Дөрвөн ойрадын сор болсон Юм-Ага хатан

Twitter Print
2019 оны 05-р сар 12-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

Монголын түүхэнд “Дөрвөн Ойрад” гэж их л тод томруун тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь дөрвөд, хошууд, торгууд, өөлд нарын нийлмэл нэр бөгөөд ерөнхий овог нь Чорос юм. Чорос овгийг Чингис хааны дээд өвөг Дуба сохорын удмын хаад ноёд захирсаар ирсэн түүхтэй. Тэдний удмын Эрдэнэбаатар хунтайж 15-р зууны үед Зүүн гарын хаант улсыг захирч байхдаа найман хатантай байсан бөгөөд эднээс хамгийн алдартай нь түүний зургадугаар хатан Юм-Ага юм. (Зарим түүх бичлэгт Юм-Агас гэж тэмдэглэжээ) Юм-Ага хатан нь Хэрэйд аймгийн нэгэн салбар болох торгууд ноён Тогоон тайшийн удмын Шүхэр дайчин гэгчийн зээ охин, мөн Манжийн эсрэг цогтой тэмцэгч Галдан бошигтын төрсөн эх билээ. Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт хоёр Манжийн дарангуйллын үед хэдийгээр эсрэг тэсрэг үзэл бодолтой, бие биедээ дайсан болж явсан ч Түвдэд Далай ламын дэргэд шавилан сууж байсан Бурхан Буддагийн сургаалтнууд, мөн эхийн талаасаа цусан төрлийн холбоотнууд байсан бөгөөд Юм-Ага хатан, Өндөр гэгээний ээж Ханджамц хоёр Шүхэр дайчны хоёр охиноос төрсөн бүлэнцэрүүд юмсанж.

Эрдэнэбаатар хунтайжид Ижил мөрнөөс бэр болж ирсэн Юм-Ага хатан Монголын түүхэнд зохих ёсоор нэрээ үлдээсэн хүн. Эрдэнэбаатар хунтайжийг нас барсаны дараа түүний хүү буюу Юм-Ага хатнаас төрсөн Сэнгэ залгамжлах байсан ч таалал болсон гэдэг. Хунтайжийн киргиз хатан Дара Балжаас төрсөн Цэцэн, Зодов хоёр эвсэж Сэнгийн амийг хороосноор Зүүн гарын хаант улсад хаан ширээний төлөө бяцхан дайн дэгдсэн түүхтэй. Том хүүгээ алуулсан Юм-Ага хатан тухайн үед Түвдийн Далай ламын дэргэд шавилан сууж байсан дунд хүү Галдангаа дуудаж ирүүлсэнээр энэрэн нигүүлсэх шашны үзэлтэн Галдан ирүүл тулааны шалгарсан гарамгай баатар болж хувирсан юм. Уг нь Эрдэнэбаатар хунтайж, Юм-Ага хатан хоёр Дөрвөн ойрадыг эвтэй байлгахын тулд Галданг бурхан номын хүн болгож, Зүүн гарын хаант улсад олон арван сүм хийд байгуулахаар төлөвлөж байсан гэдэг. Гэвч хунтайжийг нас барсаны дараа шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг олон эхнэрийн нь хүүхдүүд хоорондоо арцалдан тэмцэлдээд амар заяа үзүүлсэнгүй. Түвдээс дуудагдаж ирсэн Галдан багахан хэмжээний цус урсган байж Зүүн гарын хаант улсыг эрхшээлдээ авч, улмаар Төв ба Дундад Азид олон удаа аян дайн хийж, бүр Энэтхэгийн Кашмир хүрсэн байдаг. Ингэснээр Галдан бошигт Туркeстан, Самарканд, Бухар зэрэг баруун зүгт газар нутгаа тэлж, түүний хүчирхэг саварт Дундад Ази бараг бүхлээрээ атгагдаж, Манж Чин улс, Хаант Орос улсыг жийрхэн болгоомжлоход хүргэсэн байх бөгөөд эцэст нь тэрбээр Манжийн эсрэг цогтой тэмцэж явсаар эмгэнэлтэйгээр төгссөн билээ. Монголын түүхэнд ийнхүү нүсэр дуулиан дэгдэх, нөхцөл байдал өөрчлөгдөх үүд хаалгыг анх нээсэн хүн бол Юм-Ага хатан билээ. Хэрвээ Юм-Ага хатан чадал хүчгүй, чансаа зиндаагүй, нэхэл дагалгүй, нэр нөлөөгүй нунж дорой нэгэн байсан бол гуниг зовлон, үхэл хагацалтайгаа эвлэрээд л зүйл дуусах байсан биз. Эрдэнэбаатар хунтайжийг таалал төгссөний дараа түүний найман хатнаас төрсөн арав гаруй хүүхэд хаан ширээний төлөө ид тэмцэлдэж байсан бөгөөд эд нараас хамгийн аюултай нь киргиз хатнаас нь төрсөн Цэцэн, Зодов хоёр, үзэмчин хатнаас нь төрсөн Пунцагдаш, хотон хатнаас нь төрсөн Жүн ван Сэвдэнжал нар байлаа.

