Гивлүүрийн ард нуугдсан Абу Даби буюу “спортлог” хот

Twitter Print
2019 оны 05-р сар 03-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Алс холын Арабын Нэгдсэн Эмират улс гэхээр л бидний сэтгэлд хамгийн түрүүнд гивлүүртэй бүсгүйчүүл, Арабын баян шэйхүүд бодогддог. Нээрээ ч бодол минь бодит зүйл болж, Абу Дабигийн нисэх онгоцны буудалд дээр буумагц л хар хувцастай, гивлүүрээр нүүрээ нуусан бүсгүйчүүд, цасан цагаан урт өмсгөл бүхий Араб залуус хөлхөлдөнө.

АНЭУ-ын нийслэл Абу Дабид хаврын улирал гэх боловч гадаа +30 градус нэлээд гарч халж, сэрүүн бумбын орноос ирсэн монголчуудын бас л тэсвэрийг шалгах аж. Гэхдээ Абу Даби хотын бүхий л газрууд агаар сэрүүцүүлэгчээр сайтар тоноглогджээ. Арабуудын хувьд энэхүү халуундаа бүр дассан нь мэдээж...

Абу Даби хотын барилга байгууламжийн уран тансаг загвар, дахин давтагдашгүй өнгө төрх үнэхээр гайхалтай. Дэлхийд гайхагддаг уран барилгууд нь улс орных нь хөгжил дэвшлийн толь болон гэрэлтэнэ.

Абу Даби хот нь хүн амын хувьд улсдаа Дубай хотын дараа ордог, харин хөгжлөөрөө дэлхийд нэгд тооцогддог бөгөөд дэлхийн хамгийн баян хотуудын жагсаалтанд тогтмол тэргүүн байрт, хамгийн тааламжтай хотуудын жагсаалтанд эхний тавд байнга эрэмбэлэгддэг. Абу Даби аялал жуулчлал, худалдаа өндөр хөгжсөн хот бөгөөд Эмиратын 7 бүсийнхээ хамгийн том буюу 972 км2 газар нутагтай юм.

Миний Абу Даби хотыг зорин очсон гол зорилго бол Жюү жицүгийн 2019 оны ДАШТ-ийг газар дээрээс нь сурвалжлан, цаг алдалгүй спорт сонирхогч, үзэгч түмэндээ хүргэх байсан. Жюү жицүгийн 11 дэх удаагийн ДАШТ-ийг дээд зэргээр зохион байгуулсан үнэхээр биширмээр байсан. Мөн тус улсын телевизийн шууд дамжуулалтын баг, техник тоног төхөөрөмж хамгийн гайхалтай цогц шийдэлтэй байсан нь бусад орны сэтгүүлчид уг тэмцээнийг дамжуулахад нэмэр болсон.

Жюү жицүгийн ДАШТ-д манай улсын тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож өрсөлдсөн юм.

Жюү жицүгийн 11 дэх удаагийн ДАШТ буюу “спортлог” хот

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн ДАШТ АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод 4-р сарын 24-25-ны өдрүүдэд болсон. Энэ удаагийн тэмцээний өсвөр болон залуучуудын ангилалд манай 33 тамирчин хүч үзсэнээс 11 медаль, мастерсийн ангилалд 9 тамирчин оролцсоноос 2 медаль тус тус зүүсэн юм. Харин насанд хүрэгчдийн ангилалд манай улсаас 13 тамирчин барилдсанаас Азийн наадмын хүрэл медальт, жюү жицүгийн цэнхэр бүстэй тамирчин Цогхүүгийн Удвал, “Их шавь дэвжээ”-ний дасгалжуулагч, жюү жицүгийн ягаан бүстэй тамирчин Мөнхтөрийн Даваадорж нар 5-р байрт шалгарсан. Насанд хүрэгчдийн ангилалд оролцсон зарим тамирчид өөрсдөө тэмцээний дэвжээнд өрсөлдөхөөс гадна өсвөрийн тамирчдыг дасгалжуулан оролцсон гэдгийг онцолж байна.

Жюү жицүгийн ДАШТ-д дэлхийн шилдгүүд хуран чуулсан байлаа. Тэдний өрсөлдөх чадвар, барилдааны арга барил, техник, бэлтгэл сургуулилтын жинхэнэ тэсрэлт болсон үр дүн тэмцээний дэвжээнд дээр тодоос тод харагдаж байсан юм.

Дэлхийн шилдгүүдтэй манай улсын тамирчид ч эн зэрэгцэн өрсөлдөн нь жюү жицү Монгол оронд асар хурдацтай хөгжиж байгаагийн илрэл юм.

