Л.Баасан-Очир: “Монгол базальт”-даа Л.Ариунболд захирлынхаа удирдлагад урам зоригтой ажиллаж байна...

Twitter Print
2019 оны 04-р сар 30-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр өдрийн 13:30 цагаас Шангрилагийн хурлын танхимд Монголын Барилгын Үндэсний Ассоциацын 10 жилийн ойд зориулсан “Монголын Барилгын Хөгжлийн форум” нээлтээ хийсэн билээ. Энэ форумын ажиллагаанд маш олон хүндэт зочид хүрэлцэн ирцгээсний дотор Барилгын Үндэсний Ассоциацын Ерөнхийлөгч “Макс” группийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан, “Тод манлай” уяач Д.Цэрэнжигмэд, “Жигүүр гранд” группийн Ерөнхий захирал, Гавъяат барилгачин Д.Баттөр, МҮХАТ-ын шинэхэн Ерөнхийлөгч, “UFC” группийн ТУЗ-ын дарга О.Амартүвшин, “Монгол Базальт” компанийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд, “Хөрш заанууд” ХХК-ны захирал, Кёкүшюүзан Д.Батбаяр, БХБЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал гээд эрхмүүд байцгаасан.

Мөн Монголын барилгын салбарын томоохон компаниудын төлөөлөл болсон инженер техникийн ажилтнууд олон байсан бөгөөд тэдний дундаас Монголын барилгын салбарт маш сайн чанарын дулаалгын “Чулуун хөвөн”-гийн үйлдвэрлэлээрээ ялгарч байгаа “Монгол базальт” компанийн инженер Л.Баасан-Очиртой дараах ярилцлагыг хийснээ толилуулж байна.

-Хоёулаа ярилцлагаа өөрийн тань төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлээр эхлэх үү?  

-За тэгье ээ. Миний хувьд 2010 онд ХААИС-ийн Инженерийн сургуулийн Металл судлал, технологи инженерийн ангид элсэн орж, төгсөхдөө шилдэг оюутан болж, улаан дипломтой төгсч байлаа. Ингээд ажил хөдөлмөрийн гараагаа “Бэрэн” группийн технологийн инженерээр эхэлж байсан. Харин одоо Монголын Барилгын салбарт нэгэнт танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн “Монгол базальт” ХК-тай хувь заяагаа холбож Л.Ариунболд захирлынхаа удирдлагад урам зоригтой ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хамт олноосоо их зүйл сурч, олон ч туршилт судалгаа, шинэчлэл, бүтээн байгуулалт хамтран хийсэн шүү. Тэгээд ч манай компанийн хийж бүтээсэн дулаалгын “Чулуун хөвөн, хавтан” өнөөдөр бол Монголын барилгын салбарт орон зайгаа баттай эзэлж, хэрэглэгчдийн зүгээс ч байнга сайн нэр дуулж байгаа.

-Л.Ариунболд захиралтай “Монгол базальт” ХК нь анхнаасаа л Монголын Барилгын салбарт цоо шинэ “Чулуун хөвөн, хавтан”-гийн үйлдвэрлэлээрээ ялгаран гарч ирсэн л дээ. Мэдээж Галд шатдаггүй, ус чийг шингээхгүй, дуу чимээг шингээж тусгаарладаг, халуун болон хүйтнээс хамгаалдаг, ямар нэгэн гажилтанд автдаггүй гээд танай компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд маш чанартай юм билээ. Энэ талаар өөрийнхөө бодлыг хуваалцахгүй юу?

