Дэлхийн зах зээлийн үнийн өсөлтийг дагаж бензин шатахууны үнэ өсч байна

Twitter Print
2019 оны 05-р сар 06-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн газрын тос, нефтийн бүтээгдэхүүний үнийг тодорхойлогч ОПЕК буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллагад учирсан хямрал, зөрчилдөөний улмаас дэлхийн зах зээл дээрх нэг барелль газрын тосны үнэ сүүлийн дөрвөн жил дараалан огцом өссөөр өнөөдрийн байдлаар 75 орчим ам.долларт эргэлдэж, хойшид ч өсөх дүр зураг харагдаж байна. Энэхүү үнийн огцом өсөлтийг дагаж Монгол Улсад борлуулагддаг бензин шатахууны үнэ өсөх нь тодорхой юм.  

Өнөөдөр Монгол Улс 3.2 сая хүн амтай ч хойд хөрш ОХУ-аас жилдээ 900-1500 сая ам.долларын үнэтэй нефтийн бүтээгдэхүүн авч, дотоодын хэрэгцээг хангадаг.

Газрын тосны бүтээгдэхүүний импортыг өнгөрсөн 2018 оны бүтцээр нь авч үзвэл 90-ээс дээш октантай автобензин 27 хувь, 90-ээс доош октантай автобензин 4 орчим хувь, дизель түлш 50 хувь, онгоцны түлш 2 хувь, бусад /тос тосолгооны материал, мазут, хий/ 17 хувийг эзэлсэн байна. Харин Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний нийт импортын 95 орчим хувийг ОХУ, 4.6 орчим хувийг БНСУ, 2 хүрэхгүй хувийг БНХАУ-аас импортолсон байдаг. 

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн таван жилд 66 хувиар өссөн бол тээврийн хэрэгслийн оношилгоонд хамрагдсан нийт автомашины тоо 53 хувиар өсчээ.

Image result for бензиний үнэ

Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ ийнхүү жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд ердөө ганц ширхэг тээврийн хэрэгсэл нэмэгдэхэд л шатахууны хэрэглээ өдөрт 6 литрээр тооцоход л жилдээ дунджаар 1.8 тонноор нэмэгдэж байдаг гэсэн тооцоо байна.

Манай улсын тээврийн хэрэгслийн дийлэнхийг жижиг суудлын тэрэг болон нийтийн тээврийн хэрэгсэл эзэлдэг. Харин дизелийн түлшний хэрэглээний дийлэнхийг ачаа тээвэр, уул уурхайн машин механизм зэрэг хүчин чадал ихтэй техник хэрэгслүүд эзэлдэг. Иймд дизелийн түлшний хэрэглээнд нөлөөлж буй голлох хүчин зүйлст бөөний буюу уул уурхай, төмөр замын салбар, жижиглэнгийн борлуулалт голлож байна.

Ер нь манай улсад бензин шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн огцом өсөлттэй холбоотой байсаар ирсэн. Нөхцөл байдал одоо ч хэвээр байна. Өнөөдрийн хувьд нэг барелль газрын тосны үнэ 75 ам долларт эргэлдэж, бензин шатахууны гол нийлүүлэгч ОХУ-ын хилийн үнэ үндсэндээ 15 хувиар өссөн, Монгол банкнаас зарласан ам.долларын ханш нь 2,643 төгрөгт хүрсэн, Олон улсын валютын сантай тохиролцсоноор Онцгой албан татвараа нэмэгдүүлсэн зэрэг нь  шатахуун импортлогч компаниуд үнээ нэмэх гол шалтгаан болдог.

Image result for gasoline price vs inflation

Хэдхэн хоногийн өмнө дэлхийн зах зээл дээрх брент нефтийн үнэ 78 ам.доллар даваад байснаа хоёр хоногийн дотор бага зэрэг буурч, өнөөдрийн байдлаар 74 ам.доллар байна.

