Ю.Ариунзаяат: Цахим спорт бол эрин зууны спорт

Twitter Print
2019 оны 05-р сар 10-нд 16:11 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед хүүхэд залуусын дунд дэлгэрч буй цахим спортын хөгжлийн талаар АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотод амьдардаг Ю.Ариунзаяаттай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Цахим спорт л гээд байх юм, энэ спорт мөн гэж үү?

-Мөн. Бодож боловсруулсан дүрэм бүхий өрсөлдөөнт тоглоом, дасгал сургуулилт; тоглогчид, тамирчид, мэргэжлийн тамирчин, багийн ахлагч, дасгалжуулагч; ур чадварын түвшин, зэрэг, цол, зорилго; тактик, арга барил, мэх; судалгаа, өрсөлдөгчөө судлах, тактикаа боловсруулах; зар сурталчилгаа, менежмент, нэвтрүүлэг, streaming, аналист; улсын, олон улсын, бүсийн, тивийн, дэлхийн түвшиний уралдаан тэмцээн, лиг гэх мэт уламжлалт спортод байдаг бүхэн байна.

Уламжлалт спортын төрлөөс шатар, хөл бөмбөг, сагс, машины уралдаан, дугуйн уралдаан цахим болчихоод байна, цаашид энэ тоо улам л өснө.  

Хурд, хүч, хөдөлгөөнийг спорттой холбож, бие бялдрын хөгжил гэж үздэг байсан бол өнөөдөр спортын тухай ойлголт өөрчлөгдсөн.

-Өнөөдрийн байдлаар спорт гэж хүлээж авахад арай эрт байгаа юм биш үү?

-Цахим спортын тоглоомууд ихэнхи нь бидний үеийнхэнд ойлгомжгүй. Сагсны тухайд гэхэд л таван тамирчин энэ бөмбөгийг тэр сагсанд аваачиж хийх ёстой, харин нөгөө 5 нь хийлгэхгүйн төлөө тэмцэх ёстой гэдгийг бид хараад ойлгодог, харин цахим спортын тоглоомууд нь зүгээр байлдаантай кино шиг буудалцаад бие биенээ алаад байгаа юм шиг л харагддаг.

Ойлгохгүй байгаа нь бидний үеийн буруу биш юм. Бид телевизийн дэлгэц дээр мэдээ, концерт, кино үзэж байснаас тоглож өсөөгүй, бидний буу шийдэмтэй тоглоом гэдэг нь модон буугаар манай тал, дайсны тал болж тоглож өссөн.

Нөгөөтэйгүүр бидний сэтгэхүй /менталити/ бас өөр. Буу шийдэм гээд ярихаараа ойлголт нэг тийм саарал болчихоод байгаа юм. Уламжлалт спорт гэдэг утгаараа бөх морио дээдлэхээс аргагүй, бидний үе тэгэж л өссөн. Томхон биетэй эрэгтэй хүүхдийг барилдана гэж бодож, жижиг биеттэй эрэгтэй хүүхдийг морь унана л гэж бодож явсан. Магадгүй би өөрөө бөх хүний хүүхэд болохоор тийм орчинд өссөн байх л даа. Хаа сайгүй тухайн улсын уламжлалт спортын тухай ойлголтыг давж гарахад барьер бий. Ганцхан манай оронд л ингээд байгаа юм биш.

-Хэр зэрэг ирээдүйтэй  вэ?

-Энэ бол эрин зууны спорт. Интернет гээч байгаа цагт, бидний уншиж судалж байгаа бүхэн дэлгэц рүү шилжиж байгаа цагт, энэ бол зайлшгүй. Тоглогчид, тамирчид нь заавал биеээр ямар нэг байрлалд очиж тэмцээнд оролцох албагүй, үзэгчид, хөгжөөн дэмжигчид ч ялгаагүй. Байршил, хэл, хязгаараас үл шалтгаалан хөгжиж байна.

Image result for The Mongolz.