-Тийм шүү. Үнэхээр манай “Монгол базальт” компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд Монгол орны байгаль, цаг уур, гадны нөлөөлөлд туйлын тохиромжтойгоос гадна хамгийн гол нь ард иргэдийн ая тухтай амьдрах бүх л нөхцөлийг дээд зэргээр хангадагаараа туйлын онцлогтой, чанар стандартыг 100 хувь хангасан бүтээгдэхүүн хэмээн онцолж болно. Манай компани хамгийн сүүлд 2018 онд гурван бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлсэн. Нэгдүгээрт, шүршдэг базальтын шугамаа ашиглалтад орууллаа. Энэ нь өндөр барилгуудын төмөр болон бетон хийцүүд, олон хүн цуглардаг сургууль цэцэрлэг, худалдааны төвүүд, спортын ордон, кино театрууд гэх мэтчилэнгийн барилга байшингуудыг галын аюулаас хамгаалах зорилгоор шүршдэг чулуун хөвөн юм. Мөн өндөр таазтай барилгуудын таазыг дотроос нь шүршиж дулаалдаг. Маш нягт шүршигддэг учраас дулааны алдагдалгүй болдог. Энэ технологийг бид “Хөшигтийн хөндий” олон улсын нисэх буудал “Зайсан вилла” гээд томоохон төслүүдэд хэрэглээд байна. Хоёр дахь шинэ бүтээгдэхүүн бол гаднаас нь шууд шаварддаг хөөсөнцрийг орлуулах мөн нойтон шавардлагыг гаднаа шууд хийх боломжтой файбер цементэн базальт хавтан юм. Энэ нь чулуун хөвөнгийн гадна талд шилэн тор тавиад нэгдүгээр зэргийн шавардлага буюу файбер цементэн хатуулгатай шинэ технологийн бүтээгдэхүүн юм. Үүнийг цэцэрлэг, сургууль, олон нийтийн барилгуудад зориулж шинээр бий болгосон юм. Гуравдугаарт, шугам хоолойн дулаалгад томоохон шинэчлэл хийж эрчим хүч, дулааны алдагдлыг бууруулахын тулд янз бүрийн диаметртэй, хэлбэр дүрстэй биетүүдийг гадна талаас нь хөнжил мэт ороон дулаалахад зориулсан бүтээгдэхүүн нэвтрүүлсэн нь амжилтад хүрсэн. Эдгээр нь бүгд хэрэглэгчдээс өндөр үнэлэлт авч, хэрэглээ өндөртэй бүтээгдэхүүнүүд болсон. Компанийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч инженер Л.Ариунболд захирлынхаа удирдлага дор ОХУ, Японы инженерүүдтэй хамтран олон сарын туршид хийгдсэн туршилт, судалгаа, шинжилгээний үр дүнд бүтээсэн, шинэ бүтээгдэхүүнүүд юм. Амжилттай ажиллахаар хамт олны урам зориг нэмэгдэж, хэрэглэгчид ч таашаан  хүлээн авсан даа.

-Танай компанийн үндсэн нэрийн хуудас болсон “Basaltwool” чулуун хөвөн үйлдвэрийн хүчин чадлын талаар сонирхож байна. Ингэхэд ямар стандартын тоног төхөөрөмж ашигладаг юм бол?   

-Манай үйлдвэр цагт 800-1000 кг хөвөн үйлдвэрлэх хүчин чадалтай байсан. Бид 2018 оны  ес, аравдугаар сард ОХУ-ын Уралын их сургуулийн эрдэмтэн, багш нартай хамтран ажилласны дүнд үйлдвэрийн хүчин чадлаа 20 хувиар өсгөж чадсан. Одоо дахин эрдэм шинжилгээ туршилтын ажлууд хийгдэж, үйлдвэрийнхээ хүчин чадлыг 1000-1500 кг болгохоор зорин ажиллаж байгаагаас эхний үр дүнгүүд гарч эхэлсэн. Ер нь бол үйлдвэрийнхээ хүчин чадал, бүтээмжээ 50 хувиар өсгөнө гэсэн тооцоо маань хэрэгжиж, үйлдвэрийн технологийн шинэчлэл, тэр тусмаа хайлах зуухны шинэчлэлийг хийж дууссан шүү. Энэ үйлдвэрлэлийн шинэчлэлттэй холбоотойгоор бид тус их сургуулийн зохион бүтээгч инженерүүдтэй хамтран үйлдвэрийн технологийн шинэчлэлийн зураг төслөө гаргаж, түүнийхээ дагуу зарим үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг ОХУ-д захиалан хийлгэсэн байгаа. Мөн зарим тоног төхөөрөмжүүдээ БНХАУ-ын засвар механикийн томоохон үйлдвэрүүдэд хийлгэсэн ч байгаа. Тоног төхөөрөмжүүдийн бүх тоноглол, стандарт нь Италийн “Гамма механика” үйлдвэрийнх бөгөөд дизайн, чанарын шаардлагуудад нийцүүлэн хийж, яг манай үйлдвэрийн өнөөдрийн бүх шугаманд зохицохоос гадна үйлдвэрлэлийн ашиглалт тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн насжилт, тоноглолын үйл ажиллагаа нь олон улсын өндөр стандартыг хангасан байгаа. Гол нь “Монгол Базальт” компанийн үйлдвэрлэгч бид өөрсдөө зургаа гаргаж, зохион бүтээж, Итали, Орос, Япон улсын туршлагатай инженерүүдтэй хамтран хийж байгаа учраас зарим нэг үзүүлэлтээрээ Олон улсын стандартыг ч давсан тоноглол, шинэчлэл болсон нь бидэнд ихээхэн урам зориг төрүүлж байгаа юм.

