Ким Жон Ун Владимир Путинтай уулзахаар эх орноосоо мордлоо

Twitter Print
2019 оны 04-р сар 24-нд 09:52 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалт хийхээр замдаа хувийн хуягласан галт тэргээрээ ОХУ-ыг зорин хөдөлсөн байна.

Энэхүү уулзалт хоёр удирдагчийн анхны дээд хэмжээний уулзалт болох юм. Кремлийн мэдээлж буйгаар тэд маргааш Владивосток хотод уулзах бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хэлэлцэнэ.

Ким АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хоёрдугаар сард Вьетнамын Ханойд хоёр дахь удаагаа уулзсан ч Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн талаар хэлэлцээрт хүрч чадаагүй юм.

“Ким ОХУ-ын эрх баригчдаас дэмжлэг, тусламж авах шаардлагатай болсон тул тус улсад айлчилж байна” хэмээн шинжээчид үзжээ.

Путины гадаад бодлогын туслах Юри Ушаков “Солонгосын хойгийн нөхцөл байдал сүүлийн хэдэн сар тогтворжсон. ОХУ энэ асуудалд эерэг үр дүн гаргахын төлөө шаардлагатай бүх замаар туслахыг хичээх болно” гэв.

Хэдийгээр хоёр удирдагчийн дээд хэмжээний уулзалтыг цаг, байршлыг албан ёсоор зарлаагүй байгаа ч Владивосток хотод аль хэдийнэ хоёр улсын тугнуудыг байрлуулсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт энэ пүрэв гарагт буюу энэ сарын 25-нд Владивосток дахь Ойрх Дорнодын холбооны их сургуулийн байранд болно. 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хувийн хуягт галт тэргээрээ өнөөдөр ОХУ-д хүрэлцэн ирэх ба түүнийг 230 хүнээс бүрдсэн баг дагалдан яваа юм. Айлчлалынхаа үеэр тэрээр Ойрх Дорнодын Холбооны их сургуулийн кампус дахь люкс зэрэглэлийн өрөөнд байрлах гэнэ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны айлчлал болон төрийн дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор их сургуулийн ойр орчмын хамгаалалтыг өндөржүүлсэн байна. 

Здание Дальневосточного федерального университета

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх уулзалтынхаа дараагаар Бээжинд болох “Бүс ба Зам” олон улсын чуулга уулзалтыг зорих бол Хойд Солонгосын удирдагч Владивостокт үлдэж, 2002 онд түүний аав Ким Чен Ирийн Владивостокт айлчилж байхдаа үзэж сонирхож байсан дурсгалт газруудаар явах гэнэ.

Эх сурвалж: BBC, https://ria.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.