Усны үнэ литр тутамд 9-20 мөнгөөр нэмэгджээ

Twitter Print
2019 оны 04-р сар 24-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан өнгөрсөн сарын 29-нд болжээ. Хурлаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг, Налайх дүүргийн хэрэглэгчийн усны үйлчилгээний тарифыг өөрчилсөн байна.

Усны үйлчилгээний зардалд зайлшгүй нөлөөлөх хүчин зүйлсүүд байдаг аж. Эдгээр нь валютын ханш, инфляци, дулаан, цахилгаан, эрчим хүчний тариф, хөрөнгийн зардлын өсөлт юм. Эдгээрээс шалтгаалан тарифын зохицуулалт хийх шаардлага үүсчээ.

Улаанбаатар хотын хэрэглэгчийн 1 литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус 9 мөнгөөр, бохир ус 11 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдүүлсэн байна. Шинэ үнийг ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр боллоо.  

Налайх дүүргийн хэрэглэгчийн 1 литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус 10  мөнгөөр, бохир ус 10 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 10 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдүүлэн  2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлнэ гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс мэдээлэв.

Өрхүүд сар бүр усны суурь хураамжид 2500 төгрөг төлдөг. Одоо хүчин төгөлдөр байгаа тарифаар цэвэр ус нэг литр нь 0.62, бохир усных 0.47 төгрөг байгаа юм.  

Цэвэр усны хэмжээ нь халуун, хүйтэн усны нийлбэрээр тооцогддог бол бохир усны хэмжээ нь цэвэр усны хэмжээтэй тэнцүү байна гэсэн зарчмаар усны хэрэглээг тооцдог.  

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.