А.Дагвасамбуу: Барилгын салбарт технологийн дэвшил, шинэчлэл гарсан ч ялангуяа зураг төсөл талд анхаарах зүйл их бий...

Twitter Print
2019 оны 05-р сар 14-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Барилгын Үндэсний Ассоциацаас зохион байгуулсан “Хөгжлийг бүтээлцсэн 10 жил” нэртэй Барилгын хөгжлийн форумын үеэр нэгэн архитекторч буюу барилгын зураг төсөл зохиогч эрхэмтэй уулзаж, Монголын Барилгын салбарт туулж өнгөрүүлсэн 60-аад жилийнх нь амьдралын түүх хийгээд, Монголын барилгын салбарын өчигдөр хийгээд өнөөдрийн ялгаа зааг, хөгжил дэвшлийн талаар сонирхон ярилцсанаа уншигчидтайгаа хуваалцаж байна. Өндөр настай болсон ч Монголын Барилгын салбарын өнөөдрийн хөгжлийг тун ч гярхай ажиглан харж яваа А.Дагвасамбуу гуайн ярианд анхаарлаа хандуулцгаана уу.

-Та эхлээд өөрийнхөө төгссөн сургууль, сурч мэдсэн эрдэм мэдлэгийнхээ талаар сонирхуулахгүй юу?

-Би барилгын зураг төслийн архитектор Адъяагийн Дагвасамбуу гэдэг хүн дээ. Ах нь уг гарвал, төрж өссөн нутаг ус гэвэл Монголын эх орныхоо өмнө зүг, алтан шаргал говийн хүн. Монголын барилгын салбартай 50 гаруй жилийнхээ амьдралыг холбосон ах нь 1969 онд тухайн үеийн БНБАУ буюу өнөөдрийн Болгарын нийслэл Софи хотод Барилгын зураг төслийн архитектурын дээд сургуулийг төгсөж ирээд л энэ салбараас огтхон ч хөндийрч холдоогүй хүн шүү.

-Үнэхээр ч тухайн үеийн БНБАУ буюу өнөөдрийн Болгар улсад, тухайлбал нийслэл Софи хотод нь Монголын урлаг соёл, аж үйлдвэрийн салбарын олон мэргэжилтэн сурч боловсорч, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмрээ оруулцгаасан даа. Тухайлбал, Софигийн Хөгжмийн дээд сургуулийг дуурийн гоцлол дуучин, симфони оркестрийн удирдаач гээд урлаг соёлын одууд төгсөцгөөсөн бол та ч бас Софи хотоос энэ насныхаа эрдэм мэдлэгийг олж авчээ дээ?      

-Гэхдээ өмнө нь бяцхан түүх сөхвөл хуучнаар БНМАУ-БНБАУ хоёр чинь 1950 онд Дипломат харилцаа тогтоож байсан болохоор энэ жил 69 жилийнх нь ой тохиож байна. Бас нэг зүйл сонирхуулахад өнөөрийн Болгар улсын нэр нь Булга гэдэг үгнээс гаралтай буюу Булган голын ай сав газар хавиар нутаглаж байгаад баруун тийш хөдөлсөн нүдэлчин ард түмэн юм л даа. Тэгээд ч Болгар улс нь хуучнаар БНМАУ-ын олон залуусыг эрдэм номд сургаж, хүмүүжүүлсэний дотор миний бие ч багтана.

Өнөөдрийг хүртэлх он жилүүдэд Болгар улсад Монголын 760 гаруй оюутан суралцан төгссөн байдаг. Өөрийн тань түрүүн дурдсанаар манай дуурийн дуучдаас хамгийн эхлээд 1962 онд Ардын жүжигчин Д.Жамьянжав гуай, дараа нь Д.Жаргалсайхан, Х.Уртнасан, А.Хавлааш, А.Дашпэлжээ зэрэг Ардын жүжигчид төгссөн байдаг юм. Дуучдаас нэлээн сүүлд МУГЖ С.Мөнгөнцэцэг төгссөн бол эстрадын дуучдаас МУГЖ Т.Ариунаа гээд тоочоод байвал олон хүн бий дээ.

-Монголын Барилгын салбарт туулж өнгөрүүлсэн 50 жилийн хугацаанд таны гараас гарсан маш олон барилгын архитектур, зураг төсөл байж таарнаа даа. Өөрийн тань биечлэн оролцож босголцсон Монгол Улсын томоохон барилга байгууламжууд гэвэл та ямар барилгуудыг нэрлэх бол?

