АТГ-ын шинэ дарга З.Дашдаваа, Ж.Батсайхан хоёрын эр зориг л бүхнийг шийднэ...

Twitter Print
2019 оны 05-р сар 10-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Монгол Улсын хууль, шүүх, цагдаагийн байгууллагуудад Монгол Улсын хууль дүрмүүд ёсчлон мөрдөгддөг, тэдгээр байгууллагын удирдлагууд нь хуульчийн болон Монгол Улсын шударга иргэдийн эр зориг гаргаж, ажлаа чин шударгаар гүйцэтгэж, эх орон, ард түмнийхээ төлөө, өргөсөн тангарагтаа үнэнч үлддэг зан байдал, шинж чанар огтхон ч байхгүй болжээ.

Яг үнэндээ өнөөдөр Монгол Улсын ЦЕГ, ТТГ, АТГ, бүх дүүргүүдийн прокурор, шүүх, тэр ч байтугай Улсын Дээд шүүхэд ч Монгол Улсын хуулийг ёслон биелүүлдэг, тэнд Монгол Улсын эрх ашиг, ард иргэдийнхээ амар тайван байдал, тэдний ирээдүйдээ итгэх итгэлийн төлөө хуульчийн тангарагаа чин үнэнчээр дагаж мөрддөг төрийн албан хаагч ёстой л “Хуруу даран тоолмоор” үлдэж хоцорсон нь гунигт үнэн юм. Яг үнэндээ өнөөдөр л гэхэд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхүүдэд Шүүгчийн ёс зүйг чанд сахиж, хуульчийн тангарагыг өдөр тутам баримтлан ажилладаг, хэрвээ Монгол Улсын хууль дүрмийг ширхэгчлэн биелүүлэхгүй бол улс эх оронд болон тэдгээр шүүгчдийн ажлын гүйцэтгэл бүрийг цаг тухайд нь ажиглан хэрж, үнэлэлт дүгнэлт өгдөг ард иргэдийнхээ итгэлийг мохоож, Монголын нийгмийг харлуулан гутаах болно гэдгийг ойлгодог, өөртөө хатуухан шаардлага тавин ажиллаж чаддаг шударга, итгэлтэй шүүгч бараг л байхгүй хэмээн шулуухан дүгнэж болох юм.

Өнөөдөр жирийн иргэдэд тийм ч тодорхой, ойлгомжтой бус хэрнээ Монгол Улсын Дээд шүүхийн 16 шүүгч нь бүгд л өнөөдөр Монгол хүн бүрийн дээд зэргийн зэвүүцэл, дургүйцлийг төрүүлсээр байгаа МАНАН бүлэглэлээс тохоон томилогдсон товаришууд гэдгийг мэдэх хүмүүс нь хамгийн сайн мэдэж, үзэн ядаж л яваа. Үнэхээр энэ МАНАН мафигийн томилгоог багаар нь л халж, солихгүй бол Дээд шүүхээсээ эхлээд Монгол Улсад "Шударга ёсыг сэргээн тогтоох" тухай яриад ямар ч хэрэггүй, хий хоосон чамирхал, энэ цагийн гарз хохирол болоод л дуусна. 

Тухайлбал тун саяхан МХЕГ-ын хоёр ч Газрын даргад холбогдох бараг л 2 тэрбум гаруй төгрөгийн авлига, хээл хахуулийн хэрэг хэрхэн замхран алга болж, Монгол Улсын хилээр БНХАУ-аас баахан хууль бус, хор хөнөөл ихтэй бараа материал нэвтрүүлэхийг зөвшөөрсөн үйлдлүүддээ дээрх асар их хэмжээний авлига хээл хахууль салгаж дөнгөсөн хэрэг нь ямар ч ял зэмгүй дарагдахыг манай иргэд харж, сонсож, гайхаж алмайрсаар дууссан билээ.

Энэхүү асар том авлига, хээл хахуулийн хэргийн талаар цухас дурдаж, болоод өнгөрсөн хачирхалтай түүхийг нь эргэн сануулвал хуучин АТГ-ын дарга байгаад саяхан огцорсон Х.Энхжаргал даргын үед буюу одоогоос дөрвөн сар гаруйн өмнө Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын албаны удирдлага  болоод экспорт, импорт хариуцсан хэлтсийн дарга зэрэг 10-аад хүнийг цагдан хорьж шалгасан байдаг.Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын Газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга асан Т.Баярсайхан нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутган шалгасан билээ. 