Спортын олон томоохон бүтээн байгуулалтыг Абу Даби хотоос харж болно. Спортын салбартаа онцгойлон анхаарахаас гадна томоохон тэмцээн уралдааныг өөрийн эх орондоо хүлээн авч өндөр хэмжээнд зохион байгуулж чадаж байгаа нь дэлхий нийтийн нүдийг Араб руу чиглүүлэх гол зорилго бизээ.

Монголын тамирчид жюү жицүгийн ДАШТ-д өндөр амжилттай оролцов

Дэлхийн 120 орны 12 мянга гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнээс манай улсын баг тамирчид нийтдээ 13 медаль хүртсэн юм.

Амжилт: 

Өсвөр үеийн ДАШТ-ээс

 Г.Батцэцэг эм-52кг | Алтан медаль ( Сэлэнгэ, Шинэ бадрах дэвжээ )

 Б. Шинэтулга эр-45кг | Алтан медаль ( Сэлэнгэ, Шинэ бадрах дэвжээ )

 Ө. Бат-Оргил эр-60кг | Мөнгөн медаль ( Гаруда Академи )

 Б. Батцэцэг эм-57кг | Мөнгөн медаль  ( Баянхонгор аймаг )

 Б. Баасансүрэн эм-48кг | Мөнгөн медаль  (Архангай аймаг )

 С. Шинэхүү эр-42кг | Мөнгөн медаль  ( Сэлэнгэ, Шинэ бадрах дэвжээ )

 С. Одбаяр эр-67кг | Хүрэл медаль ( Их шавь дэвжээ )

 Г. Гарамхүү эр-50кг | Хүрэл медаль  ( Их шаль дэвжээ )

 Ц. Хосбаяр эр-45кг | Хүрэл медаль  ( Баялаг дэвжээ )

 Г. Мөнхтуяа эм-40кг | Хүрэл медаль  ( Сэлэнгэ, Шинэ бадрах дэвжээ )

Залуучуудын ДАШТ-ээс

Б. Хулан эм-70кг | Алтан медаль ( Монголын жүдо Академи )

 

Мастерсын ДАШТ-ээс

 Г. Отгонбаатар эр-77кг  | Мөнгөн медаль ( Нийслэлийн цагдаагийн газар)
Б. Эрдэнэбаяр эр-94кг  | Мөнгөн медаль ( Гаруда академи ) хүртлээ.

Ийн жиү жицүгийн ДАШТ 6 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.

 

Абу Даби нэрийг араб хэлнээс орчуулбал “бугануудын эцэг” гэсэн утгатай

Хотын нэрний хувьд Абу Даби нь одоогоос 300 жилийн өмнө ашиглан ирсэн бөгөөд араб хэлнээс орчуулбал “Бугануудын эцэг” гэсэн утгатай ажээ. Абу Даби нь Султаны Оман улс болон Арабын булан зэргээр хүрээлүүлэн оршдог.

Газар нутгийн ихэнхи хувийг элсэн цөл эзэлдэг хэдий ч Абу Даби хотыг битүү цэцэрлэгжүүлж моджуулан, нов ногоон хот болгожээ. Ард иргэдийн аятай тухтай амьдралын төлөө сар их бүтээн байгуулалт хийж, улсаа удирдаж байгаа хаант засаглалынхан хүний төлөө бүх л асуудлыг цогцоор нь шийдсэн нь гайхалтай. Тухайлбал усан парк, феррари парк гээд хүүхэд багачуудын төдийгүй гэр бүлээрээ чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөх газрууд олон байна. Жюү жицүгийн ДАШТ-д өрсөлдсөн манай улсын өсвөрийн баг тамирчид ч дэлхийн усан парк болон ферарри паркаар аялан тэмцээний дараа чөлөөт цагаа хамтдаа хөгжилдөн өнгөрүүлсэн юм.

Image result for water park of Abu Dhabi

Абу Даби хотын зочид буудлууд бүгд 5-аас дээш одтой, тансаг зэрэглэлийнх. Соёлтой боловсон, үйлчилгээ, тухайн орны хоол хүнс, АНЭУ-ын анхны ерөнхийлөгч Шейх Заед Бен султан Аль Нахайяны хүсэлтээр лалын шашинтнуудын мөргөлийн хамгийн том сүм гээд энэ оронд жуулчид болон гадныхныг татах зүйл бишгүй олон. Сүмийн тухайд зорин очсон хүн бүр үнэ төлбөргүй үзэж болох бөгөөд үзээд тойроод явахад ч нэг өдөр багаддаг ажээ.

