Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 7 албан тушаалтанд хариуцлага тооцно

Twitter Print
2019 оны 04-р сар 25-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

АТГ-аас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцлоо.

Дархан-Уул аймгийн цэцэрлэгүүд 132.8 сая төгрөгийн хандив цуглуулсан асуудлыг шалган тогтоож албан шаардлага хүргүүлэв

АТГ-ын ажлын хэсэг ИХЗ-ийн гишүүдийн хамт иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Дархан-Уул аймгийн боловсролын салбарын худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэл, үр дүн, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг хянан шалгав. Энэ хүрээнд тус аймгийн төвийн нийт 18 цэцэрлэг, 9 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, хандив тусламж болон худалдан авах үйл ажиллагааны нөхцөл байдлыг газар дээр нь хянан үзлээ.

Дархан-Уул аймгийн цэцэрлэгүүд нь хүүхдийн хоол, хүнсний материал бэлтгэх, худалдан авах үйл ажиллагааг явуулахдаа босго үнийн дүнгээс хамаарч харьцуулалтын арга болон нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай жилд дунджаар 30-120 сая төгрөгийн худалдан авалтыг шууд гэрээ байгуулж явуулсан байна. Нэр бүхий цэцэрлэгүүд 2017-2018 онд эцэг, эхчүүдээс нийт 132,821.115 төгрөгийн хандив авчээ. Зарим сургуулийн захирал, нягтлан бодогч нар 2018 онд ажлаас чөлөөлөгдсөн, ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлүүлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэх зөрчлийг гаргасан.

Дээрх зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, цаашид холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллах талаар АТГ-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад албан шаардлага хүргүүлэхээр тогтов.

Төрийн албан тушаалтнуудын ХОМ-ийг нийтэд мэдээлж байна

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 онд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг цахим сүлжээнд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэн, иргэдийн мэдээлэл авах боломжийг хангаж байна.

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэх мэт нийт 41 байгууллагын 17600 гаруй мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын http://xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

Цаашид батлагдсан хуваарийн дагуу нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, зарим яам, агентлагийн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулах болно.

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 7 албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлагатай

Нийт 28 албан тушаалтны ХАСХОМ-т төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан байна. Хяналт шалгалтаар 7 албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2, 13.8.3-т заасны дагуу тус тус хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн байна.

ХАСХОМ-ээ зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудыг нэр дурдвал: 

  • Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ ХНН-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Эрдэнэчимэг

  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын Мэдээллийн сан, програм хангамжийн хэлтсийн дарга П.Нэргүй

  • “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярцогт

  • “Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ-ын орлогч захирал Д.Дэлгэрбаяр

  • Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Туяа

  • Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Батбаяр

  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргал нар болно.

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 49 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2019 оны 4 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 68 гомдол, мэдээллийг хүлээн авсан, 49 өргөдөл, гомдлыг мөн хугацаанд хянан шийдвэрлэсэн байна. Одоо ажиллагаанд 66 гомдол, мэдээлэл хянан шалгагдаж байна.  

Хариуцлага тооцуулсан байдал: Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд дараахь албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна. Үүнд: 

  • Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Солонгод Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу албан тушаалаас халах

  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ИТХ-ын дарга Р.Батжаргалд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-т заасны дагуу сануулах

  • Сэлэнгэ АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ганболд

  • Завхан аймгийн Асгат сумын цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэг нарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээг гурав хүртэл сар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Энэ сард 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу харъяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажиллав.

Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 4 дүгээр сард гэмт хэргийн шинжтэй 72 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 25 гомдол, мэдээлэл буюу 34.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 14 гомдол, мэдээлэл буюу 19.4 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 31 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 56.9 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 72 гомдлын 43 буюу 59.7 хувийг Улаанбаатар, 29 буюу 40.3 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 4 дүгээр сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 444 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 13 буюу шалгасан хэргийн 2.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 47 буюу шалгасан хэргийн 10.6 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 8 буюу шалгасан хэргийн 1.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 376 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 321 хэрэг, мөрдөн байцаалтын 55 хэрэг байна.

АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн зарим хэргүүд:

  • "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газраас хэрэгжсэн худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж  нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж хахууль авсан 

  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгон их хэмжээний  хээл хахууль авсан

  • Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх /хуучин нэрээр/-ийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д нь иргэний хэрэг шийдвэрлэх явцдаа өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан бусдаас хахууль авсан

  • Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын  тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны эрх бүхий албан тушаалтнууд нь албан үүрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж техникийн шаардлага, тендерийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх тухай гэрээг байгуулж бусдад давуу байдал бий болгосон хэргүүдийг харьяалах прокурорын байгууллагад шилжүүлээд байна.

Эх сурвалж: АТГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.