Хан-Уул дүүргийн Иргэний хамгаалалтын сургуулилт амжилттай үргэлжилж байна

Twitter Print
2019 оны 04-р сар 26-нд 10:42 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Харин өчигдөр өглөө 07.30-09.30 цагийн хооронд нийслэлийн авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хааж,  60 цэгт байршуулсан зарлан мэдээллийн дуут дохио 08.00 цагт дуугарснаар иргэд  өөрт ойрхон цуглах талбайд гарч болзошгүй гамшгийн үед яах ёстой  талаарх ойлголтыг авч байсан билээ.

Мэдээж ард иргэд учирсан аюулын үед хэрхэн яаж биеэ хамгаалах, бусдад хэрхэн тус нэмэр болох зэрэгтэй газар дээр нь танилцсан нь ойлгомжтой. Ер нь бол газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл учирсан үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт энэ сургуулилт тун амжилттай үргэлжилж байгаа юм.

Өнөөдөр өглөөгүүр нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, хотын удирдлагын баг буюу Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны “Морин тойруулга”-ын талбайд зохион байгуулагдсан дүүргийн иргэдийг нүүн шилжүүлэлтэд биечлэн оролцож, үүрэг өгсөн юм.

Энэ талбайд Хан-Уул дүүргийн 500 гаруй иргэнийг нүүн шилжүүлж, бэртэж гэмтсэн тохиолдолд үзүүлэх эмнэлгийн анхны тусламжаас эхлээд хоол хүнсээр хангах зэрэг гамшиг, ослын үед иргэдэд шаардлагатай бүхий л үйлчилгээ үзүүлсэнийг дурдууштай.

Мөн иргэдийг хээрийн нөхцөлд амьдруулах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлснээс гадна ариун цэврийн байгууламж, банкны үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн бүх үйлчилгээг энд төвлөрүүлж иргэдэд үйлчиллээ. Үүнд төрийн бус байгууллагууд болон сайн дурынхан ирж иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж, хүнсээр хангах үйлчилгээг ч цогцоор нь шийдсэн, онцгой хүчний байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан нь онцлог байлаа.

Энэ үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангаас жаахан тодуурлга авбал “Манай дүүргийн хэмжээнд 500 хүнийг нүүлгэн шилжүүлэх байрыг бэлтгэсэн. Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, сайн дурын байгууллагынхны оролцоог бүрэн хангасан. Яаралтай тохиолдолд энэ хэмжээний нүүн шилжүүлэх байрыг 24 цагийн дотор босгох боломжтой. Хамгийн гол нь эдгээр гамшигт бэлэн байх шаардлагатай зүйлүүдийг цогцоор нь шийдэж, бэлтгэл ажлыг бүрэн хангасан явдал нь гамшигт явдалд тохиолдлоо гэхэд бэлтгэлтэйгээс гадна нөөцөө бий болгож авсан нь бидний давуу тал байгаа юм. Гэнэтийн гамшигт бэлэн байдал, бэлтгэл ажил хамгийн чухал” хэмээсэн юм.

Газар хөдлөлт гэх зэрэг гэнэтийн гамшгийн үеэр ард иргэдийг нүүлгэн шилжүүлж байрлуулах энэхүү талбай дээр Хаан банк болон Улаанбаатар банкууд санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, явуулын АТМ ажиллаж банкны цогц үйлчилгээг газар дээр нь иргэдэд үзүүлж байлаа. Мөн Скайтел үүрэн телефон  харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн үйлчилгээг үзүүлж иргэдийг гэр бүлийн бусад гишүүдтэйгээ холбогдох нөхцлийг бүрдүүлсэн нь онцлог байлаа. Түүнчлэн хоол хүнсний хангамжийн асуудлыг мөн шийдэж ажиллаж байсныг ч онцлох хэрэгтэй болов уу.

Тус үйл ажиллагааны нөхцөл байдалтай танилцсан удирдлагын багийнхан хариуцлагатай ажилласаныг онцолсноор гамшгаас хамгаалах үйл ажиллагаа үдээс хойш Танхимын команд штабын дадлага сургуулилтаар үргэлжлэх ажээ.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.