-Яг л энэ талын инженерийн боловсрол эзэмшиж, бас ч багагүй хугацаанд мэдлэг чадвараа дээшлүүлсэн болохоор өөрийнхөө  оролцсон ажлуудын үр дүн “Монгол базальт” компанийнхаа ирээдүйн зорилтоос товчхон танилцуулахгүй юу?

-Миний хувьд “Монгол Базальт” компанидаа инженер болоод таван жил дөхөж явна шүү. Ер нь бол манай компани судалгаа шинжилгээ, туршилтыг  тасралтгүй хийдэг нь миний сонирхлыг хамгийн их татдаг. Мэдээж энэ ажилд маш их хөрөнгө зарцуулж байгаа. Энэ бүх судалгаа шинжилгээ, туршилтын ажлуудын үр дүнд залуу инженерүүд бид маш их мэдлэг, онол практикт суралцаж, судалгааны ажлуудыг хэрхэн зохион байгуулдаг, ямар үр дүнд хүрдгийг мэдэж авч байна. Шинжлэх ухааныг онол, практиктай хосолсон,  жинхэнэ мэдлэгийг эндээс л авч байгаа гэж хэлэхэд буруудахгүй. Чулуун хөвөнг хэрхэн хийдгийг манай сургуульд заадаггүй бөгөөд хүн болгон ч мэдээд байдаггүй  л дээ. Гэтэл яг одоо үйлдвэрлэлийн шугам, бааз дээрээ энэ бүх судалгаа шинжилгээ, туршилтын ажлуудыг  ОХУ, Итали, Япон улсын өндөр зэрэглэлийн инженер, мэргэжилтнүүдтэй хамтарч хийж байна. Нэгэнт хамтраад хийсэн ажлыг цааш нь хөгжүүлээд явах, үр дүнг нь үзэхэд том суурь болдог. Тиймээс үйлдвэр гэдэг зөвхөн бүтээгдэхүүн гаргаад, борлуулаад байдаг газар биш юм байна гэдгийг эндээс би ойлгосон. Яагаад гэвэл үйлдвэр хөгжүүлэлт, зах зээлийн өрсөлдөх чадвар зөвхөн судалгаа шинжилгээ,  туршилт, бүтээгдэхүүн хөгжүүлт дээр оршдог юм байна. Үүнийгээ дагаад ажилчид, инженерүүд нь ч маш  их юм сурдаг. Жишээлбэл, ажилд орсноосоо хойш шинэ бүтээгдэхүүн болох шүршдэг базальтан чулуун хөвөн, файбер цементен гадаргуутай хавтангийн судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтээс геополимерийн, химийн бүтцийн, инерти биеийн тухай гээд онолын олон мэдлэг авлаа. Өнгөрсөн  хагас жил ОХУ-ын эрдэмтэн багш нартай хайлах зуухны дулааны динамикийн тооцоонуудыг хэрхэн хийдэг, агаарын урсгал даралтуудын томоохон туршилтуудыг яаж хийдэг, хайлах үеийн температурыг яаж зөв удирддаг вэ гээд шинжлэх ухааны олон туршилт, шинжилгээнүүдийг хийлээ. Эрдэмтэн, багш нартай хамтарч туршилт судалгаа хийсний  үр дүнд  жил хагас хүрэхгүй хугацаанд үйлдвэрийн бүтээмж хүчин чадал шууд 50 хувиар өсөж байгаа нь судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн туршилт үнэхээр амин чухал юм байна, үйлдвэр оршин тогтнож хөгжихийн тулд хөрөнгө харамлахгүй зарцуулах ёстой гэдгийг ойлгосон. “Монгол базальт”  компани маань үүнд асар их хөрөнгө, хүч зарцуулж байгаагийн хүчинд энэ зах зээлд манлайлж байгаа гэдгийг энэ үйл ажиллагаануудаас  мэдэж авч байгаа юм. Тэгээд ч миний ажил, амьдралд ихээхэн нөлөө үзүүлж, байнга сэтгэл санаагаар тэтгэж байдаг Л.Ариунболд захиралдаа тун их баярлаж явдаг даа. Ер нь байнга шинэ сэргэг бүхэн рүү тэмүүлж, ажил маань ч ихэд урагштай, бүтээмж өндөртэй явдаг болохоор хамт олонтойгоо ажиллах их сайхан, дуртай ч байдаг.  

