Иран-Монголын Ерөнхийлөгч нарын асар их ялгаа, зааг...

Twitter Print
2019 оны 05-р сар 10-нд 10:55 цагт
Мэдээний зураг,

Ази, Европ, Америк бүр Африк тивийн улс орон болгоны төрийн тэргүүн, ард түмнийхээ олонхийн итгэлийг хүлээж, дөрвөн жил тухайн улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилладаг эрхмүүдийн хүн чанар, хийж хэрэгжүүлсэн ажлууд, басхүү дээд эрх мэдэлтэй байхдаа улс эх орон ард түмнийхээ эсрэг амжуулж орхисон,  идэж уусан болон хулгайлан завшсан хөрөнгө мөнгө нь хүртэл асар их ялгаа заагтай, ёстой л “Өдөр шөнө” шиг л эрс тэс өөр өөр байдаг юм байна.

Энд нэг зүйл онцлоход Ард түмэн, эх орноо гэсэн жинхэнэ чин сэтгэлтэй Ерөнхийлөгч 8 жил төрийн тэргүүний албыг хаачихаад хугацаа нь дуусч албанаасаа буухад түүнийг хамгийн их үзэн ядаж байсан сөрөг хүчний улс төрч нар нь хүртэл үнэхээр харамсч буйгаа илэрхийлж, ард түмэн нь бүх нийтээрээ маш их хүндэтгэлтэйгээр үдэн мордуулж байсан Ерөнхийлөгчөөр өнөөдөр АНУ-ын гол “Заналт дайсан”-аар нэрлэгдээд байгаа Ираны Ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежа тодорсон байдаг. Жаахан түүх сөхвөл тэрээр 2005- 2013 онуудад Иран улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, хувь хүнийхээ талаас маш их онцлогтой нэгэн байсан гэдэг. Иран улсыг багагүй хүчирхэгжүүлж, ард түмнийхээ амьдралыг ч нэлээн сайжруулж дөнгөсөн Махмуд Ахмадинежа Ерөнхийлөгч тун ч  хүчирхэг удирдагч байсны зэрэгцээ туйлын эх оронч, энгийн даруу амьдралтай нэгэн байжээ. Түүний туулж өнгөрүүлсэн амьдралын түүхээс дурдвал Иран улсын Ерөнхийлөгч болоод хөрөнгө орлогынх нь мэдүүлэгт бүртгэгдснээр 1977 оны загварын “Пежо – 504” машин, 40 жилийн өмнө эцгээсээ өвлөж авсан жижигхэн байшинтай гэсэн байдаг бөгөөд ерөнхийлөгчийн албаа өгөөд явахад ч хөрөнгө нь урьдынхаа хэвээр л байсан гэдэг. Түүнээс гадна хамгийн гайхалтай нь М.Ахмадинежад ерөнхийлөгчийн цалин авдаггүй байсан ба түүнийгээ “Энэ мөнгө бол Ираны ард түмний мөнгө, баялаг учраас түүнийг хамгаалах ёстой” хэмээн тайлбарладаг байжээ. Тэрээр Иран улсын хөгжлийг тодорхойлох яамдын сайд нарыг сонгож, засгийн газартаа ажилуулахдаа олон асуулт бүхий баримтанд гарын үсэг зуруулдаг  байсан нь “Анх ямар хөрөнгөтэй ирсэн тэр хэвээр байх, хувийн данс болон гэр бүл, хамаатан садныханы данс шалгагдаж байх”-ыг зөвшөөрүүлдэг байсан гэнэ. Өглөө бүр ажилдаа ирэх ерөнхийлөгч Махмудын гар цүнх албаныхны амыг ангайлгадаг нь түүн доторх эхнэрийнх нь бэлдэж өгсөн өглөөний хоол болох оливийн тостой талх, бяслаг бутерброд байсан гэдэг. Ираны ард түмний сайн сайхны төлөө ёстой л хоёргүй чин үнэнч сэтгэлээр махран зүтгэсэн туйлын эгэл жирийн энэ хүн өөрийн ажиллаж амьдардаг дүүргийн гудамж, талбайн цэвэрлэгч нартай байнга хамт ажиллаж ажилд нь тусладаг байсныг АНУ-ын ганц хоёр сэтгүүлч гайхаж шагшран олон нийтэд мэдээлсэн гэдэг.


