд хамрагдан орж, Улаанбаатарын Гэр хорооллыг хэрхэн алга болгож байгаа зэрэг нь тодорхой болох биз ээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.