АНУ-ын Ираны газрын тосны экспортод тавьсан хориг Азийн орнууд хамгийн их хохирол авчирна гэлээ

Twitter Print
2019 оны 04-р сар 24-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

АНУ Иранаас газрын тос импортлодог бүх улс орнуудын эсрэг хориг арга хэмжээ авахаар болсоноор Иранаас газрын тос импортлогч Азийн томоохон улс орнууд цаашид хаанаас газрын тос импортлохоо шийдэх үлдээд байна. Ираны газрын тосны экспортыг зогсоох нь Хятад, Энэтхэг зэрэг улсад хамгийн ихээр нөлөөлөхийг мэргэжилтнүүд онцолж байна.

Дэлхийн газрын тосны нийт хэрэглээний 35 хувийг Азийн улс орнууд эзэлдэг билээ. Иранаас газрын тос импортлодог байсан Итали, Грек, Тайван зэрэг улс өнгөрсөн жилийн 11-р сараас хойш Иранаас газрын тос худалдан авахаа больсон талаар Олон улсын Эрчим хүчний агентлагаас мэдээлжээ. БНХАУ, Энэтхэг болон БНСУ одоог хүртэл Иранаас газрын тос импортлосоор байгаа юм.

Цагаан ордноос өнгөрсөн даваа гарагт АНУ, Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират улс “дэлхийн газрын тосны зах зээлийг газрын тосоор жигд хангах” болно хэмээн мэдээлсэн ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “хэлэх нь хийхээсээ илүү амархан” аж.

Өнгөрсөн 3-р сарын байдлаар Иран дангаараа өдөрт 1.4 сая баррель газрын тос экспортлож байсан ба АНУ энэ тоог тэг болгохоор зорьж байгаа юм. Facts Global Energy компанийн Ойрх Дорнодыг хариуцсан захирал Иман Нассеригийн хэлж байгаагаар Ираны газрын тосны экспортыг зогсоосон тохиолдолд Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират улс өдрийн 1 сая хүртэл баррель газрын тос нэмж экспортлох боломжтой бол АНУ-ын хувьд өнгөрсөн жилээс газрын тосны олборлолт нь тасралтгүй нэмэгдсээр байгаа юм.

Америкийн эрх баригчид Иранаас газрын тос импортлосон бүх улс орнууд хориг арга хэмжээнд орохыг анхааруулаад байгаа ба зарим орнууд үүнийг таатай хүлээж аваагүй юм. Бээжин болон Туркийн зүгээс энэхүү шийдвэрийг буруушааж буйгаа илэрхийлсэн бол БНСУ-ын зүгээс газрын тос боловсруулах үйлдвэрүүд нь зөвхөн Ираны газрын тосыг боловсруулахад зориулагдан баригдсан болохыг онцолжээ.

Image result for Asia will feel the pain if US sanctions shut down Iran's oil exports

АНУ-ын шийдвэрийг дагаагүй улс орнууд хатуу үр дагавар амсана гэдгийг анхааруулсаар байгаа ба АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээ нь улс орнуудын худалдааны урсгал, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар, дотоодын валют болон эдийн засагт нь сөргөөр нөлөөлөх болно хэмээн хөрөнгө оруулалтын AJ Bell компанийн захирал Расс Моулд дурдсан байна.

АНУ-ын зүгээс Ираны эсрэг хориг арга хэмжээгээ Иран улс цөмийн хөтөлбөрөө зогсоох хүртэл үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Энэтхэг, Хятадын хувьд Ираны газрын тосыг импортлохоо больж, өөр газраас газрын тос өндөр үнээр худалдан авах нь эдийн засгийнх нь өсөлтөд гарцаагүй нөлөөлнө хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: https://edition.cnn.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.