Мөн Э.Аззаяа даргатай тус газрын байцаагчид бусдаас 200 сая орчим төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл ч тухайн үедээ дуулиан дэгдээж л байсан сан. Тэгвэл тус хэргийн шүүх хурал саяхан болж МХЕГ-ын дарга нар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг зүгээр л шүүхийн танхимаас “За та нар одоо явцгааж болно. Яагаад гэвэл та нар ямар ч буруугүй тул, ял шийтгэл ч байхгүй” хэмээн эрх чөлөөг нь тунхаглан зарлачихсан билээ. Уг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр онц их хэмжээний авлига авсан гэсэн мэдээлэл нь ил болсон ч “Авлига албан тушаалын энэхүү онц ноцтой хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан” гэх үндэслэлээр ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр хээл хахуул өгсөн гэх 3 хүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бол үлдсэн  19 хүнийг зөвхөн торгосон болоод л тэр хэрэг замхарсан. Гэтэл ямар ч ял шийтгэл хүлээгээгүй, шүүхийн танхимаас зүв зүгээр л гараад явцгаачихсан тэдгээр авлигачид буюу Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан гэх юм билээ. Дээрх мөнгөний хэдхэн тоог Монголын жирийн иргэд харж, сонсоод үнэхээр гайхан алмайрч, зарим нэг нь бүр түр зуурхан ухаан нь орж гарах ч магадлалтай.

Өнөөдөр “Шударга бусын хонгил”-д Монголын нийгэм тэр чигээрээ тийчилж, бидний дээр байгаа МАНАН бүлэглэлийн хоёр намын дээрэмчид, тэдний гарт хүлэгдсэн Монголын хууль, шүүх, прокурор, цагдаа, АТГ-т жинхэнэ “Шударга бус” бүхэн яажшуухан амь бөхтэй тарвалзаж байгааг жирийн иргэд байтугай, эрх баригчид нь ч мэдэрч, ойлгож, засч залруулж чадахгүй, үхээнц дорой байдалтай болцгоожээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болохоор “Хууль, шүүхийн тогтолцоог бүтцээр нь өөрчилж, шүүгч нарыг бараг бүгдийг нь солино” гэж бараг л өдөр болгон “Лекц уншиж” байгаа хэрнээ түүний дээрх үгс амьдрал дээр хэрэгжиж, ажил хэрэг болж байгааг Монголчууд огтхон ч олж харахгүй өнөөдрийг хүрсэн гэхэд хилсдэхгүй.

За яах вэ дээ. МАНАН бүлэглэлийн “Дээгүүр толгойтнууд” буюу ТТГ-ын дарга асан Б.Хурцын 461 дүгээр хориход байх хугацааг нь дахин 15 хоногоор сунгасан шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрүүдийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс гаргасан ч өнөөдрийн байдлаар МАНАН бүлэглэлийн удирдагчид болох Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон УИХ-ын гишүүн М.Энхболд, С.Батболд,  АНУ-ын иргэн болчихсон өнөөх С.Баяр, өнөөдөр хаана байгаа нь ч тодорхойгүй Т.Бадамжунай, Ч.Сайханбилэг нарын үйлдсэн асар их гэмт үйлдлүүдийг шалгаж, гэм бурууг нь тогтоох ажиллагаанууд нь үндсэндээ “Газарт булаатай” хэвээрээ л байгаа юм. Учир нь тэгдгээр эдгээдүүдийн олонхи нь өнөөдөр Монгол Улсын хуулиар хамгаалагдаж, төрийн зүгээс толгойгоо илүүдээд тарвалзтал амьдарцгааж байгаа билээ.

Тэгвэл эдгээр гэмт этгээдүүдийн гэм бурууг шалган тогтоох, Монгол Улс, нийт ард иргэдийнх нь дундын өмч хөрөнгө байх учиртай Оюутолгойн асар их баялгийг Рио Тинтогийн эздэд худалдаж, бэлэглэчихээд нэг тэрбум, цаашлаад асар олон сая ам долларын хээл хахууль салгаж дөнгөсөн дээрх этгээдүүдийн гэм бурууг шалган тогтоох үүргийг хүлээсэн АТГ-ын шинэ дарга З.Дашдаваа, дэд дарга Ж.Батсайхан нарын эр зориг, эх орон ард түмнээ гэсэн чин сэтгэл, өргөсөн тангарагаа эр хүн шиг чандлан биелүүлэх асар их хүлээлтийг Монголын ард түмэн өдөр бүр харж, хоёр чихээрээ сонсож, хаврын энэхэн өдрүүдийг өнгөрүүлж явнам.