-Монголын барилгын салбарт танай “Чулуун хөвөн, хавтан” ихээхэн эрэлт нийлүүлт сайтай байгаа. Яг одоо ямар ажил дээр төвлөрч байгаа бол?  

-Манай “Монгол Базальт” 10 гаруй жил зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлж, Цонжин болдогийн Чингисийн хөшөөний том төмөр хийцийг дотор талаас нь галын, дулаалгын, дуу чимээний тусгаарлалт, хэт халалтын хамгаалалт хийсэн байдаг. Монголын барилга, хөшөө дурсгалын томоохон төслүүдэд ингэж л анхлан нэвтэрсэн байсан. Түүний дараа “Өргөө” кино театрын дуу авианы акустикуудыг, “Жигүүр гранд”-ын худалдааны төвөөс эхлээд “Романа резиденс” гээд томоохон төслүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлсэн юм билээ. Мөн “Хурд” компанийн орон сууцны зарим төсөл, “Ривер гарден”, “Номин NCD групп”, “MCS пропертиз” компанийн барьсан “Порше” автомашины худалдааны төв, “Шангри Ла” гээд нэрлэвэл нэлээд урт жагсаал болох байх аа.  Мөн ТЭЦ-III, ТЭЦ-IV, Орхон аймагт шинээр барьсан дулааны станц, хөдөө орон нутагт байгаа дулааны станцуудын өндөр зуухны тусгаарлагч,уурын шугамын тусгаарлагч гээд эрчим хүчний салбарын төслүүд дээр хамтарч ажиллалаа. Мөн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКК - тай  хамтран хоёр километр орчим шугам хоолойн дулаалгыг шинэчилж, тодруулбал, манай термобазалтаар дулаалж шугам хоолойн дулааны алдагдлыг 65 хувиар бууруулж чадсан зэрэгтээ сэтгэл өндөр явдаг.  

-Танай бүтээгдэхүүний гол түүхий эд болох базальт чулууны олдоц нь Монголд, за цаашлаад дэлхийд хэр байдгийг сонирхон судлав уу?

-Та их чухал асуулт тавилаа. Базальт буюу галт уулын хайлмаг болох энэ чулуу дэлхийн гадаргын 2/3 –ийг бий болгож байдаг юм билээ. Мэдээж  чанар стандарт насжилт , өгөршилт гээд олон төрлийн геологийн ангилалд багтдаг. Монгол  Улсын хувьд бол Увс, Сүхбаатар, Говь-Алтай, Өмнөговь, Төв аймгийн нутгаар базальт чулуу элбэг тархацтай. Манай компанийн хувьд Улаанбаатар, дэд бүтцэд ойрхон Багануурын бүс нутгаас түүхий эд болох базальт чулуугаа олборлож, төмөр зам, авто замаар тээвэрлэж авчирдаг.  Энэ чулууны олдоцоосоо илүү чулууны стандарт насжилтаас шалтгаалан чулуун хөвөнгийн чанарт хамгийн чухал байр суурь эзэлдэг. Бид хувьд Японы “Марубени”  компанитай энэ хөвөнгийн судалгаа шинжилгээг  хамтран хийсэн л дээ. Үүний үр дүнд манай чулуунаас гарсан хөвөн гал болон химийн бодист тэсвэртэй чанар, насжилт, бат бөх байдал нь Орос, Хятадын ийм хөвөнгөөс илүү гэдгийг нь лабораторид тодорхойлчихсон. Тиймээс бид хамгийн өндөр зэрэглэлийн базальт чулуунаас чулуун хөвөн үйлдвэрлэж байгаа учраас энэ зах зээл дээр чанараараа тэргүүлэх нь тодорхой.

