Тусгаар тогтнолын баталгаа нь цөмийн зэвсэг гэдгийг тэр мэдэж байгаа

Twitter Print
2019 оны 04-р сар 28-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

Ялгаатай нь Ким Чен Ун гуйдаггүй юм...

Дэлхий нийтээр "Тарган бацаан" гэх мэтээр гоочилох авч шинэ үеийн "атамантай" ах нар нь учраа олох гэж чардайна. Бизнесийн гэрээ хэлцлийн мастер, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дүүд олон сая ам.доллар будаа гурил амласан ч Ким Чен Ун хөдөлсөнгүй. Яагаад гээч тэр цөмийн зэвсэгтэй, хөгжил дэвшилд хүрсэн том улс гүрэнг мөрөөдөж байна. Томцуултай эн тэнцүү харьцахад тусгаар тогтнолын баталгаа нь цөмийн зэвсэг гэдгийг тэр мэдэж байгаа шүү дээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэ технологи, найрсаг харьцаа амласан ч Ким Чен Ун "Цөмийн зэвсэгээсээ татгалзсангүй". Оросууд мөн л "Том ах чинь байя" гэсэн ч тоосонгүй. 30 сая өлсгөлөн ард түмэн байгаа гэх авч тэд бүгдээрээ нэг хүн шиг Их удирдагчаа дэмжинэ. Ийм дэмжлэгтэй хүн итгэл төгс ингэж алхдаг байх. 

Дэлхий тэд нартай хүнлэг бус харьцсан. Бүгд хаалга үүдээ хааж, тал талаас загнасан, өшигчсөн юм шүү. Агаар, газар, усан замуудыг хүртэл тэд биш дэлхийн том гүрнүүд хааж тусгаарласан юм. Тийм атлаа хойд Солонгос том шорон хэмээн бичиж тархи угаана. Барууныхан асар том шорон барих гэж оролдсон юм шүү. Хойд солонгосчууд тэсч гараад зогсохгүй дэлхийгээс дутахгүй гар утас,машин үйлдвэрлэж, үхэр, гахай өсгөн бусдын гар харахааргүй болж ирэв. Энэ нь ах нарын айдсыг хүргэн айлгахаас илүү аргадах тактиканд ороод байгаа билээ. 

Хэдэн ам.доллар, рубль, юань амлахаар гүйж очоод үхтлээ загнуулдаг нь Ким биш юм. Айлын найр дээр үүд хавиар эргэлдэн 700 сая юань өгөнгүүт баярлалаа агаа гэдэг нь тэр биш. Хамгийн гол нь Ким гуйдаггүй, бөхийдөггүй юм. Өлссөн ч өлсөөгүй юм шиг, даарсан ч даараагүй юм шиг, ганцаардсан ч ганцаардаагүй юм шиг байж чаддаг. Ганцаардлаа гээд хэнийг "Агаа болооч, эгээ болооч" гэж гуйсангүй. Тэр дарангуйлагч биш. Харин дэлхийн томцуулын дарлал, доромжлол, мөлжлөг өөдөөс сөрөн зогссон том үгтэй "жаал". Яагаад заавал бүгдээрээ том гүрнүүдийн заавар зөвлөгөө, харцаар хөдлөж хэвэнд цутгачихсан юм шиг хэлбэр дүрстэй байх гэж...

Б.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.