Оны сүүлээр 44 ам.доллар байсан газрын тосны үнэ дөрөвхөн сарын дотор 40 хувиар өссөн нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп газрын тосны томоохон нийлүүлэгч Ираны эсрэг хориг арга хэмжээ авсантай холбоотой, энэ нөхцөл байдал олон оронд, тэр дундаа Азийн орнуудад муугаар нөлөөлнө гэж дэлхийн томоохон эдийн засагчид үзэж буйгаа зарлаж байгаа. Энэ байдал удаан үргэлжилвэл газрын тос, бензин шатахууны үнэ цаашдаа ч ойр ойрхон нэмэгдэх хандлагатай болж байгаа юм.

Харин Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн голлон нийлүүлэгч “Роснефть” компаний хувьд 2019 оны эхний таван сарын байдлаар импортын үнэ нэгдүгээр сард 531, хоёрдугаар сард 533 ам.доллар байсан бол гуравдугаар сард огцом өсч 572 ам.доллар болсон. Яг өнөөдрийн байдлаар “Роснефть”-ийн бүтээгдэхүүний энэ өсөлт цаашлаад ирэх  тавдугаар сард ч үргэлжлэх нь тодорхой болчихлоо.   

Энд нэг зүйл сануулахад дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ 5-10 хувиар буухад Монголд зарж байгаа АИ-92 бензиний үнэд нөлөөлөхгүй. Учир нь сүүлийн таван жилийн турш аажмаар өсч буй ам.долларын өсөлттэй холбоотой. Импортлогчид шатахууныг ам.доллараар худалдан авч иргэдэд төгрөгөөр зардаг учраас эцсийн хэрэглэгчид дэлхийн зах зээлийн үнэ, төгрөгийн ханшийн сулрал гэсэн хоёр эрсдлийг үүрдэг нь маргашгүй үнэн.

Image result for gasoline price vs dollar

Бензин шатахууны хувьд хойд хөрш ОХУ-аас байнгын буюу 1955 оноос хойш хараат явсаар ирсэн монголчууд өнөөдрийн нефтийн бүтээгдэхүүний үнийн дэлхийн зах зээл дээрх байнгын өсөлтийн талаар хэдэн учир шалтгааныг сайтар ойлговол тэгтлээ бухимдаж уурлаад, буруутанг дотроосоо хайгаад байх хэрэггүй л болов уу.

Өнөөдөр дэлхийн зах зээл дээрх нэг барелль газрын тосны үнэ яагаад 75-80 ам.долларт эргэлдээд байна вэ гэдэг нь доорхи үндсэн хэдэн шалтгаантай. Үүнд ОПЕК буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон манай хойд хөрш ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжиж эхэлсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх үндсэн шалтгаан болсон бөгөөд өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сарын дунд үед газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу бараг л 80 ам.долларт дөхсөн нь АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдалтай холбоотой гэж тайлбарладаг. Мөн оныхоо тавдугаар сараас АНУ нь Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс татгалзаж, Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан нь ч газрын тосны суурь үнийг хөөргөдөх нэгэн гол шалтгаан болжээ.

Манай бензин шатахууны худалдаа эрхлэгчид “шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул ам.долларын төгрөгтэй харьцах Монгол банкны 2.643 гэсэн өнөөдрийн ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд шууд нөлөөлж байна.   

Ийнхүү импортлогч компаниуд нефтийн бүтээгдэхүүнээ ам.доллараар худалдан аваад хэрэглэгчиддээ төгрөгөөр зардаг, дэлхийн зах зээл дээр байнга өсч буй газрын тосны ханш болон Монгол төгрөгийн ханшийн сулралын эрсдлийг давхар үүрч байгаагаа бид ойлгох хэрэгтэй юм.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

Дэлхийн нефтийн үнийн өсөлт Монголд ирэх сараас нөлөөлж эхлэх нь - http://mongolcom.mn/read/55338

АНУ-ын Ираны газрын тосны экспортод тавьсан хориг Азийн орнууд хамгийн их хохирол авчирна гэлээ -http://mongolcom.mn/read/55313

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.31.2) 2019-05-01 10:47
      • 0
      • 5

      Яалтай билээ дээ. 100 хувь гадаадаас хамааралтай шүү дээ.

      Хариулах