ШТС-уудад жилд хоёр удаа баталгаажуулалт, шалгалт хийдэг юм байна...

Twitter Print
2019 оны 05-р сар 08-нд 17:02 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед ард иргэдийн нэлээдгүй хэсгийнх нь зүгээс “Шатахуун түгээх станцууд бензин шатахуунаа байнга дутуу шахдаг” гэсэн гомдол гаргаад байдаг болчихсон. Үнэхээр ч Улаанбаатарын гудамжаар сүлжилдэж байгаа энэ олон машины жолооч нарын нэлээд нь урсгах болсон дээрх гомдол аль хэр үнэнд ойрыг дэргэдээс нь хянаж, нягтлахаар Стандарт хэмжил зүйн төвөөс жилд хоёр удаа хийдэг ШТС-уудын баталгаажуулалт, шалгалтын ажилтай танилцсан юм. 

Өнөөдөр өглөө Энхтайваны гүүрний баруун урд байрлах “Петровис”-ын 16 дугаар ШТС-д Стандарт, хэмжил зүйн төвөөс жилдээ хоёр удаа хийдэг “Бензин шатахуунаа гүйцэт шахаж байгаа эсэхийг шалгаж, баталгаажуулдаг” ажлаа хийж явуулахыг дэргэдээс нь харсанаар энэ жаахан бичлэг, ярилцлагыг хийх санаа төрсөн болно.

Ер нь бол Стандарт, хэмжил зүйн төвөөс Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бензин шатахуун, шингэрүүлсэн шатдаг хий түгээх бүх станцуудад жилдээ хоёр удаа баталгаажуулах шалгалт хийж, гэрчилгээ олгодог юм байна. Тийм ч болохоор энэ 2019 оны хаврын баталгаажуулах ажлын хүрээнд Стандарт хэмжилзүйн газрын Эзэлхүүн, зарцуулалтыг хэмжих хэрэгслийн улсын шалгагч М.Гомборагчаа Петровисийн 16-р Шатахуун түгээх станц дээр ажилласан нь энэ юм.

Энэхүү баталгаажуулалтын ажлыг орон даяар зохион байгуулдаг бөгөөд тухайн шатахуун түгээх станцын түгээгүүрийг шалгаад хэвийн гэж үзвэл улсын байцаагчийн гэрчилгээ олгодог аж. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх бүх станцуудад энэхүү ээлжит баталгажуулалтыг хавар, намарт тус бүр 6 сарын хугацаатай хийдэг бөгөөд намар хийсэн баталгаажуулалтын гэрчилгээ нь хавар хүртэл хүчин төгөлдөр байдаг гэнэ.

Энд онцлоход Шатахуун түгээх станцууд нь баталгаажуулалт хийлгэж, улсын байцаагчийн гэрчилгээ авснаар лац ломбыг хөндөхгүй байх үүрэг хүлээдэг аж. Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулалт хийлгэсэн түгээгүүр нь улсын байцаагчийн олгосон гэрчилгээг нийтэд нээлттэй байршуулах үүрэг ч хүлээдэг юм байна. Тиймээс иргэд, хэрэглэгч болгон үйлчлүүлж буй Шатахуун түгээх станц нь улсын байцаагчийн гэрчилгээ авсан эсэхийг шалгаж үйлчлүүлэх боломжтойг ч мэдэж байхад илүүдэхгүй ажээ.

Ингээд “Петровис”-ын 16-р Шатахуун түгээх станцад энэ хаврынхаа баталгаажуулалт, шалгалтыг хийснийх нь дараа Стандарт хэмжил зүйн төвийн Эзэлхүүн, зарцуулалтыг хэмжих хэрэгслийн улсын шалгагч М.Гомборагчаатай уулзаж дараах ярилцлагыг хийснээ уншигчиддаа толилуулж байна.

-Стандарт хэмжил зүйн төвөөс Монголд үйл ажиллагаа явуулдаг ШТС-уудад жилдээ хоёр удаа  энэхүү баталгаажуулалт, шалгалтыг яг ямар хэлбэрээр хийж явуулдаг юм бол?