-Танайх одоо чулуун хөвөн хавтан, шугам хоолойн дулаалга, шүршдэг базальт, хэсэгчлэн угсрах сэндвич, файбер цементэн гадаргуутай чулуун хөвөн хавтан зэрэг маш чанартай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа гэсэн. Эдгээрийнхээ онцлогоос дурдахгүй юу?

-За тийм ээ. Гэхдээ базальт чулуун хөвөнгийн үндсэн гурван том хэрэглээ байгаа. Мэдээж эрчим хүч, дулаан хэмнэнэ. Тиймээс нэгдүгээрт, дулаалгын материал талаасаа хэрэглэж байна. Хоёрдугаарт,  галд шатдаггүй учраас галын хамгаалалтууд шүршдэг базальт чулуун хөвөн болон хавтангаар нефть бааз, шатдаг хийн хоолойнууд болон бусад галын аюулаас хамгаалах шаардлагатай шатахуун түгээх станц, нийтийн барилга, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, спортын том танхим, худалдааны төвүүд зэрэг хүн олноор цуглардаг барилгуудад үүнийг хэрэглэх норм дүрэм,хуультай байдаг. Бас нэгэн чухал хэрэглээ бол дуу чимээ тусгаарлаж чаддаг. Орчин үед хот, суурин газарт дуу чимээний дарамт, стресс гэж шинэ өвчин бий болоод байна шүү дээ. Үүнээс хамгаалахад базальт чулуун хөвөнгийн ач холбогдол маш өндөр, дээд айлын хүүхдүүд пижигнэх, хөрш айлын зурагтын дуу чанга байх, орц хонгилд хүүхдүүд шуугих гээд энэ бүгд дуу чимээний бохирдол буюу дуу чимээний стрессээс хамгаалах, тусгаарлагч нь базальт чулуун хөвөн юм. Мөн акустик сайтай учраас Эрдэнэт, Дарханы, “Өргөө” кино театрын харьяа олон кино театрууд манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Маш олон караоке, дуу бичлэгийн студиуд базальт чулуун хөвөнгөөр дуу чимээний тусгаарлагчаа хийсэн нь үр дүнтэй болсон. Мэдээжийн хэрэг байгалийн цэвэр чулуунаас гаргаж байгаа учраас экологийн цэвэр бүтээгдэхүүн шүү дээ. Товчхондоо базальт чулуун хөвөн дулаалгын ач холбогдол нь агаарын бохирдлыг бууруулж, хүлэмжийн хийг хорогдуулж, дэлхийн дулаарлыг багасгахад хувь нэмрээ оруулдаг төдийгүй эрчим хүч, дулааныг хэмнэхэд бодитой үр дүн авчирдаг гэх мэт асар том хэрэглээний зах зээл юм. Монгол Улс байтугай дэлхийн улс орнуудын өмнө тавигдаж байгаа байгаль орчныг хамгаалах томоохон сорилтуудыг давахад хамгийн түлхүүр бүтээгдэхүүн болж байгаа.

-Дэлхийд өрсөлдөх хэмжээний “Монгол Базальт” компанийн эдгээр бүтээгдэхүүний экспортын гол урсгал нь хаашаа чиглэж байгаа бол?  

