Бесмертный полк буюу өвөг дээдсийнхээ гавьяаг бахархан дурсах нь

Twitter Print
2019 оны 05-р сар 06-нд 09:23 цагт
Мэдээний зураг,

Бесмертный полк. Орос орон даяар мөн дэлхийн өнцөг булан бүрт байх орос хүмүүс жил бүрийн 5 дугаар сарын 9-нд дэлхийн 2-р дайнд ялсан их ялалтын баяраа өргөн тэмдэглэж өвөг дээдсийнхээ алтан амь бүлээн цусаар эх орон газар нутаг тусгаар тогтнолоо фашизмаас хамгаалж чадсан гавьяагаар бахархан дурсдаг юм.

Орос орныг бүхэлд нь нөмөрч асар их гай зовлон, өлсгөлөн үгүйрлийг авчирсан,бүх айл өрхөд өнчрөл хагацал зовлонг үүрүүлсэн бүтэн 4 жилийн их дайн тэдэнд үеийн үед хэзээ ч мартагдахааргүй тод мөрөө үлдээжээ.

Энэ их гай зовлонг үүрч туулсаар ялалтанд хүргэж чадсан ЗХУ-ын ард түмэнд гүнээ мэхийн хүндэтгэл үзүүлье!

Энэ том дайнд хөршийн хувьд өөрийн чадах чинээгээр тус дэм үзүүлж дайны эхний өдрөөс л эргэлзэлгүй хамт зогсож чадсан Монгол улс миний өвөг дээдсийн эр зориг хурц ухаанд мөргөмүү! Ямар ч улс оронд өөрийн гэсэн тод мөр түүхэн замналтай аугаа их ялалт, уналт, хөгжил дэвшлийн түүх бий.

Бид их эзэн Чингис хааны эринээс улбаалан, Манж Чин гүрний эсрэг хийсэн олон олон тулаанд тугаа мандуулж улбаалсаар 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Хятадын болон Хаант Оросын цэргийн эсрэг хийсэн зэвсэгт тэмцэл ( Ардын хувьсгалын), 1939 оны Японы милитари цэргийн эсрэг тэмцсэн Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайны ялалтаар тусгаар тогтнол газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалан үлдэж хөгжлийнхөө шинэ эх боломжийг тавьж чадсан байдаг.

Бид бахархах үнэт зүйлстэй. Бид бахдам түүхтэй. Бид дайчин зоригт өвөг дээдсийн удам билээ. Аливаа улс орны тусгаар тогтнолын эх нь амгалан амьдарч буй ард түмэн байдаг.

Тэгвэл бид эх түүхээ мартахгүй эх оронч хөвгүүд охидоороо бахархаж тэднийхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлэн Халхын голын ялалтын 80 жилийн ойгоо өргөн сайхан тэмдэглэх ёстой юм! Эх орон Эх түүхээрээ бахархаж үндэсний үзлээ дээш нь өргөх нь манай тусгаар тогтнолын нэг баталгаа билээ.

Дашпүрэв Пүрэвбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.