Иран улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажиллаж, ард түмнийхээ жинхэнэ хайр талархлыг хүлээсэн тэрээр одоо Ираны тодорхой тооны их, дээд сургуулиудад сарын 250 доллараар лекц уншиж олсон орлогоороо л амьдарч байгаа гэнэ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад ерөнхийлөгчийн тэтгэвэр, тэтгэлэг авахаас татгалзахад нь сэтгүүлчид гайхан тэр талаар нь асуухад  "Тэтгэвэр, тэтгэмжийн төлөө бус эх орон, Ираны ард түмнийхээ эрх ашиг, сайн сайхны төлөө зүтгэсэн юм” хэмээн сэтгүүлчдийг гайхшруулж явсан бөгөөд тиймдээ ч Ираны ард түмний жинхэнэ хайртай эрхэм болсон байдаг.
Америкийн “Fox News” телевизийн сурвалжлагч Иран улсын ерөнхийлөгч М.Ахмадинежадаас “Та өглөө босоод өөрийгөө толинд харж, өөртэйгөө чухам юуны тухай ярилцдаг вэ” гэж асуухад тэрээр толинд тусах хүнд хандаж  "Чи бол жирийн нэгэн зарцаас илүүгүй гэдгээ санаж яв” гэж л хэлдэг хэмээн хариулж Америкийн сэтгүүлчийг гайхаж цөхрөн амаа ангайлгахад хүргэсэн байдаг. Гэхдээ хамгийн талархалтай буюу Ираны ард түмнийг дахин гайхалтай баярлуулж байгаа мэдээлэл нь жинхэнэ зүрх сэтгэлээсээ эх орноо хайрладаг,  энгийн мөртлөө хүчирхэг энэ удирдагч  эргээд Ираны улс төрд ирж байгаа нь гэнэ билээ.

Гэтэл өнөөдрөөс 29 жилийн өмнө буюу 1990 оны Цагаан морин жилд “Ардчилсан хувьсгал” гэгчийг талийгаач С.Зориг, өнөөдрийн баатар Э.Бат-Үүл, нийтлэгч Баабар, МУГЖ Д.Сосорбарам, “Хонх”-ын дуучин агсан С.Цогтсайхан, М.Энхсайхан, Д.Дорлигжав, С.Амарсанаа нарын зэрэг 13 анхдагчидтай хамтран хийж явсан Ц.Элбэгдорж нь тэр цагаас хойш хэмжээ хязгааргүй эрх мэдэл, эд хөрөнгийн магнайд заларчээ. Тэр тухай дэлгэрэнгүй сануулвал Монгол Улсын Ерөнхий сайдаар 1998 оны дөрөвдүгээр сарын 23-наас 1998 оны 12 дугаар сарын 9-нийг хүртэл, хоёр дахь удаагаа 2004 оны наймдугаар сарын 20-ноос 2006 оны нэгдүгээр сарын 13-ныг хүртэл ажилласан бол Монгол Улсын Ерөнхийлөгч буюу Монгол төрийн тэргүүнээр 2009 оны зургаадугаар сарын 18-наас 2013 оны долоодугаар сарын 10-ныг хүртэл, хоёр дахь удаагаа 2013 оны долоодугаар сарын 10-наас 2017 оны долоодугаар сарын 10-ныг хүртэл Монгол төрийн тамгыг бүхэл бүтэн найман жил атган суусныг нь Монголын ард түмэн яагаад ч мартаж чадахгүй билээ.  

Хамгийн харамсалтай нь Ц.Элбэгдоржийг ийнхүү Монгол төрийн тэргүүнээр халаа солиогүй бүхэл бүтэн найман жил залран сууж, төрийн тамгыг хоёр гартаа тас атгаж суух тэрхүү найман жилд Монголын ард түмэнд асар их хохиролтой болсон Оюутолгойн гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асар их авлига, хээл хахуулийн хэрэг, Монголын баялгийг хэнэг ч үгүй тонон дээрэмдэж асар их баяжицгаасан “Саус гоби сэндс” гэгч компанийн захирал Жастин Капла гэгч этгээд нь Монгол Улсад үлэмж их татвар төлөлгүй нуун дарагдуулчихсан байхад улайн цайм Монгол Улсын хуулийг тас дайран зөрчиж өршөөл үзүүлж, нутагт нь буцааснаар Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.

Хэдийгээр Монгол Улсын шүүхээс Ж.Капла нарын бурууг нотолж шийтгэсэн атал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж,  тэдэнд ял завших боломж олгосон билээ.

