Сингапур иргэдийнхээ цахим хэрэглээг хязгаарлана

Twitter Print
2019 оны 04-р сар 29-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

Сингапурын засгийн газар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалж, хуурамч мэдээ мэдээлэл нь нийгэмд ноцтой хор хөнөөл үүсгэхээс сэргийлж иргэдийн цахим хэрэглээнд хязгаарлалт тогтоох талаар тус улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун мэдэгджээ.

Тэрбээр, “Бид иргэдэд эрх зүйн орчинд мэдээлэл солилцох, үзэл санаагаа илэрхийлэх боломжийг олгож, давхар үг хэлэх эрх чөлөөг хамгаалахын тулд зарим нэг хязгаарлалтыг хийх ёстой болоод байна” гээд, “ямар ч улсад ийм төрлийн хяналт байдаг, АНУ болон Европын орнууд ч мөн адил цахим орчин дахь хуурамч мэдээ мэдээлэлтэй тэмцэж буй”-г онцолсон байна.

Тэрээр Сингапурын дотоод асуудалд бусад улс орнууд ч хөндлөнгөөс оролцож болзошгүйг ч үгүйсгээгүй байна. Энэ талаар, “Хэн нь тийм зүйл хийхийг мэдэхгүй байгаа ч Сингапур маш нээлттэй улс гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Тийм ч учраас үүнд бэлтгэлтэй байх ёстой.” гэжээ.

Иргэдээс авсан судалгаагаар Сингапурын хүн амын 80 хувь нь цахим орчин дахь худал мэдээллийг таньж чадна хэмээн хариулсан ч тэдгээрийн 10 хувь нь үнэхээр хуурамч мэдээллийг таньж чадсан талаар Ерөнхий сайд Ли Сянь Лун дурьдсан байна.

Сингапурын Засгийн газар 4-р сарын 1-нд парламентад барьсан хуулийн төсөлдөө худал мэдээлэл тараасан иргэнд эрүүгийн хариуцлага ноогдуулах тухай тусгасан байна. Цахим орчинд хуурамч мэдээлэл тараасан этгээд 738 мянган ам.доллар хүртэлх мөнгөн дүнгээр торгуулах ба 10 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж. Түүнчлэн эрх баригчдын зүгээс худал гэж үзсэн бүх мэдээллийг интернет ханган нийлүүлэгч компаниуд устгах ёстой болох аж.

Хүний эрхийн Human Rights Watch байгууллага Сингапурын эрх баригчдыг тус хуулийн төслөөс татгалзахыг уриалсан ба энэхүү хууль нь хэтэрхий өргөн хүрээг хамарсан, Сингапур төдийгүй дэлхийн бусад улс орны иргэдийн үг хэлэх эрх чөлөөнд халдсан хуулийн төсөл хэмээн тодорхойлжээ.

Түүнчлэн хүний эрхийн төлөөх байгууллагууд тус хуулийн төсөлд мэдээ мэдээллийн үнэн худлыг ямар зарчмаар тодорхойлох тухай тусгаагүй болохыг онцолсон байна.

Facebook компанийн Бодлого хариуцсан захирал Саймон Мильнер Сингапурын эрх баригчид интернет ханган нийлүүлэгч компаниудаар цахим орчин дахь мэдээ мэдээллийг устгуулах эрхтэй болох гэж буйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн ба Facebook компанийн нэн тэргүүний зорилго бол хэрэглэгчдэд үг хэлэх, үзэл санаагаа илэрхийлэх эрх чөлөө олгох юм гэдгийг онцолжээ.

“Азийн интернет эвсэл” холбооны дарга Жэф Пэйн дээрх хуулийн төслийг цахим хэрэглээг хамгийн өргөн цар хүрээтэйгээр хязгаарласан явдал хэмээн тус хуулийн төслийг батлах нь Сингапур төдийгүү дэлхий дахинд ноцтой үр дагавар авчирна хэмээн ярьсан байна.


https://tass.ru/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.