Төрийн ордонг ХАР ЗАХ гээд ойлгочихсон

Twitter Print
2019 оны 05-р сар 12-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр төрийн эрх мэдэл, Төрийн ордонг дийлэнх иргэд маань богино хугацаанд өндөр ашигтай ажилладаг ХАР ЗАХ гээд ойлгочихсон байна. Энэ бол хамгийн том эмгэнэл шүү. Зах зээл дээр гараад шударга хөдөлмөрлөөд бизнес хийнэ гэдэг боломжгүй. Хүн байгальдаа, нийгэмдээ дасан зохицож амьдардаг амьтанлаг шинж чанартай учраас өндөр ашиг, хурдан амьжиргаагаа сайжруулах боломж руу хошуурцгааж байна.

Буруу гэдгийг нь мэдсээр байж гажуудсан тогтолцоо руу хазайж, дасан зохицож төрийн албаар баяжиж амьжиргаагаа сайжруулах гэсэн хүмүүсийн үзэгдэл усны эргүүлэг, аадар борооны үеэр мэт нийгмийг тэр чигт нь хамруулж байна. Төрийн буруу зохицуулалт, бодлого ийм нөхцөл байдалд хүргэсэн. Төрийн удирдлага, төрийн толгой дахь эрх мэдэлтэнгүүдийн буруу бодлогын үр дагавар. Өнөөгийн нийгэмд бизнес хийх ямар ч ашиггүй болчхож байгаа юм. Яагаад гэхээр төрийн механизм, төрийн хүнд суртал, зөвшөөрөл, лиценз, янз бүрийн дарамт, шалгалт тэрний ард нуугдсан авилгал, дээрэм дунд эрүүлээр өрсөлдөх ямар ч боломжгүй.

Үнэнч шударгаар бизнес хийе гэсэн хүмүүст эргэлтийн хөрөнгө олдохгүй, зөвхөн эрх мэдэлтэй хүмүүст нь олддог. Бизнесийн байгууллагад төрөөс үзүүлж буй ямар нэгэн хөнгөлөлт яам тамгын газрын өдөрлөг, нүд хуурсан зохион байгуулалтай арга хэмжээн дээр л харагддаг. Бодит амьдралд ийм зүйл байдаггүй юм. Өнөөдөр бизнес хийх хүн, энэ салбарт ажиллах боловсон хүчин ч олдохгүй байна. Хамгийн бага цалинтай байсан ч хамаагүй төрийн алба руу л зүтгэдэг.

Манай улсын төрд ажиллаж буй хүмүүсийн орон тоог өндөр хөгжилтэй бусад орнуудтай харьцуулахад 4-5 дахин илүү төрийн алба хаагчтай. Хамгийн аймшигтай нь шинэ залуу хойч үедээ "Ингэж амьдардаг юм, ингэж мөнгө олдог юм" гэсэн буруу арга барилыг зааж мутацад оруулж байна. Жигшсэн бухимдсан нөгөө хэсэг нь гадаадад цагаачилж байна.

Тордайн Ганболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.