Төв музей төвд л байдаг жамтай

Twitter Print
2019 оны 05-р сар 07-нд 17:28 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хаана ч, ямар ч улс, ямар ч хотод үндэсний түүх, соёл, хөгжлийн нүүр царай болсон голлох музей, номын сан, театрууд иргэддээ ойр, хотын төвд, олны замын хөл амдан оршдгийг хэн бүхэн мэднэ. Угаас музей, номын сан, театр, цэцэрлэгт хүрээлэн зэрэг соёл иргэншлийн илэрхийлэл болсон байгууламжууд хотын архитектор төлөвлөлтийн нэг салшгүй хэсэг учир аль нэг нь үгүй бол орчин цагийн хот, соёлын төв гэж хэлэх боломжгүй болно. Энэ бүгд хотын төвдөө нэгэн цогц болж байж, хотоо чимэн оршиж байж л хүн амьдарч болох, зочилж болох, алхаж болох, сонирхож болох их хот болно.

Смитсониан байгалийн түүхийн музей Вашингтон ДС хотын яг төвд байрладаг. Алдарт Луврын музей ч Парисын зүрхэнд оршдог. Оросын Улсын түүхийн музей Улаан талбайд шахуу байрлана. Хятадын Үндэсний музейг 2003 онд байгуулсан бөгөөд Бээжингийн Тиананмэний талбайн дэргэд байрлуулжээ. Хятадууд уулын аманд ч юмуу илүү том зайтай газар, илүү гоё барилга барин музей байгуулж болох байсан ч тэгсэнгүй, зэрэгцэн оршдог байсан Хувьсгалын музей болон Хятадын түүхийн музейг нэгтгэн, хуучин барилгыг шинэчлэн засварлаж, Луврын дараа орох үзэгч олонтой том музейн төв болгож чаджээ. Нью-Йорк хотын алдарт Метрополитан урлагийн музей мөн л хамгийн хотын үнэ цэнэтэй хэсэг, олны хөл Манхэттэн аралд байрлаж, их хотын иргэд, жуулчдын хөлийг амдан оршдог байна.

20-р зууны их хөгжлийн үед Монголчууд хэдэн сайхан музей, номын сан, театр зэрэг орчин цагийн соёлт хотод байх байгууламжтай болцгоосон боловч захаас нь зарж идэж, хэмлэж нураасаар одоо хуруу дарам нь үлджээ. Музейн зориулалтаар баригдсан ганц барилга гэгддэг Лениний музей МАН-ын залгамж жижиг улс төрчдийн шуналын гараар орж эвдэгдэж, дахин ашиглах боломжгүй болсон. Хүүхдийн номын сан зарагдаж, офис барилга болсон. Драмын театр тал талаасаа үзэмжгүй барилгаар хашигдаж хог болсон. Хотыг чимэх Гандангийн Жанрайсэг сүмийг тал талаас нь яажгий амбаараар ичихгүй халхлах болов. Богд хааны ордонг тойруулан баар ч барьж магадгүй, жорлон ч барьж магадгүй нөхцөлтэй. Ингэсээр одоогоор үлдээд буй Монголын урдаа барих музей нь Үндэсний түүхийн музей болон Байгалийн түүхийн музей болж хоцорчээ. 

Гэтэл одоо Байгалийн түүхийн музей буюу Төв музейн барилга нь муудсан шалтгаар газрыг зарж, музейг Их тэнгэрийн ам руу нүүлгэх тухай шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Энэ шийдвэр бол Монгол Улс ямар их хоцрогдож, удирдагчид нь ямар богино хараатай, мэдлэг чадваргүй, хувийн шунал, сонирхлын барьцаанд орсны нотолгоо юм. Энэ янзаараа бол Төв номын санг барилга нь муудсан нэрээр нүүлгэж, оронд нь худалдааны төв барих, Дуурь бүжгийн театрыг сайжруулах нэрээр Яармаг руу нүүлгэж газрыг чөлөөлөх, төв Цэнгэлдэх хүрээлэнг нүүлгэн томсгоно гэж нэгмөр хувьчилж, цементэн шугуй болгох тун ойрхон байна. 