Мөн Монгол Улсын хөрөнгө санхүүд асар их хохирол учруулсан АСЕМ-ын уулзалт гэгчийг дур мэдэн зохион байгуулснаараа эдийн засгийн хүндрэл, хямралыг гүнзгийрүүлэхэд том түлхэц өгсөн байдаг.

Энэ талаар тодруулвал тэрээр 2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо АСЕМ-ын уулзалтыг Монголд хийх амлалт өгснөөр Монгол Улсад дааж давшгүй их дарамт учруулж, эдийн засгийг туйлдуулан хөрөнгө санхүүгийн уутыг доош харуулан гөвөхөд томоохон дэмжлэг болсон юм. Эдийн засгийн бодит бололцоо, нөхцөл байдлыг харгалзалгүй, зөвшилцөлгүй, дангаараа дур мэдэн ийнхүү зарласан  Ц.Элбэгдоржийн дээрх үйлдлийн төлөөсөнд Монгол Улс 600 илүү тэрбум төгрөгийн бодит зардал гаргасан нь эдийн засгийн хүндрэлийг улам л урагшлуусанаас өөрөөр ямар ч дэмжлэг үзүүлээгүй, Монголын ард түмнийг “Модыг нь бариулах”-д гол хүчин зүйлийн нэг болсон билээ.

Түүний дур зоргоороо авирлалт түүгээр хязгаарлагдахгүй. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгоогүй эрх эдэлж, Засгийн газрын томилгоонд шууд оролцож байсан.    

Түүний энэхүү дураараа авирлалтыг тодорхойлвол Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгоогүй эрх эдэлж ГХЯ, ТЕГ, АТГ болон хуулийн байгууллагын бусад томилгоог Засгийн газраас булаан авсан байдаг. Ингэснээрээ Ч.Сайханбилэг болон Ж.Эрдэнэбатын Засгийн газрын кабинетийн чадавхийг бууруулж, Засгийн газрын үйл ажиллагаанд дур мэдэн оролцож, эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж, өөртөө төвлөрүүлэх дур зоргын санаархлаа хэрэгжүүлж байсныг Монголчууд өнөөдөр ч сайн санаж байгаа.

Тэрээр Монгол төрийн дээд суудалд заларч, төрийн тамгыг хоёр гартаа тас атгаж суухдаа өөрийн найз Роберт Пейнтерт гэгчид  Монгол Улсын хөрөнгө мөнгийг зувчуулан өгч байсныг тухайн үед нь өнөөдрийн Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга маш тодорхой баримттайгаар ил тод шүүмжилж байсан билээ. 

Ц.Элбэгдоржийн тэрхүү төрийн мөнгөөр туйлсан гэмт үйлдлийг нь тодруулвал түүний дур зоргоор дэлхийд бараг л өөр байхгүй асар их баялагтай Оюутолгойн ордыг Рио Тинтод бэлэглэлцсэн бүлэг луйврынхаа дараахан “Оюу Толгой” компанид зөвлөгөө авхуулахаар улсын төсөвт 17,5 тэрбум төгрөг суулгаж, энэ мөнгөний тодорхой хувийг нь өөрийн найз Роберт Пейнтерт гэгчид шилжүүлсэн байдаг. Тэр талаар бүр тодорхой баримт сөхвөл Ц.Элбэгдоржийн найз Роберт Пейнтер, түүний эхнэрийн байгуулсан "Painter Law Firm" гэгч нь ердөө л нэг жижигхэн компани байсан юм билээ.

Тэгээд ч зогсоонгүй Монголын говиос олдсон “Тринозавр” хэмээх Үлэг гүрвэлийн ясыг авчрахад гавъяа байгуулсан хэмээж өнөөх найз Роберт Пейнтерээ Монгол төрийн дээд шагнал “Алтан гадас” одон”-гоор шагнуулж байж. Мөн өндөр үнэтэй буюу 17 тэрбум төгрөгийн зөвлөгөө авах байсан юм бол гадаадын зөвлөгөө өгдөг компаниудын дунд нээлттэй тендер зарлах ёстой атал тэгээгүй, мөн л өөрийнхөө дур зоргоор авирласан байдаг. Тэгээд ч түүний тушаал, шийдвэрээр Монгол Улс өнөөх мөнгийг нь  шуудхан л  шилжүүлж байсан түүхтэй. Тухайн үедээ “Оюу Толгой”-г Олон улсын хэмжээний мега төсөл гэж ярьчихаад "Зөвлөгөө" авах болохоороо хоёрхон хүнтэй эрүүл мэндийн үйлчилгээ болон "Гэрээслэл" хийж өгдөг жижиг компанийг, чингэхдээ өөрийн найз гэх Роберт Пейнтерт гэгч зальтай этгээд болон түүний эхнэрийнх нь компанийг сонгосныг өнөөдөр АТГ-ын шинэ удирдлагууд нарийвчлан шалгаж, гэм бурууг нь тогтоох цаг нэгэнтээ болжээ.