200 орчим сэтгүүлчтэй мөр зэрэгцэн Жюү жицүгийн ДАШТ-ийг сурвалжилсан нь

Жюү жицүгийн ДАШТ-ийг 20-оод орны 200 орчим сэтгүүлч сурвалжлан ажилласан. Жюү жицүгийн ДАШТ-ийг жил бүр Абу Даби хотод хүлээн авч өндөр хэмжээнд зохион байгуулсаар ирсэн билээ. Мубадала Аренад байрлах Сэтгүүлчдийн Медиа центр. За даа Олимпийн наадам, Азийн наадам, Дэлхийн оюутны универсиад наадам гээд томоохон тэмцээн уралдаан сурвалжилж байсан спортын сэтгүүлчид бараг л андахгүй дээ...Тэнд сэтгүүлчдийн ая тухтай байлгах хоол унд, үдийн хоолоо зооглох ресторан, байрлаж суугаад мэдээ мэдээллээ цаг алдалгүй эх орон руугаа явуулах интернэт тоног төхөөрөмжөөр хангасан оффис өрөө гээд бүх л хэрэгтэй зүйлс бий. Ийм нөхцөлд сэтгүүлчид бид чинь урам зоригтой албан ажлаа цаг нартай уралдан гүйцэтгээд байхаас яахав...

Өдрөөс өдөрт дэлхий даяар хурдацтай тархан хөгжиж байгаа Жюү жицүгийн ДАШТ-ийг сурвалжлан ажиллах эрхэм хүндтэй, үүрэг хариуцлагатай ажлыг оноосон Монголын Жюү Жицүгийн холбооны хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.

 

Yas island буюу Yas усан парк

Абу Даби хотын Yas усан парк нь далайн эрэгтэйгээ ойрхон оршдог. Дэлхийд алдартай энэхүү усан парк нь хүүхэд багачуудын цагийг зугаатай өнгөрүүлэх бүх л боломжийг хангасан гайхалтай дуу алдам парк байлаа. Үүгээр ч зогсохгүй гадны жуулчдын сэтгэлийг ч өөрийн эрхгүй татам газар. Дотогшоо парк руу ороход тасалбарын үнэ наснаас хамаарахгүй бүх л хүн 80 долларын үнэтэй. Монгол мөнгөөр 200 гаруй мянган төгрөгөөр тасалбар худалдан дотогш явж ороод л тухайн хүний сэтгэл гонсойж харамсахааргүй, үнэхээр сэтгэлд тааламжтай бүх л найрсаг үйлчилгээ, олон төрлийн усан замаас бүрдсэн парк байсан юм. Хэрвээ хүссэнээр болдог бол энэ бүх хөгжил сайтай бүтээн байгуулалт, усан паркыг монголдоо байгуулчихвал хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хамгийн гол газар болно доо хэмээн бодогдов. Олон өдөр сар бэлтгэл сургуулилтаа базаагаад жингээ хасах гээд бүх л анхаарлаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ хандуулж байсан өсвөрийн тамирчид айдгаа ардаа хийчихсэн шиг том давааны ард гарсан шиг сэтгэлээ ханатлаа нэгэн өдрийг усан парк болон феррари парк дээр хөгжилтэй өнгөрүүллээ.

Image result for water park of Abu Dhabi

Жюү жицүгийн ДАШТ-ий хамгийн “Содон” үйл явдал бол “Сугалаа” байв

Жюү жицүгийн ДАШТ-ий зохион байгуулалт Олон улсад өдөр бүр яригдаж хэзээ ч мартагдахааргүй шинэлэг басхүү содон байлаа. Эдгээрээс онцлоод хэлбэл тус тэмцээний үеэр зохион байгуулдаг “Сугалаа”-ны арга хэмжээ юм. Тэмцээний эхэлсэн өдрөөс буюу 4-р сарын 20-21-ний өдрүүдэд Мубадал Аренад нэвтрэн орж буй хүн бүрт тусгайлсан кодтой тасалбарыг гардуулан өгнө. Энэхүү тасалбараас серийн кодтой хэсгээ аваад овог нэрээ бичин сугалааны хайрцагт хийнэ. Ингээд л 4-р сарын 20-ны өдрөөс эхлэн өдөр бүр сугалаа дуудаж Iphone, Ipad, IphoneX сүүлийн үеийн загварын гар утасны “Азтай” эзнийг тодруулж байлаа. Хамгийн сонирхолтой нь супер азтан Range rover загварын сүүлийн үеийн автомашин хожих сугалаа юм. Өнгөрсөн жилийн хувьд Супер азтаны шагнал автомашиныг Казахстан залуу хожсон гэж хүмүүс яриналээ...Эндээс харахад тэмцээнд оролцож байгаа тамирчиддаа ч тэр үзэж буй хөгжөөн дэмжигчид нартаа ч сэтгэл ханамжийг дээд зэргээр Арабууд олгож байгаам шүү...