Төв музейн барилга муудлаа ч нүүлгэх ямар ч шаардлагагүй, хуучин байрлал дээр нь үндсэн загвараар нь шинэчлэн барих ёстой. Одоо байгаа “ромын” загварын архитектортой барилга Сүхбаатарын талбай тойрсон барилгууд, Төрийн ордон, бага тойргийн байшингуудтай хоршин Улаанбаатар хотын нэгэн чимэг болдог. Энэ тэмдэг болсон барилгыг нураан Улаанбаатараар нэг болсон уйтгартай дөрвөлжин хямд офис, зогсоолгүй дэлгүүр, худалдааны лангуу болгох нь тэнэглэл.

Музей, тэр тусмаа гол, төв музей нь аль ч хотын төвд нь бусад театр, эрдэм, соёлын төвүүдтэй хоршин оршиж, тухайн хотын хөгжлийн нэгэн хэмжүүр, дүр төрхийг илэрхийлдэг. Өнөөдрийн байрлал бол гайхалтай байрлал. Их тэнгэрийн ам руу, Хүүхдийн парк, эсвэл сар руу нүүлгэх шаардлага байхгүй. Үнэхээр музей баримаар байгаа бол нэмээд барих хэрэгтэй, илүүдэхгүй.

Музейг агуулахад хэвтэх хэдэн үзмэр, хадгалагдаж үлдсэн хуучин эд зүйлсээ дэлгэж орлого олох гэж байгуулдаггүй, харин өөрсдийн түүх, соёл иргэншлийн хөгжлийн түвшинг илэрхийлэх гэж, түүнийгээ иргэд, үр хүүхдэдээ өвлүүлэх, гадаадын зочдод гайхуулан сурталчлах зорилготой байгуулдаг.  

Монголын ирээдүйд алс уулын аманд орших орчин тойронтойгоо авцалдахгүй архивын байшин биш өөрөө түүх өгүүлэх хотын төвийн нэг хэсэг, олны нүд хөлд байх үзэмж төгөлдөр жинхэнэ музей хэрэгтэй. Музейн доторх хэдэн үзмэр төдий биш, байшин, барилга, байршил нь өөрөө тухайн музейн үнэ цэнэ юм. 

Энэ бүгдээс хялбархан дүгнэлт хийвэл Төв музейг нүүлгэн шилжүүлэх шийдвэр эргээд залруулах боломжгүй, хойч үе ойлгож уучлашгүй ухвар мөчид шийдвэр болно. Төв музейг төвд нь үлдээж, одоогийн байрлал дээр нь барилгыг нь хуучин "ромын" загвараар нь сайжруулаад барих ёстой. Төв музейн газар дээр бизнесийн байгууламж бариулахгүй гэж байгаа боловч дахиад нэг “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв”, эсвэл ашгийн биш мэт боловч хувийн хөрөнгө сүндэрлүүлмээргүй байна. Төв музейн газар төв музейд л төлөвлөгдөн газар. Богино сонирхол, явцгүй шуналд автан Төв музейг нүүлгэн бусниулваас ирээдүй хойч өршөөхгүй, түүхэнд хар мөртэй, нэртэй устайгаа үлдэх болно.

Б.Найдалаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.180.32) 2019-05-07 22:06
      • 0
      • 0

      Тийм тийм ТӨВ музей нь төвдөө, хуучин суурин дээрээ, Байгалийн түүхийн тузей нь Их тэнгэртээ баригдгээ. 2 газар 2 сайхан музейтэй болцгооё. БСШУ-ны сайдын өгсөн ярилцлагыг дэмжиж байна.

      Хариулах

    • Irgen

      (202.179.24.90) 2019-05-07 13:14
      • 0
      • 1

      Yostoi olon hunii yarianii sedviig hundsund ih bayarlalaa. mash zuv, hotiin seheetnuud ene tuhai yarij gol harlaj bailaa. Bid yamar geechiin ORKuudad zasgaa bariulchihav aa??? Ulsiin maani, UBiin maani TUUH bolson buh barilgiig hemleed, tuuhgui, ontsloggui shirenge bolgohoor ulairan baigaa ni yamar ih SHUNAL ve! UBiin buh huuchnii tuuhiin barilguud, tuunii oir orching bolon nogoon baiguulamj, tsetserleguud, Huuhdiin PArk hen ch zarah erhguigeer, hunduh erhguigeer huulichilj, hot tohijiltiig mergejliin arhitector, landshaftiin mergejilnuudeer hiilgej hamgaalaltandaa avmaar baina. Arhitektorchdoo har amia bodolgui negdej TEMTSEECHEE, GUIYA.

      Хариулах