Түүний дур зоргоороо авирлаж, хийсэн гэмт үйлдлүүд, Монголын ард түмэн хэзээ ч мартахгүй нүгэл хилэнцүүд нь эдгээрээр дуусахгүй юм. Тухайлбал хамгийн сүүлд тодорхой болсон нэгэн мэдээллийг задалвал 2019 оны гуравдугаар сарын 19-ний орой Эрүүгийн цагдаагийн газрынхан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын галлерайд нэгжлэг хийж, хэд хэдэн уран зураг хураан авсан байдаг. Хамгийн ноцтой нь Уран зургийн галлерайгаас алдагдсан 21 зургийн зургаа нь тус галлерайгаас олдсон байгаа юм.


Гэтэл тэрээр АТГ-т гаргаж өгсөн ХОМ-ийн мэдүүлэгтээ 1980 оноос хойш цуглуулсан уран зургийн цуглуулагтай, нэг бүр нь сая төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 600 сая төгрөгөөр үнэлэгдэх зурагтай гэж мэдүүлж байж.
Мөн “Их тэнгэр” цогцолбор руу яваад ор сураггүй алга болсон уран зургууд ч Ц.Элбэгдоржийн цуглуулгаас гарч ирсэн гэдэг.

Дүрслэх урлагийн музейд байсан Монголын шилдэг 40 зургийг Их тэнгэр цогцолборын хананд түр байрлуулах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэдэг. Гэтэл тэдгээр 40 зургийн 37 нь алга болсон бөгөөд 21 нь ор сураггүй алга болсон талаар өмнө нь мэдээлэл гарч байсан. Яг тэрхүү гэмт үйлдлийнх нь талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан чуулганы хуралдаан дээр тодорхой мэдээлэл хийж л байсан. Тэгвэл бусдад хулгайлагдаж үгүй болсон тэр 21 зургийн зургаа нь Ц.Элбэгдоржийн цуглуулга буюу хүргэн дүү Х.Болдбаатарын галлерайгаас гарч ирснийг юу гэж ойлговол зохилтой вэ.

Эдгээр зургууд Ц.Элбэгдорж болон түүний ойр тойрныхоны гарт хэрхэн яаж орж ирсэн талаар АТГ-ын шинэ дарга З.Дашдаваа болон дэд дарга Ж.Батсайхан нар ажилтнууддаа тодорхой үүрэг чиглэл өгч, нарийн нягт мөрдөн шалгах цаг болжээ.

Тэгээд ч өнөөдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж урьд нь “2008 оны долдугаар сарын 1-ний улс төрийн үймээний гол хариуцлага хүлээх ёстой хүн нь Ц. Ц.Элбэгдорж шүү. Учир нь гол өдөөн хатгагч нь тэр шүү дээ” гэсэн байдаг.

Тэгээд ч сүүлийн үед 1990 оны хамтран тэмцэгч С.Зоригийнх нь аллагын хэрэг тун ч өндрөө авч Ц.Элбэгдоржийн толгойлдог МАНАН бүлэглэлийн Т.Хурц 461 дүгээр хориход өнөөдөр ч хоригдож байгаа билээ. Мэдээж Монголын нийгэм даяар С.Зоригийн аллагын аймшигт хэрэгт Ц.Элбэгдорж “Гар дүрсэн үү, бүр удирдан зохион байгуулсан юм болов уу” гэсэн хардлага, сэрдлэгэ улам л газар авч байгааг үгүйсгэх арга байхгүй юм. Мэдээж тэр талаар ч Монголын цагдаа, хууль, шүүх АТГ-ынхан туйлын анхааралтай, нягт нямбай шалгалтын ажиллагаа явуулах өдөр удахгүй л болов уу.