-Бас л чухал асуулт байна. Ер нь бол бидний зүгээс дотоодын зах зээлийнхээ өсөлтийг бий болгохоос гадна Төв Азийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох том зорилт тавьж байгаа. Үүнийхээ хүрээнд  2018 оны арванхоёрдугаар сард Шанхай хотод болсон Олон улсын “Дулаан тусгаарлагч материал”-ын үзэсгэлэнд амжилттай оролцсон. Манай бүтээгдэхүүний гол онцлог нь 100 хувь байгалийн чулуунаас гаргаж авсанаараа Хятад, ОХУ болон бусад орны ижил бараа бүтээгдэхүүнээс чанарын нэлээн өөр түвшинд үнэлэгддэг. Яагаад гэвэл, цэвэр чулуунаас гарсан хөвөн бол чанар стандартаараа ижил төстэй бусад эрдэс хөвөнгөөсөө нэг түвшин дээгүүр байдагт оршино. Хятадын чулуун хөвөн үйлдвэрлэгчид нь нийт эрдэс хөвөн үйлдвэрлэгчийнхээ нэг хувьд хүрдэггүй. Ихэнх нь шаарган хөвөн байдаг. Шаарган хөвөн гэдэг нь нэг ёсондоо хүнд үйлдвэрийн хаягдлаар хийсэн гэсэн үг. Энэ нь чулуун хөвөнгийн наад захын техникийн стандартуудыг хангаж чадахгүй. Тиймээс Хятад улс цэвэр чулуун хөвөнгийн импортын татвараа 20 хувиас 5 хувь болгож буулгасан нь өөрсдийн зах зээл дээр цэвэр базальтан хөвөнг импортоор оруулах сонирхлоо илэрхийлж байгаа том бодлого юм. Тус улсад энэ талын үйлдвэрлэл явуулах үйлдвэрийн өртөг нь өсөж, хэрэглээ нь өөрсдийнх нь бүтээж байгаагаас ч илүү эрэлттэй болоод байгаа л даа. Бидний тооцоогоор тус улсын зах зээл дээр эрдэс хөвөнгийн үнийн өсөлт жил болгон 30 хувиар өсөж байгаа бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байгаа юм. Тиймээс бид Хятад цаашилбал Төв Азийн зах зээл дээр үнээрээ ч, чанараараа ч өрсөлдөх, экспортлох том боломжийг харж  байгаа. Үүний хүрээнд Хятадын томоохон компаниудтай хамтран ажиллаж, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар гэрээ хэлцлүүдийг хийж эхэлсэн. Бид Төв Азийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлэх гол зорилго бол Ази тив, дэлхийн улс орнуудын өмнө тавигдаж байгаа нэг том сорилт болох хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний алдагдлыг багасгах, барилгын дулааныг алдагдлыг бууруулахад оролцох юм. Учир нь, тухайн улс орнуудын дулаан тусгаарлагч материалынх нь дотоодын үйлдвэрүүд энэ зорилтуудыг хангахад учир дутагдал,хомсдолтой байна. Харин манай бүтээгдэхүүний агуулга шинж чанар энэ зорилгод бүрэн нийцэж байгаа тул Хятад Улсын зах зээлд чулуун хөвөнгөө зөвхөн экспортлоод зогсохгүй, БНХАУ-ын Засгийн газар Парисын конвенцын хэлэлцээрээр Барилгын салбартаа эрчим хүч, дулааныг 20% хэмнэх үүрэг хүлээсэн зорилтыг биелүүлэхэд гол бүтээгдэхүүн болох бөгөөд үүний үр дүнд хүлэмжийн хийг багасаж, агаарын бохирдол буурч, байгаль орчинд эерэг нөлөөлөл авчрах тул Хятадын зах зээл дээр гарах бүрэн боломжтой юм. Нөгөө талаар тус улс импортоо нэмэгдүүлэх гэж гаалийн татвараа бууруулсан нь Азийн зах зээлд том ирээдүй бий болгож байгаа юм. Иймээс ч бидэнд одоо зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, технологийн шинэчлэл, боловсон хүчний сургалт,хөгжил гээд олон ажлыг хурдан, төгс төгөлдөр хийх л үлдлээд байгааг дурьдахад таатай байна.

-Танай бүтээгдэхүүнүүд өнөөдрийн стандарт, шаардлагийг сайн хангаж байгааг өөрөө дурдлаа.  Харин засч сайжруулах зэрэг асуудал гарч байгаа болов уу? 