Тоглогчид нь ч тоглоомууд нь ч залуу учраас маш залуу спорт. Тэр утгаараа маш хурдтай хөгжиж байна. Дэлхий нийтээрээ 1998 оноос эхэлсэн байдаг. 2000 онд төрж байсан хүүхэд өнөөдөр 19-20 настай. 

Манай улсад 2010 оноос эрчимтэй хөгжсөн гэж бодоход 18 настай хүүхэд тоглож байсан бол өнөөдөр 29 настай болчихоод байна. Энэ залуус өөрийн гэсэн community бий болгож, ярьдаг хэл, жаргонтой, өөрийн соёлтой, бичигдээгүй ч дүрэм журамтай болжээ. Энэ залуус сайн муу нэр дуулаад 10 гаруй жил болчихож, тэр хэрээрээ Монгол улсын цахим спортын түүхийг бичиж байгаа л гэж боддог.

Энэ үеийнхэн дундаас хүүхэд байхдаа компьютерийн гар дээр ганц товч дарж үзээгүй хүн олдохгүй л байх. Бидний үеийн хөвгүүдээс тэвэг өшиглөж, бөмбөг барьж үзээгүй хүүхэд олдохгүйтэй л адил. Аливаа улсын хүн амын залуучуудын 70 орчим хувь нь ямар нэг байдлаар цахим спортыг өөртөө хамааруулдаг гэсэн тоо байдаг. Энэ тоо жил ирэх тусам өснө.

 Related image

Монгол улсын анхны мэргэжлийн баг The Mongolz. IEM 2017 тэмцээнд АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотод болсон тэмцээнд оролцож байсан

-Бид нар тэгвэл хоцорчихсон юм биш үү?

-Тийм бас үгүй.

Би эхлээд “үгүй, хоцроогүй” гэж хэлмээр байна. Сагс, хөл бөмбөг гэх мэт спорт бол аль хэдийн дүрэм журам нь тогтоогтоод, зах зээл нь бий болоод, хөгжлийн дээд зэрэглэлд (одоогоор) оччихсон яваа спорт, өөрөөр хэлбэл бид аль хэдийн бий болчихсон зах зээл рүү орж байна. Харин цахим спорт бол залуу үеийн залуу спорт, дөнгөж үүсэж байгаа учир зэрэг явж чадна. Тоглогчид, тамирчид, тоглоом хөгжүүлэлт, үзэгч, хөгжөөн дэмжигч, ивээн тэтгэлт гээд бүх зүйлээрээ шинэ. Тийм учраас бид цахим спортын шинэхэн түүхийг бичилцэж, дүрэм журмыг бусадтай зэрэгцээд боловсруулж болно. Бид энэ зах зээлд ялангуяа тамирчид, тоглоом хөгжүүлэлт, контент бүтээх тал дээр  гол тоглогч болох боломж бүрэн дүүрэн байгаа. Би үүнд итгэлтэй байдаг. Манай залуус хийж чаднаа.

Тиймээ, бид хоцроод байна. Сүүлийн хоёр жилд маш эрчимтэй хөгжиж байна. Мэдээлэл англи хэл дээр тийм элбэг биш байсан, одоо үнэндээ "хахаж" байна.

Тоглоомын хэрэгслийн хувьд PC, playstation, console хэлбэрээс mobile рүү шилжиж байна. Өмнө нь дэлгэц, гар, хулгана хэрэгтэй байсан бол одоо утсаараа л тоглодог болчоод байна ш дээ. Тоглоомуудын төрлүүдийн тоо өдөр өдрөөр өсч байна, харин аль нь спорт төрөлд орох вэ, аль нь зүгээр тоглоомд орох вэ гэдгээ ярьдаг болж. Тамирчид, тоглогчид, үзэгчдийн хандлага өөрчлөгдөж илүү мэргэжлийн гэдэг тал руу анхаарч, мэдлэг боловсрол, эрүүл мэнд, менежмент зах зээл гэж ярих болсон байна.