Мөн таалал болсон хунтайжийн хамгийн бага буюу найм дахь хатан Зүүн гарын хаант улсыг бусниулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түвдийн Гүүш хааны охин болох энэхүү хатны нэр нь тодорхойгүй. Ямартай ч Аминдара хэмээх нэрээр Монголын уран зохиолд мөнхөрсөн энэ хатан Эрдэнэбаатар хунтайжийг нас барсаны дараа түүний хотон эхнэрээс төрсөн Сэвдэнжалтай эр эмийн холбоотой болж, улмаар Сэвдэнжалыг Манжийн хаанд дагаар оруулж хувь заяагаар нь тоглодог нэг тиймэрхүү хорлогчин маягийн дүр байдаг билээ. Хаан ширээний төлөө хайр найргүй тэмцэлдэж асан энэ мэтийн бужигнаан дундаас өөрийн хүү Галдангаа товойлгон гаргаж Зүүн гарын хаант улсын ширээнд залж чадсанд, мөн Манжийн эсрэг цогтой тэмцэгчийг төрүүлж чадсанд Юм-Ага хатны нэр нөлөө, хүч чадал, ухаан сүйхээ, гавъяа зүтгэл оршино. Галдан бошигтын төрсөн дүү Бум-Эрдэнэ тайш гэж байсан ч Юм-Ага хатан төрөлхийн гал цогтой Галдан хүүдээ л хамаг найдлагаа тавьсан бололтой. Дашрамд хэлэхэд Бум-Эрдэнэ тайш нь өнөө цагийн яруу найрагч (Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан) Баяндалайн дээд өвөг юм. Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Дамдины Жамъянгийн “Чорос” хэмээх романдаа Юм-Ага хатны ариун шударга явдлыг илүүтэй дүрсэлсэн байх аж. Үзэсгэлэн төгөлдөр Юм-Ага хатан эр нөхөртөө хязгааргүй үнэнч, шалиг самуун хунтайж нөхрөө өөрөөс нь гадна долоогийн долоон эхнэр авчихаад байхад ч бие сэтгэлээ хатамжлан барьж чаддаг, өндөр дээд ёс төрийг эрхэмлэн дагаж мөрддөг жинхэнэ монгол хатан байжээ. Ямар сайндаа л эр нөхөр Эрдэнэбаатар хунтайжаа таалал төгссөний дараа Юм-Ага хатан бусдын эхнэр болохгүй, бусчир эрсийн нүдэнд торохгүй гэж андгайлаад үсээ хусуулан үзэсгэлэн буурч, сайхныг орхиж сахил хүртсэн тухай түүх сударт өгүүлсэн байдаг билээ.

Эх сурвалж: Хөх Тайжын Хүү

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.