Мөн түүнчлэн өнөөдөр хэн бүхэнд тодорхой болсон МАНАН бүлэглэл буюу Ц.Элбэгдорж, М.Энхболд нар хэрхэн ойртон нөхөрлөж, “Нэгэн хөнжилд орсон” талаар доорхи баримтыг дэлгэн тавих ёстой болов уу. Тухайлбал тэр хоёрын нөхөрлөл аль эрт 2005 оноос эхлэлтэй юм билээ. Бүр тодруулвал 2005 онд Н.Энхбаяр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч болж, УИХ дахь түүний суудлын төлөө 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас тухайн үеийн намын дарга М.Энхболд, АН-аас Ц.Элбэгдорж нэр дэвшсэн түүхтэй. Гэтэл АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж нь сонгууль болохоос ердөө хэдхэн цагийн өмнө сонгуульд өрсөлдөхөөсөө татгалзсан байдаг. Тухайн үед энэ явдлыг хэн ч тайлбарлаж чадаагүй боловч үүний цаана ноцтой шалтгаан байсан ба энэ нь Оюу Толгой, Таван Толгой болон банкны салбарыг МАН, АН хоёр хяналтандаа хуваан авсан үйл явдал байжээ. Ямар ч гэсэн энэ үеэс М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрын “Үерхэл нөхөрлөл” эхэлсэн гэдэг. Түүнээс долоон жилийн дараа буюу 2012 оны УИХ-ын сонгуульд АН ялсан боловч бүлгүүдийнхээ зөрчилд идэгдэж, засаглалын хямрал үүсгэсэн түүхтэй.  Тухайн үеийн тэрхүү замбараагүй байдал нь 8 жил Монгол төрийн толгойд сууж асар их туршлагатай болсон Ц.Элбэгдоржид гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх “Алтан  боломж” олгосон байдаг.
Тэгээд ч Н.Энхбаярыг С.Баяртай нийлж онхолдуулсан Ц.Элбэгдорж “Алтан гадас” буюу МАНАН-г захирахын төлөө нүсэр тэмцэл явуулсан ба энэ нь Монголыг дангаар захирах эрх мэдлийн төлөөх тэмцэл байжээ.

Түүнийгээ шулуухан ажил хэрэг болгохын тулд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдтой тохиролцоо хийж “Энэ удаа чи ялалт байгуулж Ерөнхийлөгч болох нөхцөл боломжоор бид хангана. Харин дараа нь би дахин Ерөнхийлөгч болж 2028 он хүртэл Монгол Улсыг удирдацгаая” гэсэн тохиролцоо хийсэн боловч хаширч, туйлдсан Монголын ард түмэн туйлын зөв сонголтоо хийцгээж МАНАН-гийн нэг толгойлогч М.Энхболдыг биш Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр томилсон билээ. Тэгээд ч ард түмний сонголт туйлын зөв байсан нь өнөөдөр нотлогдож, ард түмнийг басамжлан доромжилж байсан МАНАН бүлэглэлийг дарж, тэдний гар хөл болж Монголын хууль шүүхийг “Шударга бусын хонгил” болгосон ЦЕГ, хууль, шүүхийн удирдлагуудыг бүхлээр нь сольж, Монгол оронд “Шударга үнэний үүрийн туяа” татаж эхлээд байгаа юм.

Гэхдээ энэхүү “Шударга үнэний үүрийн туяа” дөнгөж л захаасаа цайрч эхэлж байгаа билээ. Одоо түүнийг улам төгөлдөржүүлж, Ц.Элбэгдоржоос эхлээд Монголын ард түмэнд тун ч их хор хөнөөл учруулсан, эх орноосоо урвагчидтай туйлын хатуу тэмцэл өрнүүлэх цаг нь болжээ.

Энэ бүхнээс дүгнэлт хийвэл Ц.Элбэгдоржийн Монголын улстөр, Монголын нийгэм, Монголын ард түмэнд учруулсан бүх л гай зовлон, нүгэл хилэнц, хулгай дээрэм бүхнийг Ираны Ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежагийн эх орон ард түмнийхээ төлөө үйлдсэн бүх л сайн сайхан, буян хишиг, их бүтээн байгуулалттай нь зүйрлүүвэл үнэхээр ямар ч хүн гайхан балмагтаж, дуу алдан санааширах, хамаг л муу хараал зүхлээ дуусгах жинхэнэ “Буян, нүгэл”-ийн ялгарал гэдэг нь тодорхой бизээ. Ази тивийн хоёр улсын, хоёр Ерөнхийлөгчийн үйлдсэн бүх л нүгэл буян, шунал хүсэл, гэгээрсэн үйлдэл нь чухамдаа ийм л их зөрүү зааг, ялгаатай байх ажээ...   

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.