-Миний залуу үед Барилгын тоог биш, гол нь чанарыг л илүү үнэлж, эрхэмлэдэг байсан л даа. Тиймээс миний гараас гарч баригдаж, босгогдсон томхон барилгууд гэвэл тун цөөхөн дөө. Гандан дээрх Шашны дээд сургууль, Д.Чойжамц хамбын өргөө гээд л үргэлжилнэ. За тэгээд Монгол нутаг даяар баруунаас зүүн тийш үргэлжилсэн төмөр замын обьектууд байна даа. Тухайлбал Зүүн хараа-Дархан-Улаанбаатар-Сайншанд- Замын-Үүд гээд л явчихна шүү. За эдгээрээс гадна Архангай, Хэнтий, Дорноговь энэ тэрд амралт сувилалын байгууллагууд бий дээ. Мэдээж орон нутгуудад гар бие оролцож, байгуулалцсан барилга байгууламжууд нэлээн бий. Одоо нөгөө “Монголын тал нутаг яасан уужим юм бэ” гэдэг шиг л зах хязгааргүй орон зайд бүтээн байгуулалтууд хийгддэг байсан л даа.

-Та эргээд дурсан санахад Монголын Барилгын салбарын хөгжил дэвшил, нэн ялангуяа таны үндсэн мэргэжил болох архитектур, зураг төсөл, төлөвлөлт нь өнөөдөр аль хэр түвшинд хүрсэн гэж боддог вэ?

-Үгүй тэгээд орчлон дэлхий эргэж байгаа энэ цаг хугацаа, технологийн дэвшил, хувьслыг дагаад гайгүй сайхан хөгжиж байна, мэдээж чанар, стандарт  нь ч дэлхий нийтийн чиг хандлага руу л явж байна. Би өнөөдрийн залуучуудад итгэдэг. Өнөөдрийн техник технологийн боломж, хамгийн гол нь хөрөнгө санхүү ч гэнэ үү, дэд бүтцийн боломж нөхцөл нь миний үеийнхээс харьцангуй хөгжил дэвшилтэй, бүх талаараа илүү гараад явчихлаа шүү дээ. Энэ утгаар нь бол би “Хөгжиж дэвжиж байна” л гэж хардаг шүү. Мэдээж Монголын Барилгын салбарт технологийн дэвшил, шинэчлэл ахиц хөгжил гарсан ч анхаарах зүйл их бий. Тухайлбал, барилгын архитектор, зураг төслийн талд бодууштай зүйл, аар саархан зөрчил, дутагдал их л гардаг дуулдах болжээ. Тухайлбал улсын төсвөөс хөрөнгө санхүү нь шийдэгдчихсэн мөртлөө энд тэнд баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгууд зарим нь ямар ч зураг төсөвгүй, архитектурын хувьд нэлээн асуудалтай дуулдаад байх юм даа.

-“Макс” группын Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэдийн тэргүүлдэг Барилгын Үндэсний Ассоциацын 10 жилийн ойд зориулсан Монголын Барилгын Хөгжлийн форумд та төлөөлөгчөөр сонгогдон оролцож байна. Энд Монголын Барилгын салбарын тэргүүнд яваа “Жигүүр гранд”-ын Ерөнхийлөгч Гавъяат барилгачин Д.Баттөр, “Монгол Базальт”-ын Ерөнхийлөгч Л.Ариунболд, МҮХАТ-ын шинэхэн Ерөнхийлөгч О.Амартүвшин, “Хөрш заанууд” компанийн захирал Кюкүшюзан Д.Батбаяр гээд Монголын Барилгын салбарын энэ цагийн томчууд цугларсан байна. Та энэхүү форумын ач холбогдлыг нь хэрхэн дүгнэж байгаа бол?    

-За нөгөө Ш.Гүрбазарын хэлдэгчлэн “Та хариулахгүй ч байж болно” гэдэг хувилбар надад таалагддаг л даа. Гэхдээ нэгэнт өөрөө асууж байгаа болохоор хэлэхэд өнөөдрийн Барилгын Үндэсний Ассоциацын Ерөнхийлөгч “Макс”-ын Д.Цэрэнжигмэд даргын байр суурь, явуулж байгаа үйл ажиллагаанууд нь надад их боломжийн санагддаг. Өнгөрсөн хугацааны үйл ажиллагаанд нь дүгнэлт тавьбал тун ихийг амжуулсан, бүтээн байгуулж байна л гэж дүгнэнэ. Ер нь бол Барилгын Үндэсний Ассоциаци болон МҮХАТ зэрэг байгууллагууд нь бүгд л нэг зорилго чиглэлтэй, нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй л гэж бодож явдаг даа.

-Таны ид залуу үед буюу БНМАУ байх тухайн цагт бүх зүйл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогын хүрээнд шийдэгдэж, Барилгын салбарт гэхэд л дандаа төлөвлөгөөний дагуу баригддаг байсан нь тодорхой. Харин 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хэн дуртай нь хаа олдсон газартаа баахан барилга байшин босгоод эхэлсэн. Энд таны залуу цаг болон өнөөдрийн Монголын Барилгын салбарын архитектур, зураг төслийн хувьд ч маш их ялгаа гарсан байгаа. Энэ талаарх таны бодлыг сонирхож байна л даа?  