Би дахиад л эко системийн талаар дурдъя. Эко систем 1: бидэнд баг, тамирчид, уралдаан тэмцээнүүд байна. Бидэнд дасгалжуулагч, аналитик-шинжээчид, судлаачид алга. Эко систем 2: Мэдээлэлийн хувьд  олон нүүр номын хуудас, цахим хуудас, мэдээлэлийн сайтууд бас харьцангуй элбэг болж байна л даа. Том том медиа анхаараад эхэллээ. Гэхдээ зөвхөн мэдээ төдийхөн л байна. Болж байгаа тэмцээн, баг, тамирчдыг сайн сурталчилж өгөхгүй байна. Эко систем 3: Дэмжлэг бараг л алга. Оргүй дор охинтой гэж хэд хэдэн газрыг нэрлэж болно л доо. Гэхдээ ивээн тэтгэх гээд байгаа хүмүүс компани нь энэ спортыг ойлгохгүй, мэдэхгүй байна. Цахим спортынхон ч бас дутагдалтай ажиллаж байна. Миний хэлж байгаа нь ч бас дутагдалтай, бараг бүх тамирчид, стриймерүүд, ганц хоёр мэргэжлийн гэж нэрлэж болох хүмүүс нь цалингүй, нөгөө бор зүрхээрээ л гэдэг болоод байна.

Зураг дээр: Г.Эрдэнэцогт, Австрали улсын Gray Hound багийн тоглогч

-Та зөвхөн нэг талыг бариад хэт өмөөрөөд байгаа юм биш үү? Муу талуудыг нь, донтолт гэх мэт ер дурдахгүй юм?

-Би өмөөрөөд байгаа биш л дээ, бодит байдал ийм байна шүү, анхаармаар байна шүү л гээд байгаа нь тэр. Аливаа хэрэглээгээ хэтрүүлж байгаагаа мэдээд байгаа мөртлөө өөрийгөө татаж чадахгүй бол донтолт мөн. Заавал ч үгүй PC тоглогчид донтоод байгаа биш л дээ, хэд хэдэн төрлийн донтолт бий. Гэхдээ эцэг эхчүүдэд хэлэхэд хүүхэд чинь үнэхээр хэт олон цагаар тоглоод, хичээл номоо хаяад, энэ тухайгаа тантай ярихгүй байгаа бол донтолтын эхлэл мөн. Ийм тохиолдолд хүүхэдтэйгээ ярилц, арга хэмжээ ав гэж хэлмээр байна.

Харин 20-30 гарчихсан залуу ТА хэтрээд байгаагаа мэдэж байгаа мөртлөө өөрийгөө татаж авч чадахгүй бол чиний асуудал, чиний амьдрал, чиний л хувь тавилан. Ийм байдалд ороод засч чадахгүй байгаа бол чиний буруу гэж хатуу хэлмээр байна. Эцэг эх, гэр бүл, үр хүүхэд, ажил хичээлдээ зарцуулах цагаа зохицуулахгүй, амжилт гаргаж, мэргэжлийн болж чадахааргүй  бол эртхэн замаа бодсон нь дээр гэж хэлмээр байна.

Энэ спорт гэмтэл авдаг спорт: олон цагаар хөдөлгөөнгүй суугаад нурууны суулт, нуруу, хүзүүний гэмтэл авна, гарын хуруу, бугуй маш их хөдөлдөг учир бас гэмтэл авах магадлалтай, тархины ажиллагаа маш өндөр түвшинд шаарддаг сэтгэл хөдлөл, мэдрэлийн үйл ажиллагаагаа хянаж сурах хэрэгтэй, олон цагаар суудаг тул хөдөлгөөнд спортоор хичээллэх хэрэгтэй. Нэг үгээр хэлэхэд бүх юм өөрөөс чинь шалтгаална, энэ салбарт тоглогчоос гадна мэргэжлийн түвшинд очих зөндөө ажлын байрууд байгаа, үргэлж Б, В төлөвлөгөөтэй явж бай гэж л хэлмээр байна.