-За ер нь бол нефтийн бүтээгдэхүүн зарж борлуулах үйл ажиллагаа явуулж байгаа Улаанбаатар хот болон 21 аймгийн төвүүд дэх ШТС-уудад жилдээ хавар, намрын улиралд хоёр удаа, зургаан сарын зайтай баталгаажуулалт, шалгалтын ажлыг манай байгууллага хийж хэрэгжүүлдэг. Энэ удаа 2019 оны хаврын эхний батаглгаажуулалт, шалгалтын ажил энэхүү “Петровис”-ын 16-р ШТС-аас эхлээд явж байна.

-Ард иргэдийн багагүй хүсэн хүлээж байдаг ажлын нэг тул нэлээн ач холбогдолтой, басхүү дараа нь дүгнэлт гаргахад ч чухал үүрэгтэй байдаг байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Монгол орон даяарх ШТС-уудад хийгддэг энэхүү баталгаажуулалт, шалгалтын ач холбогдол нь хэрэглэгчдэд хүрдэг бензин шатахууныг яг л ном журмынх нь дагуу, хэмжээнд нь хүртэл шахаж байна уу үгүй гэдгийг нягтлах, дараа нь хэрэглэгчид ч ямар нэгэн гомдол саналгүй үйлчлүүлэхэд гол үүргээ гүйцэтгэдэг учиртай юм. Бидний хувьд “MNS-3015-2014” гэсэн стандартыг ягштал дагаж мөрдөн ажилладаг.

Энэхүү стандартад тавигдсан бүх л шаардлага, үзүүлэлтүүд байх ёстой хэмжээндээ байна уу, үгүй юу, хэрэглэгчид элдэв  гомдол санал гаргах үндэслэл байна уу, алга уу гэдгийг нягтлан шалгаж, ажил үүргээ гүйцэтгэх нь бидний үүрэг юм. Бид ч энэ ажилдаа эзний ёсоор хандаж, нягт нямбайгаар баталгаажуулалт, шалгалтын ажлаа явуулсаар ирсэн гэдгээ ч хэлэхийг хүсч байна.

-Ард иргэд, ялангуяа хувиараа таксинд явдаг жолооч нарын зүгээс “Бензинийг ерөөсөө мөнгийг нь төлсөн хэмжээнд буюу, литрийг нь бүрэн гүйцэд шахахгүй, байнга дутуу шахдаг” гэсэн гомдол гаргаад байдаг нь аль хэр үнэнд ойр шүүмжлэл бол?

-За даа, ШТС-уудын өөрийнх нь стандартад заагдсан зөвшөөрөгдөх хэмжээнүүд байдаг л даа. Харин иргэдийн зүгээс голдуухан худлаа мэдээлэл өгөөд байдаг жаахан явдалтай асуудал бий шүү. Үүнээс өмнө 2018 оны 11-р сарын дундаас 12-р сарын эхэн хүртэл бидний хувьд Улсын Мэргэжлийн хяналтын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналт, Газрын тосны Хэрэг эрхлэх газруудтай хамтраад ихэнх ШТС-уудын үйл ажиллагаанд Гэнэтийн шалгалт хийсэн л дээ. Тухайн шалгалтыг хийхдээ гомдол гаргаад байсан иргэдийн төлөөллүүдийг ч байлцуулж, яг аль ШТС-уудад шалгалт хийх, чухам аль ШТС-ын бензин шахдаг хошуу, түгээгүүрийг шалгахыг ч заалгаж явсан. Тэгэхэд иргэдийн зүгээс гаргаж байсан тэдгээр санал гомдол, хүсэлтүүд яг нарийн чанд баталгаажсан, ШТС-ууд яах аргагүй бензин шатахууныг дутуу шахаад байдаг асуудал ганц ч удаа илрээгүй юм шүү.

