Ирээдүйн үндэсний шигшээ багийн тоглогчид “Элит академи”-д суралцана

Twitter Print
2019 оны 05-р сар 09-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Шигшээ багийнхаа амжилтад анхааран ажилладаг Монголын Хөлбөмбөгийн Холбоо 16, 19 хүртэлх насны “Элит академи”-ийг нээж, өсвөрийн шигшээ болон ирээдүйн үндэсний шигшээ багийн залгамж халааг тогтвортой бэлдэх ажлаа нэг шат ахиулан хийхээр боллоо.

“Элит академи”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр холбооны ногоон талбайд болоход МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар оролцож, “Ялалтын баярын өдөр “элит академи”-ийн нээлтийг хийж байгаа учраас манай шигшээ багийн залуус олон сайхан ялалт байгуулахыг бэлэгшээж байна. “Элит академи”-тай хамтран ажиллах хүсэлтэй гадна дотнын дасгалжуулагч, мэргэжилтнүүдэд манай үүд хаалга нээлттэй байх болно” гэлээ.

Уг академийн сургалт, бэлтгэлийг удирдан явуулах МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Хатем Соусси “Элит академи зөвхөн Улаанбаатар хотын хөлбөмбөгчин хүүхэд залууст бус Монгол орны өнцөг булан бүрт байгаа авъяаслаг өсвөрийн хөлбөмбөгчдөд сонгон шалгаруулалт хийхэд нээлттэй байна” гэж “Элит академи”-ийн цар хүрээний талаар хүүрнэсэн юм.

Ирэх 09-р сард 16 насны шигшээ, 11-р сард 19 насны шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд хүч үзэхэд “Элит академи”-ийн тоглогчид голлох үүрэг гүйцэтгэж, мэдсэн сурснаа ард түмэндээ харуулах нь дамжиггүй. Мягмар, лхагва гарагт явагдах академийн бэлтгэлийг МХБХ-ны өсвөр үе, залуучуудын хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик удирдахаас гадна нас насны шигшээ багийн дасгалжуулагч нар ажиллах болно.

А.Алтанчимэг

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.