С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг хаасан гэдэг нь ташаа мэдээлэл гэлээ

Twitter Print
2019 оны 05-р сар 11-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан С.Баярцогтын оффшор бүсэд их хэмжээний хөрөнгө байршуулсан, тодруулбал Их Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй, “Леженд плас капитал лимитед” компанийг С.Баярцогт нар 2008 онд байгуулж, Швейцарын “Кредит свис” банканд хувийн данс нээлгэн их хэмжээний мөнгө хадгалуулж байснаа ХАСХОМ-тээ огт дурдаж байгаагүй бөгөөд 2013 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумынхан оффшор бүсэд данстай манай улсын хэд хэдэн албан тушаалтан, бизнес эрхлэгчдийг ил болгоход түүний нэр тодорхой болсон билээ. 

Үүнтэй холбоотойгоор АТГ-ынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж С.Баярцогтыг Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд бүртгэлтэй, “Леженд плас капитал лимитед” компани байгуулан Швейцарын “Кредит свис” банканд эх үүсвэр нь тодорхойгүй 1 412 982 ам.доллар 2008 онд байршуулсан, 2009 онд дээрх банкан дахь дансандаа эх үүсвэр нь тодорхойгүй 9 200 000 ам.долларын орлогын гүйлгээ хийж, хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний хөрөнгө олсон, хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр байцааж байсан.

Ойрын өдрүүдэд АТГ-ын дарга нар солигдохын өмнөхөн буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр оффшор бүсэд С.Баярцогт хөрөнгөө байршуулсан гэх хэргийг хаах саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдээд байна.

Энэ талаар "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Сангийн сайд асан С.Баярцогтыг Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд компани байгуулан Швейцарын банканд хөрөнгө байршуулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг “Оюу толгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж байгаа юм.

Тиймээс С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг хаасан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа нь худал ташаа юм" хэмээн АТГ-аас  мэдэгдлээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.