2017 онд Сиатл хотод болсон Dota2 төрлийн The International тэмцээн

-Таны бодлоор манай цахим спортын хөгжил аль түвшинд явж байна вэ?

-Мэдэхгүй. Энэ том асуултанд хариулахын тулд статистикийн тоо баримт дээр тулгуурлаж ярьмаар байдаг, гэтэл тоо олдохгүй байна. Осолдохгүй сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн тоо, ПС тоглоомын төвүүдийн тоо байна, гэхдээ бас л зөрүүтэй. Алинд нь итгэхэд бэрх.

Энэ спортыг хөгжүүлэхийн тулд бодлого хэрэгтэй. Юу яасан ийсний чинь бодлого л гэх байх. Гэхдээ бидэнд бодлого хэрэгтэй байна. Бодлого боловсруулахын тулд энэ зүгийн мэдлэг хэрэгтэй, мэдлэгийг олж авахын тулд энэ талын мэргэжилтэй туршлагатай хүн хэрэгтэй байна. Хааж хорьдог бодлого биш, энэ спортыг зөв ойлгуулж, зөв сурталчилж, зөв хөгжүүлж, зөв сургах бодлого хэрэгтэй байна. Яг үнэндээ бид мэдэхгүй байгаа учраас болгоомжлоод, болгоомж нь айдас болоод, тэр хэрээрээ сөрөг мэдээлэл рүү ханараад байна. Энэ янзаараа 5 жилийн дараа гэхэд бид бүүр ард нь үлдэх вий. Би дахиад хэлье, бодлого хэрэгтэй байна.

Related image

Хэрвээ та анзаарсан бол би нэг ч тодорхой тоо, нэр дурдсангүй. Ерөнхий юм шиг боловч маш тодорхой ярилаа. Илүү мэдээлэл хэрэгтэй бол монгол хэл дээр, өөрийн мэддэг гадаад хэл дээр гүүглэдээд үзээрэй. Олон эх сурвалжаас мэдээлэл аваад уншаад үз, тэр цагт ойлголт тань арай өөр болсон байх болов уу. Миний хөтөлдөг “Цахим спортын тухай мэдээ, мэдээллүүд” гэж нүүр номын хуудас байгаа, тэндээс бас мэдээлэл аваарай.

-Та өөрийгөө танилцуулна уу?

-Би орос, англи хэлний багш мэргэжилтэй. Америкт ирээд 12 жил болж байна. Мэргэжлийн ажлаа хийж чадахгүй байгаа ч аль болох орчин үеэс хоцорчихгүй юмсан гэж хичээдэг. Багш хүний зан хөдлөөд залуучууд, хүүхдүүдэд мэдэх чадах юмаа хэлж өгөх юмсан л гэж боддог.

Залуу байхын олон нийтийн ажил хийж, "дарга царайлчихаад" хавтас сугавчлаад харайж явдагсан, тэр зан минь бас нөлөөлдөг байх. Бэй Аэриагийн Монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Манай холбоо Калифорни мужийн баруун эргийн 10 гаруй хотын монголчуудын дунд үйл ажиллагаа тогтмол явуулдаг, 18 жилийн түүхтэй Монголчуудын хамгийн анхны байгууллага.

Энэ салбарт ороод залуучуудаар улам бахархах боллоо. Хүний залуу нас гэж яасан сайхан эрч хүчтэй хурдтай байдаг юм. Аль болох зэрэгцээд алхаад байх санаатай. Мэдэхгүй чадахгүй зөндөө гарах юм. Ухаалаг утсыг  update хийхгүй бол гацаад, функцууд нь ажилладаггүйтэй адил, хүн хэдий ухаантай ч үргэлж өөрийгөө update /шинэчилж, цэнэглэж/ хийж явахгүй бас л функцууд нь ажиллахгүй шүү дээ. Эрин зууны спортын тавцанд монгол залуус гол тоглогч байна гэдэгт би үргэлж итгэдэг.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.