Монголын чөлөөт бөхийн мастерууд хоёр өдөр чууллаа

Twitter Print
2019 оны 05-р сар 13-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд (V.11-12) Спортын төв ордны “А” зааланд боллоо.

Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч, МЧБХ-ын дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, МЧБХ-ын дэд ерөнхийлөгч, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, мастеруудын дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Болд, ММБТСХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, МҮОХ-ны зөвлөх, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, МЧБМХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, 1989 оны дэлхийн аварга, Азийн болон Европын аварга, Буриадын нэрт бөх Борис Будаев, ОХУ-ын Смоленск мужийн чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Олег Маренков, Буриадын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Сергей Замбалов, БНСУ-ын Инчёнь хотын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Ань Хан Сон, БНХАУ-ын ӨМӨЗО-ны чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Сэцэнбаатар, МЧБХ-ын дэд ерөнхийлөгч, ДБНХ-ны хүндэт шүүгч Н.Дүгэрсүрэн, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, ОУХМ Ло.Энхбаяр, “Токио-1964” олимпийн наадам оролцсон, ахмад тамирчин Б.Санжаа, ахмад дасгалжуулагч Г.Баясгалан, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, МЧБМХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга ОУХМ Д.Ганбат нарын хүндэт зочид оролцов.

Нээлтийн ёслолын үеэр мастеруудын ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт ОУХМ Х.Нямдоржийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, “Скопье-2019” мастеруудын дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Болд, “Валбжих-2016” мастеруудын дэлхийн аварга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном нарыг Монголын мастеруудын холбооны Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цолоор тус тус шагнасан юм.

Түүнчлэн МЧБМХ жил бүр нэг ахмад тамирчинг 500 мянган төгрөгөөр урамшуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн шагналыг “Хөдөлмөр” нийгэмлэгээс олон зуун шавь бэлдсэн Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Хангайн Намширт олгов.

Дөрөв дэх удаагийн тэмцээнийг нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны бөхчүүд Улаанбаатар хүрэлцэн ирж, манай мастеруудтай хүч үзсэнээрээ онцлог боллоо.

ОХУ-аас найман бөх барилдснаас зургаан алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай нутаг буцаж байна.

Нийт 200 гаруй тамирчин “А”, “В”, “С”, “D”, “Е” ангиллын 62, 70, 78, 88, 100, 130 кг-ын жинд 120 багц медалийн төлөө өрсөлдлөө.

“Валбжих-2016” мастеруудын дэлхийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Баатарсүрэн, Белград-2014” мастеруудын ДАШТ-ий хүрэл медальт, “Тулгат” клубийн тамирчин ОУХМ Д.Ганбат, “Скопье-2018” мастеруудын ДАШТ-ий хүрэл медальт, Дорноговь аймгийн тамирчин спортын мастер Б.Баттөр, “Тулгат” клубийн тамирчин спортын мастер Н.Баатар, Хөвсгөл аймгийн тамирчин спортын мастер О.Баатархүү нар мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрвөн удаа зохион байгуулагдахад бүгдэд нь түрүүлэв.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.