Арабын мөнгөн дэвсгэрт дирхам

Арабын мөнгөн дэвсгэрт дирхам их нууцлагдмал санагдсан. Тоо нь хаана нь байгаа мэдэгдэхгүй эргүүлж тойруулж нэлээд хайсны эцэст хэдтийн дэвсгэрт байгааг мэдэж болно. Бас л хөгжилтэй гэмээр ч юмуу...Бидний мэдэхээр хамгийн ойроо мөнгөний нэгжийг нь тайлбарлаад хэлвэл 1 доллар 3.65 дирхамтай тэнцдэг. Манай улсад Арабын дирхам мөнгөн тэмдэгт тун ховор худалдаалдаг юм билээ. Тухайн орныг зорин очсон хүмүүс доллараа Арабад очоод дирхамаар солиулна гэсэн үг. Бараа бүтээгдэхүүний хувьд өртөг өндөртэй санагдсан. Цалин өндөртэй, дээгүүр хэмжээнд амьдардаг болохоор ч тэр байх. Араб улсад ажил хийж орлого олбол ямар нэгэн татвар авдаггүй учраас тус орныг зорих гадны ажиллах хүчний цуваа тасардаггүй аж. Тансаг зэрэглэлийн автомашин хөлөглөсөн Арабууд хурдны замаар салхи татуулан давхина. Зам талбай, гүүр чанарын өндөр түвшинд гайхалтай шийдэж барьж байгуулсан нь үзэхнээ илт. Таксины үйлчилгээнд голдуу Пакистан, Индонез, Шри Ланка, Непалын иргэд жолоочоор ажиллах нь элбэг.

Абу Дабигийн далайн эрэг буюу The Corniche

Энэхүү далайн эрэг нь Абу Даби хотод оршдог бөгөөд хүүхдийн тогоомын талбайгаас авхуулаад, явган хүний зам, олон тооны кафе ресторан, худалдааны төвүүд тус далайн эргийн ойр орчимд үйл ажиллагаагаа явуулдаг. Сар бүр 30.000-50.000 хүн далайн эргийг гэр бүлтэйгээ, хамт олноороо зорин очдог байна. Мэдээж Абу Дабиг зорин очсон хүн бүхэн Water park, далайн эрэг, Алдартай сүмийг нь заавал очиж үзээрэй хэмээн зөвлөе.

Монголын Жюү жицү урагшаа...

Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 55 тамирчин, 4 дасгалжуулагч, 3 сэтгүүлч, 8 албаны хүний бүрэлдэхүүнтэй амжилттай оролцлоо. Абу Даби хотын хамгийн томоохонд тооцогддог Мубадала Аренад 6 өдрийн турш хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд орон орны шилдгүүд жюү жицүгийн дэлхийн аваргын төлөө хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Монголын жюү жицүгийн холбоо өөрийн орны баг тамирчдаа нэгдсэн зорилгын төлөө өндөр түвшинд удирдан зохион байгуулж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд онцгой ач холбогдол өгч оролцсон. Жюү жицүгээр дамжуулан дэлхийн олон оронд Монгол улсынхаа нэрийг таниулан яваа баг хамт олны нэгэн зорилго басхүү атгасан гар шиг нэгдмэл уур амьсгалыг хараад бахархаж байлаа. Баг хамт олон нэгдмэл байж гэмээнэ амжилт, ялалтад ойрхон байдаг бизээ хэмээн бодогдсноо нуух юун. Тэдний ирээдүйг харсан зүг нэг, зорилго нэг. Тиймээс өдөр бүр Нэгэн зорилгынхоо төлөө тууштай тэмцэн зогсолтгүй хөдөлмөрлөсөөр явна...Ирэх жилийн ДАШТ хэдий хол сонсогдож байгаа ч нэг л мэдэхэд ойртон ирсэн байх болно. Харин Монголын баг тамирчид ирэх жил дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг олон удаа дуурсган дуудуулах тод томруун хүсэл зорилготой нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Баяртай...Абу Даби...2020 онд Монголчууд илүү амжилттай, бахдам ялалттай байх болтугай...

Сэтгүүлч А.Алтанчимэг

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Аялагч

      (103.57.92.237) 2019-05-04 12:00
      • 0
      • 1

      Энэ оронлуу нэг явьяа даа гэхдээ спорт үзэнгээ явбал гоё юм байна даа

      Хариулах

    • Zochin

      (66.181.182.136) 2019-05-03 21:59
      • 0
      • 2

      Wow nudend haragdtal yrij bna shuu

      Хариулах