-Тийм зүйл байхгүй шүү. Өнөөдрийн чанар стандартыг манай бүтээгдэхүүн 100 хувь хангаж байгаа. Бид  стандартаас давсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажилладаг учраас зах зээл дээр хэрэглэгчийнхээ хүлээлтээс давсан чанарыг бий болгодог.  Жишээлбэл, зарим төслүүд дээр галын хамгаалалт нь 20-30 минут хамгаалахаар,дулааны алдагдлыг 20 хувь бууруулна гэж техникийн ажлын даалгавартай тусгаж захиалдаг бол манай бүтээгдэхүүн дулаан,эрчим хүчний алдагдлыг 65 хувь бууруулах, галын тархалтыг 2-3 цаг хамгаалж чадна. Манай бүтээгдэхүүн ямар ч техникийн шаардлагыг давуулан хангадаг тул бид томоохон төслүүдэд ямар ч лобби, арын хаалгагүйгээр бүтээгдэхүүнийхээ чанар стандартаар шалгарч байна. Энэ нь зах зээл дээр тавьж байгаа  өнөөдрийн  хэрэгцээт техникийн шаардлагыг бүрэн хангаж байна гэсэн үг юм. Бид бүтээгдэхүүнийг сайжруулах, нэр төрлийг олшруулах, хэрэглэгчийн өртөг зардлыг бууруулах, орон сууцны тав тухтай байдлыг нэмэгдүүлэх зэрэг олон  туршилт, шинжилгээг эрдэмтэн,инженерүүдтэй хамтран судлан хийж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр тасралтгүй ажиллаж байгаа гэдгийг энд хэлчихэд илүүдэхгүй байх.   

-Өөрийн тань зүгээс шинэхэн инженер техникийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг хэрхэн үнэлж дүгнэдэг бол. Яг сайхан гар нийлээд ажиллаж чаддаг мэргэжилтнүүдийг өнөөдрийн дээд боловсролын систем бэлдэж, хангаж чадаж байна уу?  

-Энэ тал дээр сэтгэл жаахан дундуур явдагаа нуугаад яах вэ. Юу гэвэл манай салбарын тулгамдаж байгаа асуудал гэвэл их, дээд сургуулиуд хувийн хэвшил, үйлдвэрлэгчтэйгээ судалгаа, шинжилгээний ажлуудаар хамтарч ажиллах нь тун сул байдаг. Их, дээд сургуулиуд хувийн хэвшил, үйлдвэртэйгээ нягт хамтарч ажиллах, оюутнуудыг орчин үеийн хөгжил дэвшлийг холбож сургах тал дээр ихээхэн дутагдалтай байна. Харин ололттой тал нь хувийн хэвшлүүд бүтээгдэхүүнээ шинэчилж сайжруулдаг, өөрсдийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хүний нөөцөө чадавхжуулах тал дээр илүү анхаарч ажиллаж чадаж байна. Инженер хүний хувьд мэдээллийг бусадтай хуваалцах чадвар сайтай байх, өөрийгөө хөгжүүлэхэд цаг зав гаргах, судалгаа шинжилгээ хийж  мэдлэгээ байнга дээшлүүлэх, аливаа асуудлыг шийдвэрлэхэд хамтаараа хэлэлцэх,  тайлагнах зарчмаар хамтарч ажиллавал олон асуудлыг шийдэж болно гэж боддог. Түүнээс биш нэг хүн ганцаараа мундаг байлаа гээд асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг ойлгосон. Тийм учраас бусдаас байнга  суралцах, хүнтэй ажиллах чадвараа хөгжүүлэх,орчин үеийн сургалт, дамжаанд байнга явах, үйлдвэрийн дадлага туршлагыг тогтмол судлах зэрэг олон зүйлийг компанийхаа ахмад ажилтан нараас сурч мэдэж авч байгаа.

Тийм ч болохоор салбарынхаа тулхтай сайн мэргэжилтнүүд, бас Л.Ариунболд захирлынхаа ажлын их туршлага, мэдлэг чадвараас нь бага ч болтугай сонсож, сурсан мэдсэнээ баяжуулж, мэдлэгээ ахиулахын тулд Монголын Барилгын Үндэсний ассоциацын 10 жилийн ойд зориулсан өнөөдрийн форумын ажиллагаанд захиралтайгаа хамт оролцож байгаадаа сэтгэл их өндөр байна.

-За өөрт чинь ирээдүйн их амжилт, танай “Монгол базальт” компанийн хамт олонд ч сайн сайхныг хүсч ярилцлагаа өндөрлөж байна?

-За их баярлалаа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.