Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Twitter Print
2019 оны 04-р сар 24-нд 16:01 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийхээр Бээжин хотод хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү айлчлалынхаа дараа үргэлжлүүлэн дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод зохиогдох “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад урилгаар оролцох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн Төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Ингээд энэ удаагийнхаа төрийн айлчлалыг залгуулаад “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцож, үг хэлэх бөгөөд тэрхүү үгээрээ Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшилд дорвитой нөлөө үзүүлэх, хоёр хөршийг дамжсан төмөр замын тээвэр, мөн Олон улсууд руу чиглэсэн агаарын тээврийн шинэ нисэх буудалтай болж байгаа талаараа ч олон орны  төрийн тэргүүнүүдэд хандан мэдээлэл өгөх болов уу.

2018 оны 9-р сард, Хятад улсын дарга Ши Жиньпин Владивостокт Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзалт хийж байсан. Тухайн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улс "Нэг бүс нэг зам" санаачлагад идэвхтэй нэгдэж Хятад улстай худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэн, Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорын байгуулалтыг түргэтгэн, тус бүс нутгийн хөгжлийг ахиулахын төлөө байна гэжээ.

Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Монгол улс бол "Нэг бүс нэг зам" санаачлагын эхний гарааны улс, мөн төслийг дэмжсэн анхдагч улс орны нэг юм. Хятад улсын "Нэг бүс нэг зам" санаачлагатай уялдуулан Монгол улс 2014 онд "Талын зам" төслийг эхлүүлж байсан бол 2017 онд энэхүү ажил нь "Хөгжлийн зам" болон шат ахижээ.

2016 оны тавдугаар сард, Монгол улсад Хятад улсын стандартаар тавигдсан анхны хүрдны зам ашиглалтад орж байсан бөгөөд тус зам нь Монгол улсын нийслэл Улаанбаатарыг шинэ нисэх буудалтай холбосон зам гүүрийн онцлох бүтээн байгуулалт юм. Мөн энэ нь Монгол улсад хурдны замын байгуулалтын шинэ хуудсыг сөхсөн үйл хэрэг гэж хэлж болно.  

Тэгээд ч өмнөд хөршийн Ерөнхийлөгч Ши Жиньпиний санаачлагаар хэрэгжиж байгаа “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний энэхүү уулзалтаар нийтдээ дэлхий дахин руу чиглэсэн бүх төрлийн тээвэрлэлтийг эрс сайжруулах, цоо шинэ чиглэл, замын маршрут гаргаж ирэхээр ихээхэн том зорилго, бодлого дэвшүүлээд байгаа БНХАУ-ын цоо шинэ гадаад бодлогын талаар ОХУ болон Ази тивийн олон улс орнууд ямархуу бодлого чиглэл, төлөвлөгөөтэй байгаа нь энэхүү хоёр дахь удаагийн дээд түвшний уулзалтаар нэлээн дэлгэрэнгүй тодорхойлогдох нь ойлгомжтой юм.

Харин өмнөд хөршийн удирдагч Ши Жиньпиний санал дэмжлэгээр дэлхий нийт, ялангуяа Ази тив рүүгээ нэлээн гүнзгий нэвтрэх, бүх төрлийн тээвэрлэлтийг эрс нэмэгдүүлэхээр зорьж байгаа өмнөд хөршийнхөө “Бүс ба зам” хэмээх энэхүү томхон бодлогыг Монгол Улс хэрхэн дүгнэж, ямархуу байдлаар оролцох сонирхолтой байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлэх үгнээс зарим талаар нэлээн тодорхой  болох бизээ.

Айлчлалын хүрээнд өнөөдөр БНХАУ-ын Дяоюйтай төрийн ёслол, хүндэтгэлийн цогцолборт тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Бараалхалтын эхэнд ноён Ли Көчян БНХАУ Монголын талтай найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг чухалчилж ирснийг цохон тэмдэглээд “БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа нь хоёр улсын хувьд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шинэ боломж хэмээн харж байна” гэсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар хийж буй Төрийн айлчлал нь Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний 25 жилийн ой тохиож буйгаараа онцлог болж байна. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцох гэж буйдаа баяртай байна. Халуун дотно хүлээн авч буйд баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийнэ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.