Ш.Раднаасэд: Сүүлийн хэд хоногийн турш гүтгүүлж, доромжлууллаа...

Twitter Print
2019 оны 05-р сар 13-нд 13:19 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Хууль зүйн Байнгын хороон дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдийг өрөөндөө урьж, өөрийнх нь эсрэг цацагдаж байгаа цахим дайралтууд болон намынх нь тодорхой улстөрчид түүний эсрэг өдөөн турхирч эхэлснийг мэдээлж, эсэргүүцлээ илэрхийлэв.

Эрх баригч МАН-ын УИХ дахь Бүлгийн гишүүдийн дунд насаар ч гайгүй залуу, басхүү нэлээн шударга, зарчимч гишүүнд тооцогддог Ш.Раднаасэдийн эсрэг цахим ертөнцөөр нэлээн хүчтэй явагдаж байгаа тэрхүү дайралтуудын ард мэдээж УИХ дахь МАН-ын Бүлгийн нэр бүхий гишүүд, бас саяхан шүүхээс хэрэг нь хэрэгсэхгүй болж, багахан торгууль төлсөн болоод эрх чөлөөтэй болцгоосон МХЕГ-ын хоёр ч хэлтсийн дарга асан нарын зүгээс явуулж байгаа дайралтуудтай холбоотой гэдгийг тэрээр цохон тэмдэглэсэн юм.

Түүний саяхан хийсэн тэрхүү мэдээллээс товчлон хүргэвэл “Тэрбум хоёр зуу гаруй сая төгрөгийн ихээхэн авлигал авсан нь тогтоогдоод байсан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импорт, хорио цээрийн газрын дарга асан Э. Амарзаяа, Н. Баярсайхан тэргүүтэй бүлэг этгээдүүдийн авлига, хээл хахуулын том хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосоны ард намайг байсан хэмээн илтэд гүтгэсэн гүтгэлэг хэрээс хэтэрч байна. Үүний ард манай намын гишүүд ч байгаа юм.

Тэрхүү авлигын хэрэгт холбогдоод байсан Мэргэжлийн хяналтынханыг надтай нэг төгсөлтийнхөн гэдэг нь яах аргагүй үнэн. Гэхдээ надтай хамт төгссөн 130 гаруй хүнийг хэрэгт холбогдохоор Ш.Раднаасэд ард нь байна гэх нь байж боломгүй өдөөн хатгалга мөн. Энэ хүмүүс намайг ажиллах нэг жилийн хугацаанд Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байсан 2000 байцаагчийн үйлдсэн хэрэг болгоны цаана намайг байна гэвэл түүн шиг том гүтгэлэг хаана байхав. АН-ынхан ямар иймэрхүү гүтгэлэг хийж сураагүй биш дээ. Харин нэг намынхан мөртлөө над руу яах гэж ингэтлээ улангасан дайраад байгааг л гайхаж байна.  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хөнгөхөн торгууль хүлээгээд л эрх чөлөөтэй болцгоосон дээрх хоёр газрын дарга нарыг мөрдөн байцаах явцад бүр тодруулбал Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан байдаг л юм билээ.

Би сайн дураараа худлаа тоо баримт хэлээгүй шүү. Ер нь ч тэгээд төрийн алба хаах хугацаандаа хэн нэгний нэрийг харлуулах, гүтгэх зэрэг ёс бус зүйл хийж явсангүй дээ.

Гэтэл сүүлийн үед миний эсрэг зохион байгуулалттайгаар гүтгэж, дайрч байгаа энэ үйлдлийн ард “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийн холбогдсон авлигын томоохон хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд хуульд энэ өөрчлөлтийг оруулсан болов уу гэсэн хардлага төрүүлж байгаа. Учир нь Мэргэжлийн хяналтын байцаагчдын хэргийг  хоёр жил шахам прокурор, АТГ дээр гацааж байгаад дараа нь шүүхээр оруулж “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан“ гэсэн үндэслэлээр Хэрэгсэхгүй болгосон байдаг. Бүр тодруулвал  2017 онд Засгийн газраас өргөн барьсан шинэ Эрүүгийн хуулийн төсөлд “Хөөн хэлэлцэх хугацаа”-нд ямар нэг өөрчлөлт оруулаагүй өргөн барьсан. Гэтэл хуулийг хэлэлцэх явцад Ш.Раднаасэдийн толгойлдог УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гэнэт Улсын дээд шүүхийн шүүгчээр “Хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гартал болгон хойшлуулах” санал хэлүүлж, түүнийг нь гишүүдээр дэмжүүлсэний цаана Байнгын хороон дарга Ш.Раднаасэд л байсан” гэсэн ноцтой гүтгэлгийг Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяраас авхуулаад л Монголын нийгэмд тарааж байгаа.  

Гэхдээ би үнэн мөнийг тогтоолгохын тулд хойшид дуугүй суухгүй. Ер нь сүүлийн хэд хоногт хангалттай гүтгүүлж, доромжлууллаа”  хэмээн  байр сууриа хатуухан илэрхийлсэн юм.

Ямартай ч УИХ-ын Хууль зүйн Байнгын хороон дарга Ш.Раднаасэдийн сэтгэл санаа тайван бус байгаа нь дээрх мэдэгдлээс тодорхой харагдсан юм. Хэрвээ үнэхээр түүнийг нэг ангийн нөхдийнх нь хийсэн дээрх авлигын томоохон хэрэгт санаатайгаар холбон гүтгэж байгаа бол удахгүй учир нь олдож үнэн зөв нь тогтоогдох байлгүй дээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.