Ер нь бол манай Стандарт хэмжил зүйн төвийн Эзэлхүүн, зарцуулалтыг хэмжих хэрэгслийн албанаас явуулын хоёр машин, нэлээн олон шалгагч, баталгаажуулагч улсын байцаагчдын бүрэлдэхүүнээр жилдээ хоёр удаа энэхүү ажлыг явуулахад одоогоор аль ч ШТС-аас иргэдийн тавиад байдаг гомдол, санал яах аргагүй үнэн байжээ гэдэг нь илэрсэн зөрчил гараагүй, илрээгүй л байгаа шүү.

Тэгэхээр одоо Стандарт хэмжил зүйн төвийн улсын шалгагч, байцаагчийн хувьд хэрэглэгчиддээ юу гэж хэлэх вэ гэхээр “Яг үнэнийг хэлэхэд тухайн ШТС-ын аль нэг хоолой, түгээгүүрийн ашиглалтын хугацаа нь дуусах юмуу, эвдрэл гэмтэл гарах ганц нэг л тохиолдоос бусад үед бензин шатахууны шахалт нь аль ч станц дээр найдвартай явагддаг зүйл шүү” гэдгийг л онцлохыг хүсч байна.

-Тэгвэл энэхүү баталгаажуулалт, шалгалтын ажлыг заавал зургаан сарын хугацаатай явуулдаг хэрэг вэ. Энд бас нарийн журам, дүрэм үйлчилдэг хэрэг үү?

-Энэ яах вэ дээ. Монгол орны Байгаль цаг уур, температурын өөрчлөлтөөс хамаараад тухайн бензин шатахууны шахалтанд жаахан өөрчлөлт орох тохиолдол гардаг л даа. Тухайлбал бензин шатахуун чинь доош суух, эсвэл хөөрөх асуудал байдаг. Тийм учраас л хавар, намрын улиралд, хоорондоо зургаан сарын хугацаатай баталгаажуулалт, шалгалтын ажлыг явуулдаг онцлогтой.

-ШТС-уудын бензинээ шахдаг хоолой, түгээгүүрүүд бүгд л тухайлсан лац, ломботой харагддаг л даа. Тэдгээрийг бас л зургаан сарын хугацаатай сольж, янзалдаг уу?

-Тийм ээ. Лац, ломбо маань он оноороо л солигдож байдаг зүйл юм. Урьд нь 2018 оны лац байсан бол одоо 2019 оныхоо лацыг дараад явна. Лац бүр улсын шалгагчдийн өөр өөрийнх нь хувийн дугаараар тэмдэглэгдээд явдаг байх жишээтэй. Энэ лац, ломбыг дараагийн баталгаажуулалт, шалгалт ортол хөндөх эрх хэн нэгэнд байдаггүй юм.

Гэхдээ ШТС-ууд болгонд өөрсдийн дотоод хяналт шалгалтаа хариуцсан мэргэжилтнүүд байдаг л даа. Тэдний зүгээс мэдээж дотоодын хяналт тавих л ёстой. Хэрвээ тэдний дотоодын шалгалтаар аль нэг хоолой, түгээгүүрээс ямар нэгэн зөрчил илэрвэл бидэнд албан ёсны дуудлага өгч, тэгээд манайхаас томилогдсон улсын шалгагч ирж лац ломбыг нь шалгаж протколоо бичиж, актаа тавиад дахин шинээр лацдаж ломбодоод шинээр гэрчилгээ олгоод явдаг байх жишээтэй.

-Өнөөдрийн баталгаажуулалт, шалгалтаар “Петровис”-ын энэхүү 16-р ШТС-аас ямар нэгэн зөрчил илэрсэнгүй шүү?

-Ер нь тийм зөрчил илэрдэггүй, манай зарим хэрэглэгчид л жаахан худлаа үнэн мэдээлэл цацаад явдаг гэдгийг би түрүүнд дурдсан шүү дээ.

-За танд баярлалаа. Таны хийж яваа ажил бас л нарийн чимхлүүр алба байна шүү?

-Тийм ээ. Бид бол улсын чухал л ажил хийж яваа хүмүүс. Тийм болохоор хариуцлагатай, нягт нямбай л ажиллах ёстой юм даа.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.