-За энэ асуудлыг олон талаас нь буюу үнэлгээ, архитектурын шийдэл, газрын зөвшөөрөл, барилгын ерөнхий хийц маяг гээд харж дүгнээд үзвэл мэдээж багагүй давуу тал, хөгжил дэвшил анзаарагддаг л юм. Гэхдээ тэр бол нэлээн харьцангуй дүгнэлт юм шүү. Яахав дээ, бидний үеийг бол “Захиргаадалтын үеийнхэн” л гэдэг. Гэхдээ тухайн үед одоогийнхыг бодвол шаардлага ихээхэн өндөр байсан л даа. Одоогийнхоор бол татвар төлөгчид нь ганц төгрөгийг ч гэсэн үр ашигтай зарцуулах талаар мэрийдэг, хаа хаанаа анхаардаг байсан цаг юм. Тэгээд ч яг тийм шаардлагыг бид бүхэнд тавьдаг байсан. Тэр нь нэг талаасаа арвилан хэмнэлт мөртлөөсөө нөгөө талаасаа аливаа хүн бүрийг эх орондоо хайртай, шулуун шударга зан характерьтай болгож байсан санагддаг. Ямар ч байсан чин сэтгэлээсээ өөриймсөг хандах төлөвшил олгож байсан шүү.

Харин өнөөдөр харьцангуй эрх чөлөөтэй, нээлттэй болчихсон мөртлөө  зарим нь ч улсын төсвөөс шулуухан хулгай хийгээд, дараа нь тэр зоосоороо зодолдож, нэгнийхээ аминд ч хүрээд байдаг болж дээ. Гэтэл ард олны нэлээн хэсэг нь туйлын ядуу амьдарч, ажлаа хийж яваад л гэнэтийн аваар, осолд өртөн амь насаа алдаад байх болж. Шулуухан үнэнийг нь хэлчихэд өнөөдрийн нийгмийн чанга хатуу дэглэм, нэг ёсны араншин нь юм байлгүй дээ. Сонсож байхад сүүлийн үед энд тэнд баригдахаар улсын төсвөөс хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн нэлээн олон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгуудын зураг төсөв нь мэргэжлийн байгууллагуудын магадлан итгэмжлэлээр орж шийдэгдээгүй, баахан барилгын зураг төсөл нь ч огт хийгдээгүй мөртлөө барилгын ажил нь эхэлчихсэн ч гэх шиг хачин жигтэй юмнууд дуулдаж л байх юм даа. Энэ талаар түрүүнд дуугарчихсан ч дахин хэмээр санагдаад болж өгсөнгүй шүү. 

-Та тэгвэл өнөөдрийн Монголын Барилгын салбарын хөгжил дэвшил, архитехтур зураг төслийнх нь тал дээр нэлээн сэтгэл дундуур явдаг байх нь ээ дээ?

-Аливаа ажлын эцсийн үр дүн нь хамгийн эхнээсээ бэлтгэлээ хэрхэн хангасан, тухайлсан бодлого төлөвлөлтөө ямархуу түвшинд боловсруулсан бэ гэдгээс хамгийн гол нь шалтгаалдаг гээд хэлчихэд буруудахгүй. Мэдээж энд судалгаа, шинжилгээ, нэгдсэн дүгнэлт, архитехтурын нарийн дэс дараатай шийдэл, төлөвлөлт гээд олон хүчин зүйл хамаардаг л даа. Гэхдээ би аль аль талаас нь товчхон дүгнээд хэлж байгаа юм шүү. Тэнд мэдээж байгаль орчин, хүний амьдрах ая таатай бүх л нөхцөл байдал, ирээдүйн төлөвлөлт, чанар стандарт гээд маш олон хүчин зүйлийг нарийн дэс дараатай бодолцох ёстой юм. Хамгийн гол нь энд бол хэтэрхий түргэдээд ч байгаа юм шиг, цаг хугацаандаа шахагдаад ч байх шиг, тэр талаас нь аваад үзвэл нэг л их завгүй хүмүүс бужигналдаад байгаа юм.

Харин эцсийн үр дүнг нь дүгнээд үзвэл нэлээн түүхий, төгс төгөлдөр болоогүй л санагдаад байдаг. Одоо жишээлбэл хуучуулын хэлдгээр “Дайн дунд дарь нухна” гэдэг шиг л эрсдэл тун ихээр гараад байгаа. Тэр дундаа Монголын Барилгын салбарын бүтээн байгуулалтуудыг аваад үзвэл эцсийн эцэст тэр дунд нь хүмүүс ажиллаж амьдрах ёстой шүү дээ. Яг тэр талаас нь хараад үзэхээр баахан түргэн, түүхий л харагдаад байдаг юм. Гэхдээ Монголын Барилгын салбарт бүхэл бүтэн 50 жилийнхээ амьдралыг зориулчихсан хүн болохоор өнөөдрийн энэ их бүтээн байгуулалт, Барилгын салбарын өнөөдрийн ололт амжилт, техникийн дэвшлүүдийг дэс дараалан тооцохгүй арай жаахан хатуухан дүгнэлт хийчихсэн ч байж болзошгүй. 

-Танд илэн далангүй ярилцсанд гялайлаа?

-За тийм л бол хоёулаа энэ ярилцлагаа өндөрлөх үү дээ. Халуун дотноор ярилцсан эрхэм сэтгүүлч дүүд гялайлаа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.