Гэхдээ энд л гэж хэлэхэд Монголчуудын хамгийн их хүсэн хүлээж, итгэл найдвар тавьж байгаа АТГ-ын хоёр шинэхэн дарга З.Дашдаваа, Ж.Батсайхан хоёр эр хүн шиг зоригтой, чин хүсэл эрмэлзлэлтэй ажилдаа жинхэнэ эзэн нь болж чадахгүй бол МАНАН-гийн дээрэмчид зугуухан толгойгоо өндийлгөж, Монголчуудын ирээдүй улам л харанхуйлах болно. Ийм ч учраас АТГ-ын хоёр шинэхэн даргад зориулан энэ цагийн гайгүй шударга, эр зоригтой улстөрчөөр тодроод байгаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлсэн  хатуухан үгээр энэхэн тэмдэглэлээ жаргааж байнам.  

“Түүхэн эгзэгтэй цагт та хоёр томилогдож байна. Нийгмийн хүлээлтэд хүрэхээр хэмжээнд сайн ажиллаж чадахгүй бол АТГ татан буугдах байх. Яагаад гэхээр иргэд энэ байгууллагад итгэхээ байсан. Би АТГ-ын өмнөх удирдлагууд гайхамшигтай сайн ажилласан гэдэгтээ санал нийлэхгүй байна. Эсрэг саналтай байна. Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед хүн амьны хэрэгт зохиол бичиж, түүндээ нэр бүхий хүмүүсийг хүчээр тоглуулж хэрэгт хилсээр ял тулган зандалчлан шүүсэн байх магадгүй нөхцөл байдал илэрч байна.

Мэдсэн ч мэдээгүй юм шиг ажирахгүй яваад байгаа болохоос биш манайх шиг Ардчилсан үндсэн хуультай улсуудад аймшигтай зүйл шүү. Хүний эрхийг зөрчинө гэдэг. Үндсэн хууль гэж ярьдаг хүмүүс үүн дээр дуугарах ёстой гэж бодож байна.

Хууль хяналтын байгууллагуудыг шүүхтэй нь хамт нэг банк барьцаалж стратегийн ордуудыг цөлмөж, Төрийн гурван өндөрлөг нь Аюулгүйн зөвлөлийн өрөөндөө хоорондоо ярьж чадахгүй бичгээр үг дамжуулж ярьж байсан ийм нөхцөл байдалд манай хууль хяналтын байгууллага орчихсон байсан шүү. Энэ цаг мөчийг хэзээ ч битгий мартаарай.

Нүүрсний наймаанд прокурорууд нь өөрсдөө орчихсон. АТГ яг л улс төрийн нам шиг ажилладаг болчихсон байсан шүү. Намрын чуулган нээгдэхээр л нэг хүний баривчилгаа. Хаврын чуулган нээгдэхээр нэг хүний баривчилгаа. Засгийн газар огцрох болохоор нэг хний баривчилгаа гэх мэт.

Хэвлэлийн бага хурал хийнэ. Дараагаар нь хэрэгсэхгүй болгоно. Баривчилсан хүнтэйгээ хоолонд орно. Яг үнэндээ АТГ бол улс төрийн алиа салбадай болчихсон байсан шүү.

Хариуцлагатай үед та хоёр томилогдож байгаа гэдгээ ойлгоорой. Хугацаа бага байна. Нийгэмд хариулт өгөх зүйл рүү итгэлтэй ажиллаарай. Хамгийн түрүүнд он сар өдөртэй дуулиант хэргүүдийг барьж аваарай. Тэрнээс биш нэг сургуулийн захирал барьж авч хөгийн зүйл дээр бяраа харуулаарай. АТГ гэдэг бол албан тушаалтнуудтай тэмцэх байгууллага болохоос биш сургуулийн захирлыг барьдаг ажил биш. Энэ ажил ЦЕГ-ын зөрчил шалгах чиг үүрэг. Үүнийг битгий мартаарай, хоорондоо битгий амбицлаарай.

Өргөсөн тангараг, төрийн далбаандаа үнэнч ажиллаарай. Өөрсдийнхөө өвийг үлдээгээрэй. Тэгж чадахгүй бол өмнөх удирдлага шигээ ичгэвэртэйгээр явах өдөр ирнэ шүү. Авлигачдад цэг тавигдах өдөр ирдэг юм гэдгийг харуулах ёстой. АТГ зарласан л бол тэр заавал шүүхээр ял авах ёстой. Барилаа, тавилаа, өвчтэй байсан гэдэг зүйлээс Монголын нийгэм залхаад байна” гэсэн нь яах аргагүй хатуу ч гэсэн, З.Дашдаваа, Ж.Батсайхан хоёр даргын хувьд хаашаа ч хазайж, бултаж булзааруулахын аргагүй чиг шугам мөн юм...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.